Манай оронд 2005-2013 онд жилд дунджаар 3200 орчим удаа аюулт үзэгдэл, осол давхардсан тоогоор 171 аймаг, нийслэлийн 601 сум, дүүргийг хамран тохиолдож, түүнд 200 орчим хүн амь насаа алдаж, эдийн засаг, экологид 95 тэрбум 645,4 сая төгрөгийн хохирол учирсаныг өмнөх 10 жилтэй харьцуулбал 10 гаруй дахин өсжээ.
Сүүлийн 20 жилд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр манай улсад байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн тоо, төрөл нэмэгдэж, давтамж ойртон, хамрах цар хүрээ нэмэгдэж, үүний улмаас нийгэм, эдийн засагт учруулах хохирлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна.
Тиймээс Монгол Улсад олон нийтийн оролцоо, нутгийн иргэдэд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах орчин цагийн гамшгийн менежментийн тулгуур суурийг бий болгох, бэхжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, “хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж, анхны хэлэлцүүлэг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн нийт 70 гаруй албан хаагч оролцсон юм.
Хэлэлцүүлгийг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал хэлсэн үгэндээ “тус хөтөлбөрийн зорилго нь олон нийт, нутгийн иргэдийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцуулах, оролцоог бүх шатанд хангах, тэдний байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, гамшгийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгааг шат дараатай, тусгай хөтөлбөрийн хүрээнд тогтмол зохион байгуулах, аюулгүй амьдрах ухаан, ардын зан үйл, соёлыг сэргээн дэлгэрүүлэх, орон нутгийн хүч, хэрэгслийн чадавхи, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, эрт зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах замаар учирч болох эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангахад оршино” гэжээ.