Categories
мэдээ цаг-үе

Гангар хунгийн ганганаатай нутгаар аялсан тэмдэглэл

Бударгана бужигнуулан давхисаар бид Хамрын хийдийн өвөр бэлд дөрөө мултлав. Хойд шамбалын орноо зорин ирсэн хэн бүхний адил бэлээс дээш гороолон явсаар өөдөөс цоо ширтэх “бурханы мэлмий”-тэй харц тулгарахуйд нар тэнгэрийн баруун хаяанд тулаад, эцэж туйлдсан мэт улбар туяа татуулан алгуурхан доошилж байв. Тэнд үзэж мэдэх зүйл их ажээ. Хаалга үүдээр нь орохоос эхлээд бэрдийн аманд гэм нүглээ наминчлах зэрэг нь анх очиж буй хүнд өвөрмөц содон мэдрэмж төрүүлнэ. Манай аяллын багийнхан нар шингэхээс урьтаж энергийн овоонд мөргөөд, Наран зүг гараа өргөн ёслох зуураа “Үлэмжийн чанар”-ыг хоолой түрэн дуулахад улбар наран уулын цаагуур шингэхээ азнах мэт чагнаархах агаад биднийг хийдээс мордох хүртэл үл жаргав. Сайхан зүйл, хүч энерги гэгч ийм л ид шидтэй байдаг байх гэж бодогдсоор байлаа.

Гэвч энэ бол манай аяллын багийнхны гол зорилго биш. Харин ургахын улаан нарыг Дарьганга нутагт угтан сүслэх, сүрэглэн чуулах хунгийн ганганаатай ганган цагаан нуурыг үзэж, сонсох байлаа.

Сүхбаатар аймгийн аялалд явахаар цугласан жуулчид, хэвлэл мэдээллийнхэн Улаанбаатар хотоос “Нью Жуулчин” ХХК-ийн гурван автобусанд хуваагдан суусан билээ. Харин манай автобусандАИХ-ын тэргүүлэгчдийн дарга, УИХ-ын дэд дарга асан төр нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц, Элчин сайд асан Л.Чулуунбаатар нарын ахмад сэхээтнүүд гэр бүлийн хамтаар “Ганга нуурын чуулган 2014” түүх соёл, байгаль экологийн төсөлт арга хэмжээнд оролцохоор нутгийн зүг жолоо залж, хараа цуцам уудам талын дундуур сэтгэл тэнүүн яваа нь илт. Ч.Хурц гуай Сүхбаатар амгийн Халзан суманд төрж өссөн хүн бол, өдгөө Сүхбаатар аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж буй Л.Чулуунбаатар гуай Онгон сумын хүн аж. Тэд төрсөн нутгийнхаа талаар ам уралдан залуу сэтгүүлчдэд ярих агаад нэг нэгнийхээ дээр гарах гэж мөчөөрхөн Халзан-Онгон, Онгон-Халзан гэсэн яриа багагүй маргаан дэгдэнэ.Харин тэднийг Ж.Гомбожав хөндлөнгөөс ажиж сууснаа “Онгон, Халзан хоёулаа л Дарьганга нутгийн сум байтал маргаан шуугиан болгоод буруу зөнөж байна даа энэ хоёр” хэмээн шоолж, зарим үед хооронд нь хөөрхөн толхилцуулах санаа шидчихээд жуумалзан суух бөлгөө. Тэр их талыг ингэж л дуутай шуутай, хөгжөөнтэй туулахаас өөр яах билээ.

Дорноговь аймгаас цааш дан шороон замаар, хийлийн зурвасын дагууявав. Замдаа хэд хэдэн хэлийн застав дээр саатан нэвтрэх зөвшөөрөл хүлээх зуураахээрийн хоол идэж, ахмад сэхээтнүүдийн сэтгэлийн үгийг сонсоно. Өмнө зүгт хараа сунгахын төдийдхилийн зурвас сунайн үргэлжлэх агаад тэрхэн мөчид Торгон хилийн минь эмзэг зурвасны цаана


Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намиалж

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна аа.” /Б.Л “Хил дээр бичсэн шүлэг”/ гэсэн мөрүүд бодолд харван орж, самсаа шархираад ч байх шиг.

Тийн явсаар бид Дарьганга суманд нар шингэсэн хойно буудаллав. Дарьгангын түүх соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөрийн хуваарийн дагуу энэ сарын 21-ний орой”Ганга нуурын чуулган 2014″ аялал жуулчлалын өдрүүд албан ёсны нээлтээ хийв.

Хэдэн үедээ уянгалсан жаахан шаргын домог

Хээрийн салхинаас сонсогдох эцэг өвгөдийн шивнээ

Хэзээ ч дайсан халдашгүй хана хэрэм нутаг

Хэн бүхэнд алдашгүй миний сайхан Дарьганга... /О.Д/ хэмээн ёслол төгөлдөр дуурсах нээлтэд Соёл Яруу Найргийн Академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо, Аймгийн засаг даргын тамгын газрын дарга, Зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Лхамсүрэн, Соёл спорт аялал жуулчлалын яамны зочид төлөөлөгчид оролцов.

Нээлтийн үеэр анх удаа зохион байгуулагдаж байгаа “Ганга нуурын чуулган 2014” түүх соёл, аялал жуулчлалын өдрүүд нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дарьгангачууд өөрийнөв соёл, ёс уламжлалаа сэргээх, байгаль экологийнхоо өвөрмөц содон тогтолцоог хадгалах замаар аялал жуулчлалын хугацааг уртасгах, хөгжүүлэх хөшүүрэгдэх цогт үйл ажиллагааг зохион байгуулж байхааалбаны хүмүүс зарлан мэдэгдсэн юм.

Энэхүү үйл ажиллагааны­хаа хүрээнд тэд “Наран тахилга” үйлдэж, “Яруу найргийн найр” хийж, “Дарьганга нүүдэлчний өв”-өө сурталчлан таниулах, “Дарьгангын уугуул өв соёл”-оор сумдын үзэсгэлэн гаргах зэрэг олон олзуурхууштай үзвэр үйлчилгээг зохион байгуулжбайлаа.

“Ганга нуурын чуулган 2014”-ийн нээлт болсон орой одод тэрүүхэн дээртодоос тод ярайн үзэгдэх агаад Шанага долоо од ч Дарьганга нутгийн аль нэгэн нуураас ус хутгах гэж байна уу даа гэмээр ойрхон нь нэн сонихон. Тал нутагт одод түгэх нь хүртэл тэмтрээд үзчихмээр ойрхон санагддаг аж. Цаг агаар ингэж сайхан таарсан тул хоёр хоногийн дараа болох ёстой байсан “Долон бурхан” одыг тахих ёслол болж, шашны зан үйл үйлдэв. Энэ шөнө манай аяллын багийнхан Дарганга сумаас холгүйхэн Холбоо нуурын дэргэд байрлах хүүхдийн зуслангийн байранд байрлан амарцгаалаа.

Ургахын улаан нар алсын уулын цаанаас шагалзан байхуйд харах гэж яарч догдолж байсан Алтан-Дарь-Овооноо харц өргөлөө. Оройдээрээ том овоотой дүнхгэр хайрхан аж. Баруун бэлд нь нутгийн зон олон, лам хуврагууд нар тахих зан үйл үйлдэцгээж гараа өргөн зэрэг зэрэг хурайлахад нар хөөрөн мандаж алтан цацрагаараа хэн бүхний тэргүүнийг адиславай.Ийнхүү дарьганга эрчүүд Алтан-Дарь-Онооноо мөргөхөөр дээш өгсөж харин үндэсний дээлээ өмссөн Дарьганга бүсгүйчүүл овооны бэлийн суврагыг тойрон идээ будааныхаа дээжийг өргөмөгцөө бэлд нь очиж бохирон суугаад сунаж мөргөцгөөх аж. Дарьганга эрчүүлийн араас жуулчилж яваа залуус, сэтгүүлчид дагалдлаа. Монгол Улсын Төрийн тахилгатай цор ганцовооноо мөргөнө гэдэг дарьганга нутагт анх ирж байгаа жуулчид, залуусын хувьд аз завшаан. Орой дээрээ алтан ганжиртай том овоог гурав тойрч мөргөөд, идээ будаа өргөж, арц хүж уугиулан сүслэснийхээ дараа эрчүүл нэгэн дуугаар уухайлахад Дарь овооны баруун урд зүгт байх Дуут нуур даган түрж уухайлах мэт сонсогдов. Талын цуурай гэж байдаг бол тэр нь ч юм уу, эсвэл Дуут нуурын тогтоц нь дуу авиа үүсгэдэг юм уу ямартай ч овоон дээр гарсан дуу авиа чимээ бүхэн солонгорон сонсогдоно. Бидэнтэй хамт овоонд гарсан СУИС-ийн Морин хуурын тэнхимийн багш овоон дээр хуурын татлага тоглоход тэртээ овооны гол цэгээс хойш урагш сунаж тогтсон дүнхгэр нурууны өмнө хойд үзүүрт дүүрэн сонсогдож байна лээ.

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг

Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг

Домог яриа нь хачиргүй л байна даа

Долоон хэлээр нуур дуулж байна” хэмээх дууны ая дан сэтгэлд нэг л эвлэгхэн орж ирээд аялан дуулмаар санагдаж байлаа.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *