Зүүн Украинд гал зогсоох хэлэлцээрийг өнгөрөгч есдүгээр сард хийсэн боловч одоог хүртэл мөргөлдөөн гарсаар байгаа бөгөөд Киев тус бүс нутгийн хараахан бүрэн хяналтандаа аваагүй байгаа билээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд зүүн Украинд олон улсын хүмүүнлэгийн хууль, дүрэм зөрчигдсөөр байгааг анхааруулж байгаа билээ. Хамгийн сүүлд НҮБ Украин дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг гаргасан байна.НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн зүүн Украин дахь мөргөлдөөнөөс хойш нийт 3660 хүн амиа алдаж, 8756 хүн шархдсан гэж мэдээлжээ. Түүнчлэн есдүгээр сарын 5-нд хийгдсэн гал зогсоох хэлэлцээрээс хойш нийт 330 хүний амь эрсэдсэн аж. Ялангуяа гал зогсоох хэлэлцээрт хамаарагдсан Донецкын нисэх онгоцны буудал, Дебальцевегийн бүс нутаг, Луганск мужийн Счастье мужуудад мөргөлдөөн өдөр алгасахгүй үргэлжилсээр байгаа цохон тэмдэглэжээ. НҮБ-аас Украины эрх баригчдад хандаж өөрийн арми, сайн дурын зэвсэгт дайчдад илүү анхаарал хандуулж, хяналт тавихыг уриалжээ.