Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллагыг байгуулахаар боллоо

“Өдрийн сонин”-ы байр­ны бүх цонхыг хааж “Астра интернэшнл” компанийн “Астра бьюлдинг” үйлчилгээ, орон сууцны барилга бариг­даад даруй дөрвөн сар болж байгаа тухай бид удаа дараа мэдээлж байгаа билээ. Тус барилгыг баригдаж эхэлсэн цагаас эхлэн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах бидний эрх зөрчигдсөн юм. Тиймээс ч манай байгууллагын зүгээс уг асуудлыг шалгаж нягтлан, шийдвэр гаргах түвшний төрийн бай­гуул­лагуудад шат дараал­ан хандаж ирлээ. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, энэхүү орон сууц нь манай сонины байрнаас цонхтой талаараа найман метрийн зайд баригдаж байгаа нь Монгол Улсын барилгын тухай болон Орон сууцны тухай хуульд заасан “2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой” гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчиж байгаа талаар хэлж, мэдэгдэн албан бичиг өгсөн билээ. Улмаар энэхүү хууль зөрчин барьж буй “Астра бьюлдинг” барилгыг нураах хүртэл арга хэмжээг авах шаардлага тавьсан. Гэтэл сар гаруйн өмнө ханд­сан энэхүү албан ёсны бичиг баримтын хариуг өнөөг хүртэл өгөхгүй байсаар байна. Бид­ний зүгээс долоо хоног бүр очиж, албан бичгийнхээ хариуг авахыг хүсэх болгонд “Танайхтай ижил олон барилга бий. Тэгээд ч танай хариуг өгөх хуулийн хугацаа болоогүй” гэсэн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хот байгуулалтын хяналтын байцаагч н.Ганбат өгдөг юм.

Өчигдөр гэхэд түүнтэй уулзахаар Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газарт очсон боловч тус газрын барил­га хариуцсан бүх мэргэ­жилт­нүүд Мэргэжлийн хянал­тын ерөнхий газар дээрээ сургалттай байгаа гэх шалтгаанаар нэг ч хүн байсангүй. Ер нь энэ мэт байдлаар хариуцах төрийн байгууллага нь цаг хожиж өгч, энэ хооронд авлига өгсөн барилгын компани нь ажлаа үргэлжлүүлдэг жишиг манайд нэгэнт тогтсон бололтой.

Тиймээс бид эхлүүлсэн ажлын­хаа эцсийн үр дүнг үзэх зорилготойгоор “Өдрийн сонин”-ы хамт олон “Цонхоо нээцгээе” төрийн бус байгуул­лагыг байгуулахаар боллоо. Энэхүү байгууллага нь ажлын байр, амьдрах гэрийнхээ цонх, хаалгыг таглуулан барил­­га бариулж, эрх нь зөрчиг­­дөж буй хувь хүн, албан байгуул­лагуудад үргэлж нээлттэй ажиллана. Учир нь манай сонины байр бол уг асуудлын зөвхөн нэг жишээ билээ. Манайх шиг олон бай­гуул­лага, хувь хүн хаана хан­даж, асуудлаа хэрхэн шийд­вэрлүүлэхээ мэдэхгүй яваа. Эрхээ зөрчүүлсэн иргэд бид ингэж нэгдсэнээр тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчим­жүүлэн шийдвэр гаргах түвшний төрийн бай­гуул­лагуудыг хариуцсан ажлаа хийхийг шаардаж, тус бүртээ тодорхой үр дүнд хүрэх юм.

Манай байгууллагын хувьд цонхоо таглуулсан талаараа шат дараалан холбогдох байгууллагад хандаж байгаа тухайгаа дээр дурдсан. Түүгээр ч зогсохгүй манай сонины зүгээс уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хот байгуулалтын улсын ахлах байцаагч Б.Хашчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Монголын хуульчдын холбоо­ны гишүүн, өмгөөлөгч Ч.Баднай­нямбуу болон цонхоо таглуулан барилга бариулж буй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны “Олимп 9” байрны “Шилэн пирамид” СӨХ-ны дарга М.Алтанцэцэг болон тус байрны иргэд оролцож байсан билээ.

Энэхүү хэлэлцүүлэгт оролц­сон төрийн байгуул­лагуудын төлөөлөл, мэргэ­жилтнүүд тус байрыг хууль зөрчин барьж байгааг хүлээн зөвшөөрч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн шийдэлд хүрч байв. Гэтэл өнөөдөр асуудлыг яг шийдвэрлэх шатан дээрээ огт хэрэгжүүлэхгүй байгаа нь манай албан бичгийн хариуг өгөх­гүй байгаагаас харагдаж бай­на. Тиймээс манай “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага өөрийн болоод уг хөдөлгөөнд нэгдсэн хүмүү­сийнхээ эрх ашгийг хамгаа­ла­хын төлөө тууштай тэмцэх болно.

Т.ГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *