Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ. Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж байдал болон нийслэлийн өөрчлөлтийг 5 үечиллээр харуулсан байна. Мөн 1874 онд Богдын шар ордны зүүн талаас авсан ховор зургуудыг ч тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн түүхийг сэргээсэн зургуудыг тухайн үед Монго Улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авчээ.
а Эсгий гэр, модон хашаагаар эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн замналыг туулсан бэ гэдгийг явуулын үзэсгэлэнд дэлгэгдсэн сонирхолтой гэрэл зурагнаас харах боломжтой юм. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэн буюу Central tower-ийн урд хэсэгт байрлаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.