Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр өө гэж

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр ямар их нөлөөтэй болоо вэ, Монголд. Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь “Хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр” гэж байна. Үүнийг нь Монголын бүх хүмүүс мэддэг юм байна. Тийм болохоор монголчууд энэ өдрийг хүлээж, сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг бололтой. Энэ удаагийн 17-ны өдөр нь хавтгайдаа хуртай байлаа. Тэгээд хуримтай. Хурим найр нь лав урьд хожид байгаагүй олон болсон дуулдана. Урьд жил нийслэлд 1400 орчим хурим болсон бол энэ тоо энэ жил 600-аар нэмэгджээ. Хурим ийн болсон бол түүнээс хол давсан бэр гуйх ажиллагаа Монголд энэ өдөр явагджээ. Эдгээрээс дутахгүй олон тооны хүүхдүүдийн даахины үргээлэг болсон сурагтай. Энэ бүгд найр ёслолын том жижиг ажиллагааг заавал дагуулдаг учиртай. Найр ёслолын ажиллагаа ямар нэг хэмжээгээр хаа сайгүй болж байна гэдэг чинь угтаа эдийн засаг шүү дээ. Эдийн засаг хямарлаа, мөнгө ховордлоо л гэнэ үнэндээ мөнгө хэзээ ч алга болдоггүй. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор мөнгөтэй хүмүүс бүгдээрээ “За энэ чинь юу болох гээд байна” гэж болгоомжлоод хав дарчихдаг. Ингэхээр л эдийн засаг царцчихаж байгаа юм. Ойрын төсөртөө ийм хөлдүү болчихоод байсан Монголын нийгэм дэх мөнгийг энэхүү намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэсгээж өгөв. Одоо тоо бодоцгооё. Одооны залуус айхавтар болсон, заяа нь хадмынхантайгаа хамт амьдрахгүй. Тэгэхээр яахав, тусдаа гарна. Нийслэлд гэрлэсэн 2000 орчим хосын дийлэнх нь шинэ байранд орсон багцаа тоо байна. Дор хаяж 1200 орчим орон сууц ямар үнээр зарагдсан байна, нэг тоо гарна. Ингээд л эдийн засаг эргэлдэж байгаа нь энэ. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн хамгийн том эдийн засгийн тоо юм. Залуу хосод худын нэг тал нь машин бэлэглэж байгаа, за тэгээд хурим найрын бусад зардал бүгд л эдийн засаг. Ингэхээр энэ өдөр лав нийслэлийн хувьд эдийн засаг сэргэчихэж. Орон сууцаа зарсан барилгын компаниуд, машины худалдаа, ресторанууд, хувцасны дэлгүүрүүд… тэр байтугай малчны хотноос ууцаа авна шүү дээ. Хурим болохоор энэ. Тэгвэл бэр гуйна гэж яадаг юм. Нэг нөхөр хадаг хармаалж очоод хаалгаар нь шагайгаад “Охиноо өгвөл өг, байвал бай” гэж шидчихээд явчихдаг юм уу. Үгүй, хоёр талынхан сууж байгаад ёс горим хийнэ, найрлана шүү дээ. Энэ ч гэсэн бичил эдийн засаг. Ийм эдийн засгийн үйл явц өнгөрсөн баасанд нийслэлд лав хэдэн мянгаараа өрнөжээ. Хөдөөд бол бүр тоогоо алдаа биз. Хүүхдийн үсний үргээлэг мөн л хурим руу дөхөж мэдэх том эдийн засаг. Яагаад гэвэл монголчууд нялх амьтандаа голоосоо хайртай, гүн хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Даахиа үргээлгэсэн өнөө муу жаахан амьтанд чинь мөнгө өгнө шүү дээ. Одоо бол шууд л нэр дээр нь нээсэн хадгаламжийн дэвтрийг гардуулаад байдаг болсон байна лээ. Банк багаар ч гэсэн авч байна. Ингээд яривал их юм бий. Өнөө царцсан мөнгөний нэг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өгсөн энэ удаагийн намрын дунд сарын шинийн 17 танд баярлалаа. За баахан эдийн засаг ярьчихлаа. Өөр энэ өдөр юу болов.

Энэ жилийн 17-ны өдөр Н.Энхбаяртай байв. Н.Энхбаяр энэ өдрийг сонгож Монголд орж ирсэн, тэгээд Төрийн ордон руу орсон юм билээ. Мань эр Солонгост байхдаа намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэхэд олон жил “хаан ширээн”-д заларсан ордондоо ямар ч байсан очно гэж буддын шашинтай хүний хувьд шийдсэнээ ойрынхондоо хэлжээ. Ингэх аваас цаашдын зам мөрд маань учрал ерөөлтэй байх магад гэж тэр сүсэглэсэн байна. Өнөө хүчин төгсөхийн барилдлагатай-аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн өдөр гэдэгтэй нь холбоотой буй заа. Элдэв үйл, хилэнц ихтэй энэ эрийн яах гэж ирснийг нь янз бүрээр тааварлан мэргэлж буй хүмүүст хэлэхэд ийм юм билээ шүү.

Мөн энэ өдөр Хангарьд ордныхоо хаалгаар барагтай бол шагайдаггүй Үүл баатар хамаг албатаа, олон сэтгүүлчидтэй дагуулан давхиж баахан замын ажилтай танилцсан нь өнөөх л шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн гэх энэ өдөртэй холбоотой юм билээ. Үнэхээр сайн өдөр юм бол Үүл баатар нь цас бороог үл тоон бүтээн байгуулалтын жаал жуул ажилтай танилцаатахъя, нэн өлзийтэй сайнаар бүтэж магад гэж тэр ярьсан байна лээ.

Аливаа үйлийг хийхэд сайн явдлууд энэ өдөр цааш үргэлжилсэн аж. Монголын барилгын салбарт том үйлдвэр нээгдсэн нь “Weiler” нэртэй. Төмөр бетон хана хийц үйлдвэрлэдэг “Weiler” үйлдвэр нь “Гранд байшин” ХХК-ийнх бөгөөд Герман улсын “WEILER” брэндийн шинэ технологи болох угсармал барилгын материалын үйлдвэрийг эх орондоо оруулж ирж буй нь энэ аж. Ингэснээр манай улсын барилгын салбар хүйтний улиралд сул зогсолт хийлгүй жилийн дөрвөн улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд барилгын ажил явуулах боломжтой болж байгаа юм бус уу.

Сайн үйл хийх энэ өдрийг бас муу үйлээ хийхэд сайн өдөр гэж сэтгэсэн нөхөд байна. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн 16.00 цагийн орчим ломбард ухаж байгаад хоёр нөхөр баригдсан нь энэхүү билэгт сайн өдрийг хүлээж байгаад хийсэн үйлдэл гэнэ. Хороололд болсон хэрэг явдал аж. Тэр өдөр дүүгийнхээ хуримд оролцохоор ломбардын эзэд явах ёстойг мань хоёр урьдчилж мэдэж байжээ. Анхны мэдүүлгээрээ тэд бас сонин мэдүүлэг өгсөн дуулдах юм. Ямар өдөр, яаж хулгай хийвэл зохилтойгоо ламаас асуусан гэж. Тийм юм асуудаг нөхөд, асуусанд нь мэрэг төлгөө буулгадаг лам байдаг байх нь. Ингээд өнөө лам нь тэр хоёрт “Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр л тэр ломбардаа ухвал өлзийтэй сайн” гэсэн юм биз дээ. Лам багшийнхаа зааснаар мань хоёр хөдөлжээ. Гэгээн цагаан өдөр болохоор хүмүүс ломбардын эзэд нь л түлхүүрээ хаячихаад цоожоо ухаад мунгинаж байна даа гэж бодоод ер харгүй байсан гэсэн. Авдгаа аваад гардгийн даваан дээр бас л 17-ны өдөр тэр хоёрыг барьж өгсөн байгаа юм. Ломбардын эзэд энэ сайн өдөр ажил дээрээ даллага авахуулахаар ламтай тохирсон байгаад амжиж иртэл өнөө хоёр хамаг байдгийг нь цүнхэлчихсэн зогсож таараад баригджээ. Эндээс харахаар хулгайч, хударгагүй хүмүүс бас үйл хийхдээ энэ өдрийг өлзийтэй сайн гэж үздэг юм бус уу.

Намрын дунд сарын шинийн 17-ны буян хишиг маргааш нь ч үргэлжилж байна лээ.Нийслэлийн замууд ямар ч түгжрэлгүй сайхан байна лээ. Урьд өдрийн их хурим найраас хишиг хүртэгсэд гэртээ л хэвтээд байх шиг байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *