Categories
мэдээ нийгэм

Барилгын салбар улирлын хамаарлаас гарна

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэр барьж буй “Гранд байшин” компанийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

ХБНГУ-ын “Weiler” компаниас үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрөмжийг авсан тус компанийнхан үйлдвэрээ ирэх 10 дугаар сарын 15 нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр ажиллаж эхэлснээр хана, хучилтын хавтан, багана, дам нуруу, цонх, хаалга, шат зэрэг байшин барихад хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж, захиалагчийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж угсарна.

Барилгын үндсэн эд ангийг бүрэн цутгамалаар хийх юм байна. Энэ үйлдвэрийг ажиллуулснаар 150 ажлын шинэ байр гарч ирнэ. Энэ жил 60-701 ам метр, 2016 оноос 200.000 ам метр буюу бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөсөн талаараа танилцууллаа.

Түүнчлэн  “Манай барилгын үнэ нь зах зээлийн ханшаас хямд байна” гэж үйлдвэрийнхэн хэлж байв. “Барилгын салбарт ажиллаж буй олон хүн өвөл ажилгүй болдог бол “Гранд байшин” компанийн үйлдвэр ашиглалтанд орсноор жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болно.

“Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж, 68 давхар барилга барьжээ.  Ийм технологийн барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна. Угсармал орон сууцны хороолол гэлтгүй амины орон сууц гээд бүх төрлийн байшинг Гранд байшин компанийн байшин үйлдвэрлэх үйлдвэрт үйлдвэрлэх юм.

Барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах салбарын яамны бодлого дэмжлэгээр тус компанийн барьж буй үйлдвэрээс гадна Эрэл компани Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК үйлдвэр барихаар ажиллаж байгаа юм. Эдгээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед манай улсад өвлийн улиралд ч барилгын ажил явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *