Хорих ангид хүмүүжигчид ном уншиж ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл 12 сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ–т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн нэгдүгээр шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж.
Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлсэн бөгөөд нэр хүндтэй хүмүүсээс мөн санал авч байгаа юм байна.
Төслийн нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.