Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “Синопек” корпорацийн удирдлагатай уулзана.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *