Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяаг Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяраар харилцан баярын цахилгаан илгээв.
Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр тохиосон энэ сайхан боломжоор миний бие Хятадын засгийн газар ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс эрхэм танд болон танаар дамжуулан Монгол улсын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна. Хятад, Монгол харилцан чухал хөрш юм. Дипломат харилцаа тогтоосон 65 жилд хоёр орны харилцаа олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг туулан, тогтвортой хөгжиж ирлээ. Өнөө хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа маань хөгжлийн шинэ үе шатандаа орсон юм. Хятадын засгийн газар Монгол улсын засгийн газартай хүч хамтран чармайж, хоёр орны харилцааны шинэ гараанаас хоёр талын дээд зиндааны харилцаа холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нийгэм соёлын харилцаа холбоогоо өргөтгөж, хоёр орон болон хоёр ард түмэнд улам их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ.
Н.Алтанхуяаг баярын цахилгаандаа, Хятад орон бол Монгол улсын өнө мөнхийн хөрш, Хятад оронтой сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх, эрх тэгшээр хамтран ажиллах бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл хандлага мөн. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны удирдагчид, парламент, улс төрийн нам хоорондын харилцан айлчлал олширч, улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалалт, нийгэм соёлын зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон мөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Үүнд Монголын тал маш баяртай байна. Хятадын тал хөрш орнуудын харилцаандаа дотно найрсаг, чин үнэнч, харилцан хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд сайхан боломж бүрдүүлсэн юм. Миний бие эрхэм ноён таны хамт Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх агуу үйлст хүчин зүтгэхэд таатай байна гэжээ.