Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унгар Улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг өндөрлүүлээд Унгар улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Парламентын ордныхоо өмнө хүндэтгэн угтаж, өргөтгөсөн уулзалт хийв.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Эрхэмсэг Ерөнхийлөгч таныг манай улсад хүрэлцэн ирсэнд таатай байна гээд Монгол улсын талаар сайн мэдээ байнга сонсож байдаг. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн талаар тоо баримтыг үзэж танай ард түмэнд талархаж байгаа.

Бидний өвөг дээдсийн 1100 жилийн өмнө нүүдэллэн ирсэн үүх түүх, дотоод сэтгэлд түүхэн улбаатай төдийгүй Унгар Монгол хүмүүс ах дүү ,дээд овгийнхоо тухай ярьж яриагаа эхэлдэг.

Манай хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа бүхий л хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг. Манай улс хөдөө аж ахуй, инженерийн технологийн салбарт туршлагатай.

Одоогоор 72 монгол оюутан сурч байна.Гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа. Танай талаас хүсэлт гаргавал тэтгэлэгтэйгээр оюутан хүлээж авахад бэлэн байна.

Энэ онд Монгол, Унгар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 64 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотноо элчин сайдын яамаа дахин нээхээр бид төлөвлөж байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Эрхэмсэг ноён Виктор Орбан танд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.Таны хэлсэнчлэн бидэнд олон зуун жилийн түүх соёл бий. Мөн шинэ үеийн ч олон зуун жилийн түүх бий. Олон салбарт хамтран ажиллаж байсны тод жишээ нь биокомбинат юм. Бид мал аж ахуй,малын эрүүлжүүлгийн асуудал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн хүнсний үйлдвэр,усны аж ахуй, боловсрол, геологи,аялал жуулчлалын олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Суралцаж төгссөн оюутан эргээд дадлагажих боломж олгох тал дээр ажиллах хэрэгтэй гэв.

Хоёр тал өргөн хүрээний сэдвээр ярилцаж санал нэгдлээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийн зоог барилаа.

Маргааш 10-р сарын 18 Унгар,Монголын бизнес форумд оролцож үг хэлнэ. Мөн Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Дорно дахины тэнхимийн дэргэд байгуулагдах “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцож, Унгар улсад ажиллаж сурч буй Монгол ирэдтэйгээ уулзана.

Айлчлалын төгсгөлд Төв Европын Их сургуульд зочилж “Монголын ардчилал ба сургамж” сэдэвт лекц уншина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *