Categories
мэдээ улс-төр

“Талын зам” төсөлд хамтран ажиллахаар болов

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Төрийн ордонд энэ сарын 13-15-нд болж өндөрлөлөө. Хуралдааны дараа “Чингис Ленд Девелопмент Групп” ХХК –ийн ерөнхийлөгч С.Отгонбаатар болон ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол, Орос, Хятад улсыг холбох хурдны зам барих төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн нь энэ юм. Хоёр тал хурдны авто замын төслийн санхүүжилт, зураг төсөл, зам барилгын ажил, ашиглалтын шатанд хамтарч ажиллахаар болжээ.

ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков хэлэхдээ “Монгол Улсын санаачилсан “Талын зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон XXI зууны тээврийн коридорыг байгуулах нь ОХУ-ын нийт эдийн засгийн хувьд, тэр дундаа Оросын Алс, Дорнод, Сибирийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Бид Азийн авто замын нэгдсэн сүлжээний АНЗ чиглэлийн хурдны авто замыг бүтээн байгуулах энэхүү олон талт төслийн хэрэгжилтэд ОХУ-ыг төлөөлөн оролцох болсондоо баяртай байна. Монгол Улсын транзит, тээвэр ложистикийн нөөц бололцоог хэрэгжүүлэх нь Зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцийн үйл явцад хурдасгуур болж, Орос, Монгол хоёр улсын ард түмний хөгжил цэцэглэлтэд хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *