Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит компаниудын удирдлагад хариуцлага тооцоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцсон байна.
Ажлын хариуцлага алдсан гэгдэж буй “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн журмыг зөрчсөн зэрэг нийтлэг дутагдалтай байжээ.
Тэднийг хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Төрийн өмчийн хорооны зүгээс тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Түүнчлэн энэ үеэр ажлаа бүхий л түвшинд сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг хорооны гишүүд өгчээ