Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоо: Зөв замд ч буруу салаа олон DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Нэрт нийтлэлч Б.Цэнддоотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоотой ярилцлаа.


-Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиох гэж байна. Ололт амжилтаа ярихын зэрэгцээ “Манай ардчилал жинхэнэ ардчилал биш байна. Жинхэнийг л олж тогтоох чухал” гэсэн яриа ч дуулдаж байна. Энэ тал дээр та бодлоосоо хуваалцахгүй юу?

-Энэ яриа бол ардчиллын замаар явж байгаагийн баталгаа. Ардчилалтай ба ардчилалгүй гэсэн хөгжлийн хоёрхон л гарц байгаа. Хэрвээ нөгөө замаар л яваа бол ардчилалд эргэлзэх боломж гарахгүй.

Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, Америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна. Тэрнээс биш, ардчиллыг амжилттай байгуулаад хаячихсан, дуусгачихсан газар хаа ч үгүй. Ийм болохоор Монгол орон ардчилсан хөгжлийн замыг сонгоод түүгээрээ замнасаар “тавийн тал”-ыг насалсан гэсэн үг.

Ардчилал бол бариа биш процесс. ХХ зуунд байгуулж явсан социалист тогтоцын ул мөр Монголын нийгмийн сэтгэхүйд айхавтар ул мөр, сорви үлдээсэн. Социализм учраас л үзэл санаанд нь нэгшин шингэсэн юм биш, монгол хүн учраас л коммунист үзэл санаандаа автчихаад салахгүй байгаа ч юм биш. Нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, иргэд нийтээрээ шашны бус, ертөнцийг үзэх үзэлд суралцаж, нийгмийн ухааныг судалж, өрнөдийн стандарттай түүх бичлэгтэй болж эхэлсэн үе нь коммунист суртлын эринтэй давхацсан. Шинээр сурсан юм бүхэн нь марксист чиг баримжаатай байж таарсан. Тэр тогтоц “коммунист нийгэм” гэж нэг диваажин зохиож сурталчлаад, “1990-ээд онд энд хүрнэ”, “Энэ таван жилд бид 20 жилээр коммунизмд ойртлоо”, “коммунизмд орохоор хүмүүс дэлгүүрт ороод мөнгөнийхөө хэрээр биш хэрэгцээнийхээ хэрээр бараагаа авна” гэж сурталчилна. Үүнээс болоод нийгмийн хөгжлийг ямар нэгэн диваажинлаг бариа руу дөхөх, тэндээ очиж аваад хүний хорвоогийн бүхий л проблемээс салж амсхийх аян мэтээр төсөөлдөг болчихсон юм.

Яг л энэ энерциэрээ ойлгоод, энэхүү сонгуулийн дөрвөн жилд “жинхэнэ ардчилал руу яг хэдэн жилээр ойртсон”, “2030 он гэхэд ардчилалд бүрэн орох эсэх”-тэй холбоотой хариултыг тов тодорхой нэхээд байгаа хэрэг.

Бидний туулж байгаа бүхэн бодитой, өнөөгийн манайхны араншин бүхэн зүй тогтолтой болохыг л улам улам ойлгож байна. Хэдийгээр бид голж шилж, сэтгэл дундуур байдаг ч өнгөрсөн 20 гаруй жилд бид ямар их урагшлаа вэ гэж бодогддог. Энэнээс хавьгүй дээшээ гарсан байлаа ч бид сэтгэл дундуур л байх байсан. Монголчууд учраас ингэж байгаа юм биш, ерөөсөө хүн учраас л ийм байгаа хэрэг.

-Тэгэхээр бид ямар нэгэн барианд хүрэхгүй, гэхдээ яваад л байх нь зүйтэй гэсэн үг үү?

-Нэгэнт ингээд тогтчихсон нэхэл хатуу асуулт амар өөрчлөгдөхгүй. Мухардал болгонд гэрэлд гарах боломж нуугддаг гэдэг. Манай ард түмэнд хөгжлийнхөө зам мөрийн хэсэг хэсэгт тодорхой босго тавиад, түүндээ хүрэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөгжих дуртай юм байна. Яагаад үүнийгээ дагуулан хөгжлийн хөтөлбөрөө хийж болохгүй гэж!

Хотын дарга Э.Бат-Үүлийн “Мөрөөдөлтэй Улаанбаатар” бол үүний жишээ. Наад зах нь, “манай хотын зам мөдхөн түгжрээгүй болох гэж байгаа” гэсэн итгэлээр сэтгэл нь бадарч, долоо хоногийн нэг өдөр машинаа унахгүй, тэрэндээ гудийхгүй л явж байгаа. Нийтээрээ хүрэх сайн сайхны төлөө тэвчээр гаргаж байгаадаа бахаддаг. Бас олимпийн хот гэсэн далдын мөрөөдөл бий. Нийслэлийнхэн өнөөдөр мөрөөдлөөр жигүүрлэн урагшилж байна. Хэдийгээр тулгамдсан асуудал бишгүй байгаа ч гэсэн өдөр ирэх бүр мөрөөдөлдөө үнэмших болж байна. Улс ч ингэх ёстой.

-Иргэд, иргэний хөдөлгөөн төрийг амар заяа үзүүлэхгүй байна. Ийм учраас төр хэвийн ажиллаж улсаа хөгжүүлэхэд хэцүү байгаа гэж хэлэх хүмүүс байдаг юм билээ?

-Ардчилал иргэнээс маш их сонор сэрэмж, хариуцлага нэхдэг. Дарангуйлагч төрийн үед иргэн хүн төрөө ямар байлгах, түүнийг жолоодох хэлбэр зэргийн тухай бодох хэлцэх эрхгүй.Социалист сонор сэрэмж гэж байсан нь ерөнхийдөө хардлагын чанартай зүйл. Эргэн тойрон дайсан үүрлэчихээд хэзээ мөдгүй хорлочих гээд байгаад үнэмшсэн парной маягийн үзэгдэл.

Харин ардчилсан төрийн иргэний сэрэмж гэдэг бол төрийн тогтолцоогоо, хууль ёсоо хамгаалах зөнгөөс үүдэлтэй. Төр “найдвартай удирдагч” гэгчийн гарт бус, над шиг л эгэл хүний гарт байгаа учраас алдаж эндэж болно гэсэн энгийн дүрмээс гарвалтай эд.

Ардчилал нь хөгжлийн хамгийн сайн замнал боловч ардчилаад л авбал бүх юм болчихдоггүй. Тогтолцоогоо хамгаалж, сонор сэргэг амьдрах хэрэгцээ гарна. Зөв замд түүнээс салдаг, төөрүүлдэг буруу салаа олон байдаг шиг ардчиллаар явж байгаад дарангуйлагч тогтоц руу ордог. Жишээлэхэд, хотоос Зуунмод орох замд, мэдэхгүй хүн төөрөөд явмаар Сонсголон, Бөхөг, Өндөр дов гээд олон салаа бий шиг.

Гэхдээ хуулийн хүрээнд сонор соргог байх, бас хуулийн цоорхойг соргогоор олох, төрийн сул дорой байдлийг соргогоор урвуулах, төрийн эрх мэдэлтний эмзэг асуудлыг соргогоор хөндөн дарамтлах, соргог байх эрх чөлөөг соргогоор ашиглах зэрэг нь хоорондоо ялгаатай. Үүнийг олон түмэн ч, төр ч, социалист сонор сэрэмжийн менежмэнттэй “соргогтогч” талууд ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

-Ардчилсан нам дотроо их бужигнаж байна. Хэзээ нэг эвтэй болох бол гэж бодогдох юм.

-Амьд юм бүхэн дотроо хөдөлгөөнтэй. Хүн ч гэсэн дотор нь цус эргэж, зүрх нь цохилж, элэг бөөр сэлтээ сэвтээхгүй ажиллаж байхыгаа л амьд байх гэж хэлдэг биз дээ. Улс төрийн нам ч гэсэн амьд зүйл учраас дотроосоо хөдөлж, урваж хөрвөж байж өөрийгөө шинэчилж, оршдог.

Үхсэн амьтан юуны түрүүн хөдөлгөөнгүй болдог шиг үхэж байгаа нам дотроо зөрчилгүй болоод гөлийдөг. 1990 оноос хойш ямар нам хамгийн их бужигнав, АН. Ямар нам хамгийн их төлөвшиж бүрэлдэв, АН. Харин ямар нам гөлгөр байв, МАХН. Ямар нам алга болов, МАХН. Үнэн хэрэгтээ МАХН аль хэдийнэ бие барсан. Харин өөрийгөө түүний залгамж гэж нэрлэсэн хоёр шинэ нам шинээр бойжиж эхэлж байгаа. Монгол хүн бүр өөрийгөө Чингэсийн удам гэж үзэх эрхтэй шиг, МАХН-ын үеийн олон хүн өөрийгөө түүнийгээ залгамжаар нэрлэх үндэстэй учраас гайхах ч юм алга.

-Ардчилсан намын дотоод зөрчил, арсалдаан тэмцэлдээнийг зүй зохистой гэж үзэж байна уу?

-Өвчин туурч, халуурч эдгэдэг. Ардчилсан нам “туурах”-ынхаа хэрээр эрүүлжиж байгаа. МАН ч, МАХН ч ялгаагүй. Бас “Сайхан хүүхэн сахалтай, сайн гүү соёотой” гэгчийн үлгэрээр “Сайн нам хэрүүлтэй, сайхан улс төр зодоонтой” гэсэн үг гээд яс ойлгож хэрэггүй л дээ. Гэхдээ л нам байтугай гэр бүл ч гэсэн үе үе санал зөрөлдөж, тэрнийхээ дараагаар урьд урьдынхаасаа илүү эвтэй болж энэ тэр явдаг байх.

-Төр барьж байгаа нам эвтэй байж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй бус уу?

-Түрүүн ярьсан, ардчилаад л авбал болоод явчихдаггүй гэж. Тэрэн шиг ардчилсан сонгууль хийхээр л төгс хүмүүс сонгогдоод ирдэггүй. Хараажийн ардчилсан байдлаар жолоодохын хэрээр төр ардчилагдахгүй. Ийм болохоор төрд гарах, төрийг барих тэр системээ байнга шинэчилж, аль болох боловсронгуй болгох хэрэгцээ гарна.

Улс төр чимээгүй, улс төрчид эвтэй байхаар л бүх юм болоод явчихгүй. Хүүхэд хардаг байсан улс, ач гучаа авдаг эмээ өвөө нар нэг юман дээр санал нийлэх байх даа. Хүүхэд гэнэтхэн чимээгүй болоод түвэг удахаа байчихвал заавал нэг болохгүй юм хийгээд сууж байдаг даа, гурил будаа асгаад ч юмуу. Яг тэрэн шиг эрх баригч нам, намууд чимээгүй болоод ирэхээрээ л эвгүй юм хийчихсэн байдаг. 2000-2004 онд МАХН ч, бараг дангаараа нэг намаас бүрдсэн парламент ч яасан чимээгүй, тохитой байлаа даа, нөхөд минь!

Нэмж хэлэхэд, төрд сайн хүн жолоодох, сайн муу нам эрх барихаас хамаарахгүй тийм боловсронгуй механизм хэрэгтэй байгааг л “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих” гээд байгаа юм. Тэрнээс биш төрийн албан хаагчид ухаалаг гар утастай болох төдий зүйл биш.

-Та төрийн албан хаагчид ухаалаг утастай болсныг шоолох гээд байна уу?

-Яалаа гэж. Ядаж л утасныхаа бүх функцийг ашиглаад сурчихвал бас л эрдэм шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *