Өнгөрсөн наймдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт ХААИС-ийн мянга гаруй оюутан Чингэсийн талбайг савандаж сойздон угаасан юм. Оюутнууд талбай савандаж угаасан тухай мэдээлэл ч хэвлэл, сайтуудаар гарлаа. Гэтэл олон нийт тэр сайхан сэтгэлт хэдэн оюутан хүүхдийг яаж шоолж баалж хүлээж авсан гэж санана. Уг мэдээллийн доор сайтад бичсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс энэ харагдана. “Ардчилсан коммунистууд коммунизмыг төгс утгаар нь байгуулж байна даа”, “Ёстой Хойд Солонгостой ойртож байна даа. Удахгүй хүний мах идэх юм байна. Хөөрхий Монгол минь” гэх мэтээр амьдралыг улстөргүйгээр харж чадахаа байсан хэсэг байхад “Больж үзээч ээ. Энэ чинь оюутнууд биш нөгөө архи уугаад хар тамхи хэрэглээд явдаг гаруудаар угаалгах хэрэгтэй ш дээ” гэсэн нь ч байв. Тэр бүү хэл өөрийгөө бүр “хотын иргэн” гэж тодотгож байгаад нэгэн комментчин сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэн гэж санана. “Энэ хөдөөний оюутнууд өөрсдөө эхлээд усанд ороосой билээ.Хир шивэр хоёр үнэртүүлчихээд талбай угаана, ёстой ой гутмаар” гэж. Бас нэг нь “Эхлээд өөрсдөө нүүр гараа угааж сурвал ядаж өөрт нь хэрэгтэй юмуу кккккккк…” гэсэн байх жишээтэй. Олонх нь өнөө хэдэн оюутан хүүхдийг хөдөө хээрээр нь дуудаж, хиртэй хөлстэйгөөр нь доромжилсон сэтгэгдлүүд сайтаар дүүрч билээ.
Шалихгүй жижигхэн гэмээр ч ихийг өгүүлэх уг мэдээний эргэн тойронд л гэхэд манайхан ийнхүү цаг зав гарган ам булаалдан бодол санаагаа “уралдуулсныг” бодоход хотынхоо, өөрсдийнхөө амьдралдтун ч анхаардаг юм байна гэмээр. Гэвч бид эргэн тойрон амьдралаа эрүүл нүдээр харж, хэвийн ухаанаар хандахаа больчихоод байгаагийн хамгийн тод жишээ энэ байв.Тэр хэдэн “хөдөөний” хүүхэд “хотынхон”-д хир дагийг нь цэвэрлээд өгч байхад яах гэж цэвэрлэв хэмээн хилэгнэн уурсах нь юу билээ. Харин ч баярлаж талархмаар, сайны үлгэр жишээ биш гэж үү. Оюутнууд тэр өдөр төв талбайг угааж хир дагнаас нь салгасан нь ямар нэгэн нэр хичээсэн дүр эсгэлт байсангүй. Монголчууд өөрсдөдөө хийсэн хамгийн эерэг, сэтгэл сэргээсэн өгөөжтэй ажил байлаа. Хэн нэгэн харийн хүн гар сунгаад бидний амьдралыг диваажин болгочих юм шиг бид “хаалга чагнан” суусаар ийм л өрөвдөм сэтгэхүйтэй, сул дорой болцгоосон шиг. Том, жижиг гэлтгүй, хувь хувьсгалын гэлтгүй бүх л ажил хэрэг дээр бусдын тусламжид амьдралаа даатгачихаад “бид Чингэс хааны үр сад. Тэнгэр биднийг ивээнэ” хэмээн цээжээ дэлдэн тэнгэр ширтэж ирсний хоржоонтой үр дагавар нь өнөөгийн бидний сэтгэхүйг ингэж л эвдэн сүйтгэжээ. Үүнтэй агаар нэг бас нэг сонин нийтлэл ч билүү гарч байв. Нэг эрдэмтэн “Монголчууд оюуны потенциаль сайтай. Хар ажилд тааруу. Тийм учир өөрсдөө оюуны ажлаа хийгээд гадныхнаар хар ажлаа хийлгэвэл зохино” гэж бичсэн байсныг мөн л хэвлэлийн хуудаснаас харж билээ. Монголчууд бид өөрсдийнхөө төлөө хийсэн алив ажлыг том жижиг гэлтгүй дэмжиж, баярлаж талархах сэтгэлтэй байцгаах сан. Эсрэгээр нь, буруутгаж нэгнийгээ доромжлон гутаасаар байвал өнөө тогтсон гажууд сэтгэлгээ, сайхан амьдрал хүлээн хаалга чагнан суудаг сул дорой төрх маргаашийн үр хүүхдүүдэд өвлөгдөнө биз дээ. Хоёр сарын өмнөх явдлыг эргэн санаж, сайны үлгэр жишээ болсон ХААИС-ийн тэр оюутнуудад талархлаа илэрхийлцгээе.
Биднээс илүү эрүүл, өөрсдийнхөө төлөө өөрсдөө хийж бүтээх сэтгэхүйтэй залуу үе гарч ирж байгаад бүр ч талархацгаая.
Н.ПАГМА