Нобелийн шагналуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг басхүү олны анхаарлыг татдаг төрөл бол Нобелийн энхтайвны шагнал билээ. Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нобелийн хороо энэхүү эрхэм хүндтэй шагналаа хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсуфзай болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Энэтхэгийн иргэн Кайлаш Сатяартхи нарт олгосон байна.
Малала охины хувьд хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн сурах эрхийн төлөө тууштай тэмцсээр ирсэн билээ. Түүний энэхүү үйлдлийг хүчтэй эсэргүүцэгч Талибын зэвсэгт дайчид 2012 оны аравдугаар сард охиныг сургуулиасаа гарч явахад нь буудаж хүнд шархдуулсан боловч тэрээр азаар амьд үлдсэн юм. Малалаг “Тайм” сэтгүүл 2013 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулж байсан билээ. Харамсалтай нь Талибын алан хядагчдын заналхийллээс болж тэрээр Пакистанд эргэн очих боломжгүй болсон бөгөөд одоогоор Их Британид амьдарч байна.
Харин Кайлаш Сатяартхи бол хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр яваа нэгэн юм. Тэрээр хүүхдийн наймаа, боловсролын хоцрогдол, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг томоохон жагсаал, цуглаан өрнүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсаныг нь Нобелийн хороо өндрөөр үнэлсэн байна.
Дашрамд дуулгахад Нобелийн энхтайвны шагналыг нийт 95 хүн хүртсэн байдаг бөгөөд эдгээрээс 17 нь эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн шагнал хүртсэн хүмүүсийн дундаж нас 62 байсан бол энэ жил 17 настай Малала охин уг шагналыг хүртсэнээр хамгийн залуу Нобелийн энхтайвны шагналтан болжээ.