Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

У.Мижиддорж арслангийн удмыг залгаж яваа Ч.САНЖААДАМБА ЗААНЫХ

“ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ЯАЖ БӨХ БОЛДОГ ЮМ”

“Хоёр бөхийн барилдаан жаахан маргаантай боллоо. Удахгүй хөлийн цэц шийдвэрээ гаргах байх” хэмээн дуун цацруулагчаар бөхийн тайлбарлагч хэлж байсан 2011 оны Үндэсний их баяр наадмын долоогийн давааг хүмүүс мартаагүй байх. Төд удалгүй “Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангалаа” гэхэд цэнгэлдэх даяараа босоод ирэх шиг болсон. Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн “Аранзал улаан” хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан”-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа Монгол Улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбынд өнжлөө. Тэрбээр энэ сарын 18-нд Өмнөд Монголд болсон “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд иржээ. Түүнтэй уулзахаар Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд очив. Чөлөөтийн зааланд цамцнаасаа эхлээд нэвт хөлөрсөн заанд З.Дүвчин багш нь “Санжаа наад баруун ташаагаа жаахан шахаад өг. Ухайс даа” хэмээн хэлэх нь сонстоно. Санжаа заан Дүвчин багшийнхаа хамтаар бэлтгэлээ хэдийнэ эхэлжээ. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий” гэдгийг сануулж байсан удаатай. Одоо ч гэсэн багшийнх нь хэлсэн үг ой тойнд нь үлдсэн тухай Санжаадамба заантай өмнө нь уулзахад хэлж байсан юм. Чөлөөтийнхний хөлс үнэртсэн бүгчим зааланд гурван цаг орчим бэлтгэл хийгээд гарч ирэв. “Дүвчин багш одоо болтол танд яг л жаахан хүүхдэд мэх зааж байгаа юм шиг заах юм аа” гэхэд “Багшаас сурах юм их шүү дээ. Бид чинь алдаа дутагдал ихтэй шүү дээ” гэсээр хөлс нэвчсэн цамцаа тайлан хувцсаа солив. Бэлтгэлээ дууссаны дараа “Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таун руу явнаа хө, манайх тэнд байдаг юм” гээд хөдөлцгөөлөө. Зааны гэрийн хаалгаар оруут чамин хийц бүхий камин зуух байх. Дээд талд нь гэр бүлийнхээ зураг болон Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалгын цайллагын урилга байх юм.

Харин дээд талд нь Н.Энхтүвшингийн зурсан цэргийн хурц арслан цолтой Ч.Санжаадамбын туг тойрохооор гүйж яваа хөрөг зураг өөрийн эрхгүй хараа булаалаа. Ямартай ч залуу насаа хөрөг зурагт буулгажээ гэхэд “Харин тийм. Энэ зургийг хүн бэлэглэсэн юм. Одоо ч би залуу л байгаа биз дээ” хэмээн инээмсэглэн зоогийн ширээнд урилаа.

Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гантулгын аав Норов гуайнхтай Хөшөөтийн голд айл аймаг явж иржээ. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт юм байна. Тэрбээр богино долгионы радиод сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж байсан гэлээ. “Манай хүн чинь бэлтгэл сургуулилт гээд завгүй байдаг болохоор ар гэрийн ажлаа амжуулахын тулд мэргэжлээрээ ажиллахаа больчихсон юм аа” гээд том алаг нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ. Харин залуу зааны хувьд эхнэрийгээ мэргэжлээрээ ажиллана гэх юм бол ажиллуулах бодолтой байгаагаа нуусангүй. Бидний хооронд ийн яриа өрнөж байх зуур хүү Өсөхжаргал нь хаалганы цаанаас шагалзсанаа буцаад гүйчихэв. Санжаа заан “Миний хүү агаа нартай яагаад мэндлэхгүй байна. Аавдаа хүрээд ир” гэлээ. Өсөхөө хүү ч аавынхаа үгэнд сайн ордог бололтой. Гэрийн эзэгтэй Б.Солонго “Хүүгийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн” гэлээ. Хүү Өсөхжаргал нь Сант сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Манай хүү их бүрэг. Ганцаараа байгаад сурчихсан юм шиг байна. Одоо дүү нэхээд амар заяа үзүүлэхээ байлаа гээд инээмсэглэнэ. Өсөхжаргал аавынхаа яриан дундуур орж “Сургуульд орсон гоё байна. Онц сурнаа” гээд хүүхэлдэйн киногоо үзэхээр өөрийнхөө өрөө рүү гүйчихлээ. “Цайгаа ууцгаа. Наана чинь хүйтэн адууны мах байна, цохиод өгнөө хө” хэмээн Санжаа заан хоолонд уриалан дуудав. “Махгүй л бол бараг энэ гэрт дайн зарлах нь холгүй шүү дээ” хэмээн зааныг хэлэхэд гэргий Б.Солонго нь “Манай хүн чинь үргэлж л мах ярьчихдаг. Хааяа ногоо ид гэхээр жишүү хараад суучихдаг юм” гээд заан руу нүдээ нэг том болгож хараад инээмсэглэв. Санжаа заан би чинь хэлд орохоосоо өмнө бараг маханд орчихсон юм аа гэнэ.

“АХ НАР БАЙХАД ДАРУУЛГАТАЙ ӨСДӨГ ЮМ ДАА”

Зааных гэрээ цэцгээр чимжээ. Гэрийн эзэгтэй эгчээсээ цэцэг тарих аргыг сурсан. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүн чинь гэртээ ийм л зүйл хийх юм байна шүү дээ гээд цонхны тавиурын наад талын цэцгүүд рүүгээ заав. Санжаадамба заан “Ах нараас нэг барилдаад байсан хүн байхгүй. Том ах л багадаа ганц нэг сумын наадамд барилдаж явсан” гэдгээ ярьсан юм. Миний хувьд хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Түүндээ хөтлөгдөөд л өнөөдрийг хүртэл сайхан барилдаж түмэн олноо баясгах юм шүү гэж хичээх л юм байна шүү дээ гэнэ. Аавын талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. Ингээд бодохоор яах аргагүй бөхийн удамтай гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. Тэрбээр “Одоо ч хөдөө барилддаг хүүхэд харагдахгүй юм. Мань мэтийг бага байхад ёстой тачигнатал барилдаад ханзархай дээлтэй нөхдүүд л гүйж явдаг байлаа. Гэрийнхэндээ загнуулах маягтай өслөө” гээд инээмсэглэв. Түүний хувьд айлын бага тул эрх танхи өсчээ. Гэхдээ эрх байлаа ч задарч өсөөгүй юм шүү. Айлын отгон эрэгтэй хүүхэд хэдий эрх байсан ч ах нар байхад даруулгатай өсдөг юм даа гэв. Санжаадамба заан таван хүүхэдтэй айлын бага юм байна. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Ч.Чимэдрэгзэн гуай “Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно” гэж ярьдаг байжээ. Хүрэлбаатар начин аавтай нь найз байсан тул том ахыг нь л бөх болгох сонирхол ихтэй байсан гэнэ. Харин Санжаа зааныг “Энэ эрхийн балай яаж бөх болдог юм” гэж цаашлуулдаг байж. “Хүрлээ ах манайд их ирнээ. Аавтай даалуу их тоглодог байлаа. Тэдний даалуу тоглохыг харсаар байгаад даалуучин болсон хүн дээ, би” гээд инээх аж.

Энэ зун манай нутгаар ширүүхэн юм болсон тухай нутгийнхан ярьж байсан гэдгийг дурсаад Ч.Санжаадамба заан 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлээ бараадан ирж байснаа дурсав. Зэвэгийн Дүвчин гэж олон юм нуршаад байхгүй ч шавь нартаа байгаа бүхнээ заадаг “бөхийн сэтгэлтэн” бий. Анхлан түүнд шавь орж бэлтгэл сургуулилт хийдэг байж. Дүвчин багш 2005 онд Замчин спорт хорооны дасгалжуулагч болсноор тасралтгүй бэлтгэлээ хийж эхэлжээ. Өмнө нь бэлтгэл хийх заал танхим олдвол багштайгаа хааяа бэлтгэл хийдэг байсан гэнэ. Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. “Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй” гэдгийг хэлжээ. Тэгж л бөх болохоор хотод ирсэн юм даа гээд инээмсэглэв. Зааны хувьд багадаа Хашаат сумынхаа сургуулийг дүүргэсэн юм байна. Багадаа сургуулийнхаа хүүхдүүдийг гаргадаггүй байв уу” гэхэд “Хэцүү шүү дээ. Хүүхдүүд л болсон хойно өгөө аваатай л барилддаг байсан. Нэгнээсээ илүү цоролзоод гараад ирнэ гэж байхгүй” гээд аятайгаа цайгаа оочив. Заан багаасаа барилдаж эхэлсэн ч тэмцээн уралдаанд орж байгаагүй гэнэ. Хуучин “Хасар” клуб гэж байхад дасгалжуулагчаар нь З.Дүвчин багш нь ажиллаж байжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хасар” клубийн нэр дээр барилдаж гурвын даваанд өвдөг шороодсон юм байна. “Бага байхад том биетэй хүүхэд тийм ч сайн барилддаггүй байж. Ямартаа л өөрөөсөө жижиг биетэй хүүхдэд унаж байхав дээ” гэв. Биднийг ийн ярилцаж байхад гэргий Б.Солонго “Та нар адууны мах, буузаа идэж байна уу” гэхэд заан “Идэхгүй байнаа, энэ нөхдүүд” хэмээн хов хүргээд авлаа. Тайландад авахуулсан зураг хоолны ширээний баруун талд өлгөөтэй байхыг хараад гэр бүлээрээ явсан болохыг түвэггүй ойлгов. Заан хэр баргийн хүний гарт багтахааргүй шахам ланжгар мана хөөрөг гаргаж ирж тамхилсан юм. Манай гэрэл зурагчин Г.Лхагвадорж “Би нэг сайхан тамхилчихъя” гээд хамрын тамхинаас нь эрхий долоовор хурууныхаа завсарт дориухан аваад хамартаа хүргэн ёстой л сэтэртлээ найтаагаадахав. Санжаа заан “Ээ, тийм багаар яах юм бэ” гээд өөрөө ч тамхилах шиг л болов.

Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА ШИГ МӨРТЭЙ БОЛОХ ГЭЖ ХОЁР ШУУДАЙ ЦАС ҮҮРЭЭД ГҮЙДЭГ БАЙЛАА

Тэрбээр суманд барилдаж байсан тухайгаа ийн ярив. “2002 онд манай суманд залуучуудын чуулга уулзалт болж бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн юм” гээд тэр жил ер нь гайгүй байсан хэмээн тодотголоо. Сумынхаа наадамд шөвгийн наймд үлдээд Өвөрхангайн Хархорины аймгийн заан Хадын Болдод ууцаараа тэврүүлээд унаж байсан. Сумын наадмын дараа хөдөө морьтой давхиж явтал нутгийн хэдэн ах нар Гурванбулагийн наадамд барилдах гээд явж байхтай таарчээ. Тэгээд л ах нартайгаа хамт Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон гэнэ. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж байснаа дурссан юм. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байж. “Тэгээд Сумъяа аварга шиг болж чадав уу” гэхэд “Яаж чадах юм. Тэр чинь хүүхдийн мөрөөдөл байсан юм” гээд хүүхэд шиг ичингүйрч байх юм.

Зааныг барилдааныхаа тухай ярихгүй юу гэхэд харамсмаар барилдаан их ч хийж байлаа. 2009 онд одоогийн улсын начин Б.Суманчулуунд, дараа жил нь Лхагвадорж начинд унаж байсан юм. Ер нь бэлтгэл сургуулилт жигдэрсэн сайн байх үедээ хүнд унах хэцүү байдаг. Гэхдээ би унасныхаа дараа шаналаад байдаггүй юм аа гэлээ. “Өөрөөсөө болоод унаж байгаа юм чинь яая гэхэв. Унах бүртээ би илүү сайн бэлтгэл хийх ёстой юм байна л гэж боддог” гэдгээ нуусангүй.

“Бөхчүүд штанг шахдаг. Та хэд шахдаг вэ” гэхэд “Би муу муу. 140 кг-аар шахдаг” гэв. З.Дүвчин багш заанаар төмөр өргүүлэхийг төдий л таашаадаггүй бололтой. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ. Уг барилдаанд гурван жил дараалан түрүүлэх юм бол 300 сая төгрөгийн шагналын эзэн болох гэнэ. Залуу зааны хувьд дахин хоёр жил түрүүлбэл 300 сая төгрөгөө авах аж. Өмнөд монгол бөхөөр барилдахын тулд ширэн зодог өмсдөг гэнэ. Зодгон дээрээ төмөр товруутай тул эхэндээ бол барилдахад эвгүй байдаг юм байна. Анх 2005 онд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай гэдэг газар барилдаж Баярбаатар аваргад унан үзүүрлэсэн цагаас хойш бүх барилдаанд нь бараг түрүүлчихээд байгаа гэнэ. Түүний дараа Хөх хотод Дамдиншарав багшийн хамт чөлөөт бөхийн бэлтгэл хийж байх үедээ “Мөнгөн зодог”-ны баяр болоход нь барилдаж түрүүлэн мөнгөн товруутай зодгоор шагнуулжээ. Өмнөд Монголын нэг залуу гуйгаад байхаар нь өгчихөөд ирсэн юм байна гээд гартаа хөлөртөл нь атгасан дөрвөн шагайгаа орхитол дөрвөн морь бууж харагдсан. Мань хүн ч түүнийгээ анзаарсангүй бололтой дахин шагайгаа орхив.

БИ БӨХ БОЛОХГҮЙ ЭЭ. ХАРИН МУНДАГ ХӨЛБӨМБӨГЧ БОЛНО

Заан анх хотод ирээд хамаатан садныхаараа байдаг байж. Айлд байхад хэцүү байдаг. Танд ямар байсан бэ гэхэд “Аль юм болгоныг тэнцүүлэхэв дээ. Арга эвийг нь олоод л байна шүү дээ” гэлээ. Заанаас гэргийтэйгээ яаж танилцсан бэ гэж асуутал “Үгүй, яахав дээ. Бусад хүмүүсийн адил л танилцсан. Солонго бид хоёр 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л явна даа” гээд гэргий рүүгээ хараад инээмсэглэв. Харин гэргийгээс нь асуутал “Найз нарынхаа хүрээнд танилцаад нийлсэн дээ” гэдгийг хэлсэн юм. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ. Тэднийх дөрвөн өрөө цэлгэр байранд амьдардаг бөгөөд гал тогоо зочны өрөөнөөс гадна хоёр унтлагын өрөөтэй юм билээ. Өөрсдийнх нь унтдаг өрөөний үүдэнд 2011 оны баяр наадмаар тавын даваанд одоогийн улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдан шахаж татаж буй зургийг томоор угаалган өлгөжээ. Ө.Бат-Оршихыг давснаар цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын цолтны бүлд багтсан юм.

“Та өөрийн баяр жаргалтай мөчүүдээсээ хуваалцаач” гэхэд “Цол нэмсэн тэр торгон агшнууд. Аав болж байх мөч хамгийн сайхан байсан. Үнэнийг хэлэхэд бэлтгэл сургуулилт гээд даавуу угаагаагүй ээ гэдгээ өчив. Эхнэр маань үүрээр төрсөн. Тэр өдөр бөхийн өргөөнд барилдаан болоход тэсэлгүй очиж барилдсан” гээдхэв. “Тэгээд яав” хэмээн асуутал “Гурвын даваанд Ө.Даваабаатар харцагад унасан. Шөнөжин эмнэлэг дээр эхнэрээ төрөхийг хүлээгээд нойр ч аваагүй байсан юм. Хүүтэй боллоо гэж баярлаад шууд барилдъя гээд яваад очсон минь тэр л дээ” гээд Өсөхжаргал хүүгээ үнсэв. Зааны хүү Өсөхөө “Би бөх болохгүй ээ. Харин мундаг хөлбөмбөгч болно. Даанч миний бөмбөг одоо хийгүй байна” гээд сугандаа хавчуулсан бөмбөгөө харуулав.

Монгол бөх Гиннест хэмээх 6002 бөх барилдсан том барилдаан болсон. Уг барилдаанд Ч.Санжаадамба заан 13 давж түрүүлсэн. Тэрбээр бэлтгэл муутай эл барилдаанд зодоглосон ч түрүүлж чадсан юм. Ахынх нь бие тааруу гэмтлийн эмнэлэгт нэг сар сахиад шууд барилдсан юм байна. Бэлтгэл ч үгүй шахам байж байгаад барилдаад түрүүлсэн нь бас л хувь зохиол юм уу даа гэх. Өмнө нь наадмаар Ц.Содномдорж харцага бид хоёрын барилдаан маргаантай болсон. Тэр барилдааны будилааныг тэгэхэд л нэг сайн тайлсан даа гээд сэтгэл өег суух. Наадмын өмнө сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Наадамд түрүүлээрэй гээд хөөргөө өгсөн гэдэг үнэн үү” гэхэд “Тийм зүйл болох нь ч болсон шүү” гэлээ. Тэрбээр гэрийнхээ хойморт хүндэтгэлтэй залсан өөрийн медалиуд болон цомуудынхаа тухай ярьсан юм. Хойморт залрах хамгийн том цом нь мэдээж 6002 бөхийн барилдааны мундаг том цом байх аж. Мөн “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд авсан алтан бүс, төрийн баяр наадмын болон аймгуудын наадмын медалиудыг ирийтэл нь өлгөжээ. Хичнээн ч медаль байгаа юм бүү мэд.

ЭР ХҮН ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАРИЛДДАГ. БАТСУУРЬ ЯМАР БҮЖИГЛЭХ ГЭЖ ИРСЭН БИШ ДЭЭ

Зочны өрөөний хоймор, буйдангийн ард 6002 бөхийн барилдаан, Архангайн Булган уул тэргүүт нутгийн хайрханых нь зургууд хүндэтгэлтэй залрах аж. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар наймын даваанд улсын арслан Н.Батсуурьтай барилдахад чихнээс нь зулгааж, хуруугаараа жавжнаас нь татсан зураг олны анхаарлыг татсан. Энэ тухай асуухад “Барилдаж байгаа хүн хазахаас бусдыг хийдэг. Эр хүний барилдаан хатуу. Тэр хүн өөрт байгаа бүх зүйлээ хийсэн. Өрсөлдөгч бөхөө бэртээж гэмтээж л болохгүй. Батсуурь ямар бүжиглэх гэж ирсэн биш дээ. Харин би чадаагүй. Тиймээс араас нь чи тэгсэн гээд олон юм яриад явах ямар ч шаардлагагүй” гэлээ. Н.Батсуурь арсланг шүүмжлэх болов уу гэтэл харин ч өмөөрөх янзтай байна шүү. Зурагтынх нь дэргэд Түвдэндорж аваргын дэвж буй хүрэл баримал байх юм. Дээд тавиур дээр үндэсний бөхийн аваргуудын сайхан зураг залаастай байлаа. Тэрбээр багадаа нэлээд мяраалаг хүүхэд байсан тул хурдан морь унаж чадаагүй гэнэ. Одоо харин морь уях хүсэл байгаад зав гарахгүй юм даа. Миний хэдэн адуу Хашаатад ахынд байгаа гэсэн юм. Зааны гэрт Чимэдрэгзэн гуайн дүүгийн охин Сувдмаа амьдардаг бөгөөд хичээлийн завсар зайгаараа гэрийн ажилд нь тусалдаг юм байна. Сувдмаа “айраг уу” гэсээр мөнгөн аягатай айраг барьсаар ирэв. Өмнөд Монголд Хасар бөхийн барилдаан болоход хавар нь түрүүлж есдүгээр сарын 13-нд шигшээ барилдаанд нь очиж барилдан түрүүлээд 2014 оны загварын Аudi Q7 машинаар шагнуулсан ч тэнд байдаг найздаа 100 сая төгрөгөөр зарчихаад ирсэн гэлээ. Тус барилдаан хоёр дахь жилдээ болсон бөгөөд анхныхад нь Өмнөд Монголын Батжаргал аварга нь түрүүлж Хөх хотод гурван өрөө байраар шагнуулж байжээ. Зочны өрөөнийх нь хананд суран бугуйл, ташуур байх нь өөрийн эрхгүй нүд булаана. Энэ тухай асуухад “Монгол ташуур группээс 2013 оны бөхчүүдийн чансааг тэргүүлсэн гээд өгсөн юм” гэлээ. Энэ өдөр гэрийн эзэгтэй Солонгын аав Батжаргал, ээж Оюумаа нар нь Булганы Хишиг-Өндөрөөс иржээ. Тэд мэнд мэдээд цаад өрөө рүү орчихлоо. Өдөржин гадуур яваад ядарсан бололтой эртхэн амарцгаая гэж байх нь дуулдав. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ цагийн энгүй хүчтэн болох хүргэнээрээ мэдээж бахархаж байх нь гарцаагүй. Сонирхуулахад Оюумаа эгч Шагдарын Намхай, Лувсанжамбаа аваргын удмынх гэсэн. Тиймээс Өсөхжаргал хүүг нэг л өдөр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд гайхах зүйлгүй юм.

САНЖАА БОЛИОСОЙ ГЭДЭГ БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Санжаадамба заан Бэрх уулын хаяа, Зараа голын хөвөө буюу нутгийнхны хэлдгээр Бэрхзараан энгээр туучиж өссөн байх юм. Хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй гэдэг шиг эмнэг адууг дэлдэж өсчээ. Өсөхөөгөөс аав нь хэр сайн аав бэ гэхэд “Манай аав сайн хүн. Мундаг бөх байхгүй юу” гээд гүйгээд явтал гэргий Солонго нь “Хань минь мундаг аа, мундаг. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага байдаг ч гэр бүлдээ их халамжтай юм шүү дээ” гэхэд хүүхэд шиг зантай хүчит заан харин шилээ маажисхийн сууж харагдав. Залуу зааны хамгийн үнэт зүйл нь “Гэр бүлээрээ эрүүл энх байх” юм байна. Чимэдрэгзэн гуай зааныг багаас нь “Хүнд худлаа ярьж болохгүй. Зөв л яваарай миний хүү. Хүнд өртэй явж болохгүй шүү” хэмээн захидаг байжээ. Одоо ч гэсэн надад үгээ хэлнээ гэв. Барилдахын хажуугаар тэрээр ямар нэгэн бизнес хийдэггүй гэдгээ хэлсэн юм. Харин барилдаан алгасахгүй барилддаг. Зарим нь одоо энэ Санжаа болиосой гэдэг болсон байлгүй дээ гээд хүд хүд инээх. “Хүмүүс намайг наадмын одгүй л гээд байгаа юм. Би энэ үгийг нэг их ойшоодоггүй. Хүн өөрөө л хичээх ёстой” гэж боддог. Түүнийг хүмүүс цацаа цалгиатай барилддаг бөх гэлцдэг. Тэрбээр энэ тухайгаа “Хүмүүс цацаа цалгиатай барилддаг л гэдэг юм. Тэгж барилдсанаасаа болж олон унасан. Хянуур байя гээд жаахан хүлээчихээр явж барилдсангүй гээд байдаг л даа. Ер нь бол өөрийнхөө бодож байгаагаар барилдах нь л зөв” гэж боддогоо ярьсан юм. Түүний хувьд 2011 онд бэлтгэл сургуулилт сайн байсан ч долоогийн давааны маргаанаас болж сэтгэлзүйн дарамтад өртсөн нь гарцаагүй. “Уг нь би тэгэхэд бэлтгэл сайтай байсан. Содном бид хоёрын барилдааны маргаан хоёр цаг гаруй болоход хэнийх нь талд шийдвэр гарах бол гэж хүлээсэн. Дараа нь намайг давуулахад “Би заан болчихлоо” гэж дотроо баярлаад С.Мөнхбат аваргатай яарч барилдсан тал бий” гээд айргаа уув. Түүний хувьд чөлөөт бөхөөр суурьтай болохоор бүх л барилдааны төрлөөр барилдаж үзсэн гэнэ. Залуу заан өнөөдрийг хүртэл хэд хэдэн зодог шуудаг элээсэн бөгөөд харин хоёр монгол гуталтай юм байна. Гэхдээ шинээр хийлгэсэн гутлаа өмсөхөөр хөлд эвгүй байдаг юм. Санаа дагаад ч тэгдэг юм уу тэр гуталтай барилдахаар уначихаад болдоггүй юм аа. Тиймээс хуучин гутлынхаа улыг нь солиулаад өмсчихсөн. Тэр нь ч амар юм билээ гэв. Аав, ээжийнхээ тухай ярих гэснээ ер нь манай нутгийнхан надаас илүү мэднэ дээ гээд инээмсэглэв. Ээж минь бурханы оронд одсон. Одоо аав минь сумандаа амьдарч байгаа гэлээ. Ямар ч хүн ирсэн хоол цай, цүй болсон байгаагаараа ирсэн гийчнээ дайлаад буцаадаг байжээ. Цас зудтай үед эрлийн хүмүүс малаа хайж яваад их хоноголдог байсан гэнэ. Өглөө босоход хоймроор дүүрэн хүмүүс зулчихсан унтаж байгаа харагддаг. Ямар ч хар элгийн хүн ирсэн сэтгэл өндөр буцдаг байв. Зарим жил өвөлжөөнд байхдаа идшээ дуусч дахин мал гаргаж байсан тухай ярилаа. Манайхан удмаараа биерхүү хүмүүс байдаг. Аавын нас хэвийсэн тул надаас жаахан намхан. Түүнээс биш өргөний хувьд надаас өргөн. Аав маань айлын ганц хүү байсан тул нэлээд эрх танхи өссөн гэдэг. Залуу цагтаа надаас ч сайхан эр явсан юм билээ гээд ааваараа бахархаад авлаа. Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэсэн байсан гэнэ. Аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна. Айлын гэргийг хоол, цайгаар нь дүгнэдэг гэдэг. “Солонгоо бүсгүйн цай нь хүртэл хоол юм аа” хэмээн манай зурагчин толгой сэгсэрч харагдсан. Монгол бөхийн түүхэнд нэн шинэ үеийн төлөөлөл болох залуу заан Санжаадамбынх нийслэлд амьдарч буй мянга мянган гэрэл дунд Кристал тоуны 15 дугаар давхарт нэгэн тод гэрэл сацраан байв аа.

Э.ЭНХБОЛД

Б.ЭНХБАТ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *