Дуртай ажлаа олсон хүнд амралтын хоёр өдөр дээр нь дахиад таван өдөр нэмэгдсэнтэй адил юм. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй. Бас завгүй байх сайхан. Өглөө гэрээсээ ажил руугаа яарч, орой гэр рүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтайд тооцогддог. Ийм үгсийг бид өдөр тутам зөндөө л сонсдог, уншдаг. Зүгээр ч чихний хажуугаар өнгөрдөг, бодит амьдралаас холуур үг биш бололтой.
Зун амраагүй танил маань ээлжийн амралтаа аваад хэд хоножээ. “Хүмүүс ажиллаж байхад амрах шиг утгагүй юм алга. Ажлаа санаад байна” гэж байна. Соёлын төвийн дуу хөгжмийн багш анд маань “Найзыг нь гэр орныхон хүчээр эмнэлэгт хэвтүүлэх гээд байна. Ядаргаанд орсон гээд байх юм. Би зүв зүгээр. Ажлаасаа нэг л өдөр холдвол бүх юм өнгөрчих гээд, надгүй л бол бүх юм бүтэхгүй юм шиг санагдаад байна” гэх.
Гэртээ хүүхдүүдээ хараад суудаг мэргэжил нэгт бүсгүй “Өглөө сэрүүлгээр босох сайхан. Яаран яаран цайгаа уугаад автобуснаас хоцрохгүй гээд гүйх бас сайхан. Тэгээд ажлынхаа газрын хаалгыг татаж орох бас нэг жаргал гэдгийг гэртээ суусан хоёр жилдээ л мэдэрч байна. Залуу байх сайхан ч ажилтай байх бүр илүү сайхан юм” хэмээв. Нээрэн тийм шүү. Чөлөө аваад ажлаасаа холдсон өдрүүд хүртэл галт тэрэгнээсээ хоцорсон мэт сэтгэгдэл төрүүлэх үе бий. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй гэдгийг залуус өөрсдөө ингэж ярьж байна. Залуу байх сайхан ч, ажилтай байх бүр сайхаан.
Д.ГАНСАРУУЛ