Categories
мэдээ цаг-үе

Амгалангийн дулааны станц энэ ондоо эхний галлагаагаа хийнэ

Амгалангийн дулааны станцыг 18 сарын хугацаанд барьж байгуулан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ийм станцыг монголчууд 31 жилийн тэртээ бүтээн босгож байсан түүхтэй. Харин энэ цагт эхлүүлсэн тус бүтээн байгуулалт нь ойролцоогоор 50 мянган өрхийг буюу Улаанбаатар хотын Сансрын туннелиэс зүүн тийшхи хэсгийг дулаанаар хангах бөгөөд ажлын явц 70 хувьтай байгааг сурвалжиллаа. 2013 оны хоёрдугаар сараас бүтээн байгуулах тогтоол шийдвэр гарснаас хоёр сарын хойно Хятадын “СМЕС” компани, Хятадын хөгжлийн банк, Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам зөвшилцөн 75.9 сая ам.долларын өртөг бүхий анхны гэрээг үзэглэжээ.

Хуучнаар УС-15 буюу Амгалангийн троллейбусны эцсийн буудлын чанх хойно босч буй дулааны станцыг өдийд бараг ашиглалтад өгөх боломжтой байсан ч газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан таван сар орчмын хугацааг алдсан аж. Гэхдээ өнөөдөр гурван зуухаа угсарч, нэгдүгээр зуухыг нь ашиглалтад өгсөн ажлын ахицтай байна. Нэгдүгээр зуухны орчмоос гадна талын дулаалгын ажил л үлдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 15 гэхэд анхны галлагаагаа хийхээр төлөвлөжээ. Тун удахгүй хоёрдугаар зуухыг ашиглалтад өгөх бөгөөд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тэрчлэн яндангаа босгож, вагон өргөгчийн суурийг 18 метрийн гүнээс газрын гадарга хүртэл цутгаж, уутат шүүлтүүр, утаа сорогч, 700-гийн хос шугам, 110 агаарын шугамыг ашиглахад бэлэн болгож нийт 34 хэсэг объектын ажлыг зэрэг ахиулсан байна. Ийнхүү технологийн угсралт үндсэндээ дуусч үндсэн барилгыг битүүлэх ажлыг хийж эхэлсэн байлаа.

Нийт 400 орчим ажилтан, “Хасу мегаватт”, “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ”, “BZ” компанийн хүчээр баригдаж буй тус станц нь 300 мВт-ын хүчин чадалтай аж. Ийнхүү тус станцыг 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад өгөх бол нийт 34 объект хэсэг бүрийн үйл ажиллагааг уялдуулах, тохируулга хийхэд 40-50 хоног шаардагдах юм байна. Жишээ нь зуухыг галлахдаа бага илчлэгтэй нүүрс хийгээд бага, дунд, их ачаалал авахдаа хэрхэх нь вэ, өндөр илчлэгтэй нүүрсэн дээр хэрхэн ачааллах нь вэ гэх мэтээр тохиргоог нь хийдэг байна. Тэрчлэн 10-15 жилийн дотор зардлаа нөхөж тэр цагаас хойш ашигт ажиллагаанд шилжих тооцооллыг гаргажээ.

Тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн, экологид ээлтэй гэдгийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Баттөмөр, ерөнхий инженер Ч.Цогтсайхан нар онцолж байсан. Тодруулж өгүүлбэл зуух нь 99 хувийн шаталттайн дээр нүүрсний үнснээс ялгардаг хүнцэл мэтийн хор орчинд тархах нөхцөлгүй, утаа нь тортог, бохирдолгүй байх гэх мэт шаардлагыг хангажээ. Нүүрсийг битүү агуулахад буулгаж газар доорх конвейрээр дамжуулан зуухны аманд хүргэх аж. Энэ хооронд тоос үүсгэхгүйн тулд бороожуулах гэх мэтээр бусад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдлүүд хийгддэг байна. Харин утаа нь сорогчоор дамжин шүүгдэж уутат шүүлтүүрээр дахин орж шохойн чулууны уусмалаар шүршигдсэнээр агаарт гарахдаа ямар нэгэн химийн агууламжгүй болдог гэнэ.

Өнгөрсөн хугацаанд ажиллахад гарсан гол бэрхшээл нь хятад ажилчидтай л холбоотой байж. Өдөрт хоёр цаг унтдагийг нь өнгөрсөн өдрүүдээр үржүүлэхэд бараг нэг сарын хугацаатай тэнцэж тийм хэмжээний ажиллах хугацааг дэмий өнгөрөөжээ. Тэрчлэн санхүүжилт бага зэрэг саатаж хятад ажилчдын цалин нь оролгүй ганц цаг өнгөрөхөд л ажлаа орхин гиюүрч эхэлдэг байжээ. Мөн 20 орчим хоног бороо орсон гэх мэтээр төслийн удирдлагуудыг багагүй ундууцуулсан үйлдлүүд гарч байж. Гэхдээ төлөвлөгөөт 18 сарын хугацаанд ашиглалтад оруулах бүрэн боломжтой байгааг өгүүлж байсан. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн салбар шинэ шатанд гарах нь.

Гэвч энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр гэр хорооллын хашаа бүрт халаалтын труба хүрнэ гэж ойлгож болохгүй гэдгийг тэд өгүүлж байсан. Яагаад гэвэл гудамж бүрийн дулааны худаг, дэд бүтцийг хийх зардал нь харьцангуй өндөр гардаг байна. Тэгэхээр одоохондоо иргэд хашаандаа хаус барьж тухлах болоогүй бололтой. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр орон сууцны хороолол баригдсан тохиолдолд дулаанаар хангаад явах юм байна.

Амгалангийн дулааны станцыг барих санал сэжүүрийг гаргаж, ТЭЗҮ-ийг нь Ч.Цогтсайхан боловсруулсан бөгөөд өнөөдөр өөрөө удирдан ажиллаж байгаа юм байна. Тиймээс Амгалангийн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны ерөнхий менежер Ч.Цогтсайханаас дараахь зүйлийг тодрууллаа.

Та бүхний хийж буй бүтээн байгуулалт сүүлийн 30 жилд Монгол Улсын хэмжээнд хийгдээгүй гэдэг. Эхлүүлчихвэл богино хугацаанд босгож болж байна. Өмнө нь яагаад энэ ажлыг хийдэггүй байсан юм бол?

-Яригдсаар, судлагдсаар байгаад л өнөөг хүрсэн. Одоогоос найман жилийн өмнө буюу Улаанбаатар хотын стратеги бодлого төлөвлөлтийн газарт намайг ажилладаг байхад тухайн үеийн хотын ерөнхий менежер Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын дулааны балансыг шинэчлэх, эх үүсвэрийн нарийвчилсан судалгаа”-ны ажлыг хийлгэх шаардлагатай гээд эхлүүлсэн. Ингээд эрдэмтдийн хамтаар ажиллахад 2010 он гэхэд хотын зүүн хэсэгт эрчим хүчний, нэнэ ялангуяа дулааны эх үүсвэр барихгүй бол ихээхэн хүнд байдалд орох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ингээд 2006 оноос хойш 2010 он хүртэл зохих ажлуудыг хийсэн байх шаардлагатай гэдэг гурван үндсэн чиглэлийг гаргасан. Нэгдүгээрт станцууд дээр байгаа дулааны эх үүсвэрүүдийг бүрэн ашиглах тухай. Юу гэсэн үг вэ гэвэл 1990 оноос хойш ашиглахаа больсон хивс, гахай, савангийн үйлдвэрт ашигладаг байсан уурын хэрэглээг дулаан руу шилжүүлье гэдэг. Хоёрдугаарт дулааны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бүх магистралыг өргөтгөх шаардлагатай. Учир нь Улаанбаатар хот 500 мянган хүний багтаамжтайгаар төлөвлөгдөж бүх зүйл нь хийгдсэн гээд гаргаж ирсэн. Гуравдугаарт одоо барьж буй хотын зүүн хэсгийг хангах дулааны станцыг барихгүй бол дулааны дутагдалд орж асуудал ар араасаа босно гэдэг санааг дэвшүүлсэн. Ингэж хотын удирдлагууд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Тэгээд 2010 оноос өмнө яагаад барьж амжсангүй вэ?

-2007 оноос эхлэн дулааны гол магистралуудыг өргөтгөх ажлууд хийгдсэн. Харин одоо байгаа УС-15 дээр хоёр ч удаа тендер зарлагдсан байдаг. Хамгийн сүр дуулиантай нь Солонгосын этгээдэд 300 сая төгрөг шилжүүлтэл хэлмэрч нь 200 саяыг нь авсан луйврын хэрэг болж тэр ажил цуцлагдсан. Хот мөнгөө буцааж олж авах нь авсан. Энэ хугацаанд бид барьж өгье гэж олон газар орж ирсэн. Тэгээд технологийг нь үзэхэд 1992 оноос хойш Япон, Солонгос гээд бүх орнуудад хэрэглэхээ больж, үйлдвэрлэл нь хаагдчихсан технологиудыг оруулж ирэх гээд байсан юм. Тэр бүхэнд нь бид болохгүй гэдэг хариуг өгч байсан. Америк, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани хаагдсан технологиор барьж байгуулах гээд л ирж байсан. Харин 2012 онд шинэ Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд “Хий” гэсэн. Энэ зүйл гэнэт гарч ирсэн юм биш. Хамгийн гол нь хүн бүрт зөвөөр ойлгуулах шаардлага байсан. Ер нь 1986 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөөр Улиастай, Ганц худагийн гээд дулааны станц байгуулах ёстойг олон жилийн хугацаанд ярьж төлөвлөж байсан.

Амгалан дулааны станцын ач холбогдол, нөлөөллийн тухай ярих юм үгүй биз. Улаанбаатар хотод дахин ийм станц барих шаардлага бий юу?

-ТЭЦ-4, ТЭЦ-2, ТЭЦ-3 гэсэн эх үүсвэрүүд бүгд хотынхоо баруун талд байдаг. Эндээс Улаан хуаран орчимд хүрэхэд 27-28 км замыг туулдаг. Хэвийн дулааныг хотын зүүн хэсэгт авч ирэхэд дунд нь олон тооны даралтат шахуурга, носас ажиллуулах шаардлагатай. Ингэж ашиглалтын зардал тэр хэрээрээ өснө. Харин Амгалан станцыг барихаар ашиглалтын зардлыг бууруулах, ТЭЦ-4, ТЭЦ-2, ТЭЦ-3-аас суларсан нөөц дулааныг бусад хэсэгт түгээх боломж бүрдэж байгаа. Өмнө нь Улаанбаатар хотод 15-16 давхар өндөр барилга баригддаггүй байсан даа. Учир нь дулааны хүрэлцээ муу учраас, түгээх чадваргүйгээс үүдэн олон давхар барилга бариулдаггүй байсан юм. Тиймдээ ч Улаанбаатар хотыг шавар тагзаар дүүргэлээ гэсэн шүүмжлэл гардаг байсан даа. Харин энэ төсөл хэрэгжиж ашиглалтад орсноор хотын өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ихээхэн эерэг нөлөө авчрах стратегийн үндэслэлтэй.

Дулааны үнэ ямар байх бол?

-Бусад дулааны станцыг бодвол харьцангуй цөөн өрхийг хангана. Тэгэхээр бусдаасаа арай өндөр байж зардлаа нөхөх болов уу.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *