Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Зүүний хүчний холбооны хурлаар намтай холбоотой асуудал яриад байдаггүй

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга, Зүүний хүч­ний холбооны Бага хурлын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.

Ардын намын зүүний хүчний холбоо өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Танай холбоог МАН-ын нэг фракц гэж ойлгож болох уу?

-Зүүний хүчний холбоо бол намаас тусдаа төрийн бус байгууллага. Энэ холбоо намын гишүүн болон гишүүн бус зүүний үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийг нэгтгэсэн. Зүүний үзэл баримтлал бол хү­ний төлөө байдаг. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаа­лахаас гадна байгаль орчноо хамгаалдаг. Улс орны хэм­жээнд гишүүдийн тоо нэлээд ихтэй байгууллага л даа.

Зүүний хүчний холбоо хэзээ байгуулагдсан юм бэ. Уг холбоог У.Хүрэлсүхийн фракц гэж ярьдаг?

-Зүүний хүчний холбооны ерөнхийлөгчөөр манай намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх ажилладаг. Манай холбоо байгуулагдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзчихлээ. Зүүний хүчний холбоонд заавал нам гэлтгүй зүүний баримтлалыг дэмждэг иргэд, зүүний үзэлтэй өөр намын гишүүд ч нэгдэж болно.

Ардчилсан нам фракцаа ил зарладаг. МАН фракцаа ил гаргадаггүй удирдлагууд дээрээ зангидагддаг гэдэг. МАН далд фракцтай байснаас АН шиг ил байж болохгүй юу?

-МАН-ынXXVIIИх хурлын үеэр энэ асуудлыг хөндөж нэлээд удаан ярилцсан. Олон улсын туршлагаас харахад фракц гэдэг улс төрийн соёл, намынхаа төлөө бодлого, үйл ажиллагаагаа хэвшүүлээд ажилладаг. Үр дүнгээс нь хамаарч намын бодлого шийд­вэрт оролцуулдаг. Ардчилсан намын фракцуудын хэлбэр олон улсын сонгодог хэлбэ­рээс нэлээд хол. Энэ бол зүгээр л албан тушаалын наймаа, шантааж, эрх мэдлийг хуваах хэрэгсэл. Тиймээс АН-ын фракц намын эрх ашигтаа харш л даа. Нөгөө талдаа АН бол олон намын нэгдэл. Харин манай нам угаасаа л нэг нам. Тиймээс ялгаа нь эндээ байгаа юм.

Харин ч далд фракц илүү аюултай юм биш үү?

-Манай нам нэгдсэн тогтолцоотой. Нам шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлээд, олон улсын системийг сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг. Тэгэхээр албан тушаалын наймаа байхгүй. Харин ч оюун ухаанаа өрсөлдүүлдэг. Хэн ажил хийж байна вэ гэдэг нь харагддаг юм. Нам доторхардчилал, шударга ёстой салшгүй холбоотой. Үүнийг хэвшүүлж чадвал зөв гэж хувьдаа боддог.

Зүүний хүчний холбоо яагаад хаалттай хуралдаж байгаа юм бэ. Ямар асуудлыг хэлэлцэж байгаа болоод ингэж хаалттай горимд явуулахаар болов. У.Хүрэлсэх дарга ирсэн юм уу?

-У.Хүрэлсүх дарга Монголд байгаа. Зүүний хүчний холбооны хурлаар хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, цаашдын зорилтын талаар ярилцаж байна. Түүнээс нууж хаагаад байх хаалттай зүйл байхгүй.

У.Хүрэлсүх 2012 оны сонгуулиар гишүүн болсон ч удалгүй татгалзсан. Ардын намын ялагдалд хүргэсэн гол хүн нь түүнийг гэх хүмүүс бий. У.Хүрэлсүхийг гишүүнээсээ буусны дараа Ардын намын удирдлага солигдсон тул нөлөө нь намд байхгүй боллоо гэх юм. Гэтэл Зүүний хүчний холбоо сэргэж байгаа нь түүний нөлөөлөл улс төрд сэргэж байна гэсэн үг үү?

-2012 оны сонгуульд МАН ялагдсан олон шалтгаантай. У.Хүрэлсүх даргын гишүүний суудлаа өгсөн шалтгаан нь юу ч байсан хамаагүй намын удирдлагууд сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага хүлээдэг. Үүний дагуу л хариуцлагаа хүлээсэн. Одооны дарга нар ч гэсэн ялгаагүй үйл хэргээ дүгнүүлнэ.

Нам дотроо санал бодлоо солилцдог, намын цаашдын бодлогыг тодорхойлдог, зөвлөлддөг намын лидерүүдийн нэг нь У.Хүрэлсүх дарга яах аргагүй мөн. Тиймээс нам дотор өөрийн гэсэн байр суурьтай хүн. Цаашид ч гэсэн намынхаа ажилд илүү оролцоотой байгаасай гэж хүсдэг. У.Хүрэлсүх дарга шиг Их хурал дээр шулуун шударга, хурц үгээ хэлчихдэг хүмүүс манай намд үгүйлэгдэж байна. Нам хэцүү байхад дуу хоолойгоо түмэн олондоо хүргэдэг байгаасай гэж боддог. Одоогоор намын ажилд ороод байгаа зүйл харагдахгүй байна.

Намынхаа Их хурлын дараа албан тушаалгүй үлдсэн ганц фракц Зүүний хүчний холбоо гэж үзээд байгаа. Үнэхээр бялуугүй үлдсэн юм уу?

-Ялагдсан намд албан тушаал гээд байх юм үлддэггүй. Сонгуульт ажил, илүү хариуцлага, ачаа л байна уу гэхээс томилогдсон, үгүй гэж гомдоод байх юмгүй.

Шинэчлэлийн хороо Зүүний хүчний холбоо хоёр нэг гэж ойлгож болох уу. Та аль алинд нь харьяалагдаж байгаа болохоор тэгж ойлголоо?

-Зүүний хүчний холбоо намын харьяат биш. Харин Шинэчлэлийн хороо бол намынх. Тиймээс ялгаж салгах хэрэгтэй. Би зүүний хүчний холбооны үзэл баримтлалыг дэмждэг. Эдийн засаг хямарсан энэ үед иргэдэд халамжийн бодлого явуулах хэрэгтэй. Тэгж иргэд хүнийхээ төлөө ажиллахгүй бол болохгүй.

Зүүний хүчний холбооны хурал дээр намтай холбоотой асуудал төдийлөн яригдаад байдаггүй. Төрийн албан хаагчдын тулгамдсан асуудлууд байгааг яаж шийдэх вэ гэх мэтээс эхлээд ярих юм бий. Тэдний ажиллах боломж, цалин хөлс хангалтгүй байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооны гол зорилго юу вэ. Дорвитой ажиллаж байсан ч энэ жилийг дуугүй өнгөрөөж байх шиг?

-Шинэчлэлийн хороо өмнө ньхөдөлгөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байсан. Бид энэ тавдугаар сард ТББ байгууллага болсон. Шинэчлэлийн хорооны зорилго улс төр дэх намуудын бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагааг сайжруулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх, иргэдэд хүрсэн бодлого боловсруулах, тэдний эрх ашгийг хамгаалах санал боловсруулж улс төрийн намуудад санал болгох, иргэдийн дуу хоолой болж асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг. Шинэчлэлийн хороо бүх аймаг, дүүрэгтсалбараа байгуулж байгаа. Жилийн өмнө намынXXVII Их хурал болоход намынмаш том бодлого, шинэчлэлийн хувилбарууд гарсан. Түүний шийдвэрүүдийг үр дүнтэй болгох, хурдасгах, эрчимжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Ямар үр дүн ажиглагдаж байна вэ?

-МАН дотооддоо санал бодлоо маш сайн солилцож байгаа. Иргэд яагаад Ардын намд саналаа өгөх нь буурав. Оюутан, залуусын итгэл юуны тулд багасав гэдгийг бид ярилцаж байна. Тиймээс улс төрийн ууган намын хувьд ард түмнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ярилцан тодорхой үр дүнд хүрч байна даа.

МАН өнөөдрийн нөхцөлд сөрөг хүчний байр сууринд ажиллаж байна. Сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байгаа бол?

-Иргэд, намын гишүүдийн дунд илүү эрч хүчтэй ажиллах хэрэгтэй гэсэн хүлээлт байдаг. МАН-аас Их хуралд сонгогдсон гишүүддээ тулгуурлан нам иргэдийн эрх ашгийг хамгаалах, намын гишүүдийнхээ дуу хоолой болох хэрэгтэй. Ард түмэн, МАН-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах гол ачааманай намаас сонгогдсон гишүүдэд оногдож байна. Ачааны хүндийг гэхдээ зөвхөн Их хурлын гишүүд үүрэхгүй. Бид ч гэсэн дэмжээд ажиллана. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ бодит байдал дээр сөрөг хүчний дуу хоолойг иргэдэд хүргэх боломж тийм ч нээлттэй биш байна шүү дээ. Эрх баригчид төрийн механизмыг ашиглан аль болох сөрөг хүчний дуу хоолойг боомилох гэж зүтгэдэг. Энэ нь Их хурал дахь сөрөг хүчин ч бус бизнес эрхлэгчид, ардчилал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгчид, газар нутаг уул усаа хайрлан хамгаалж байгаа хүмүүсийн дуу хоолойг боомилох, тэдгээрийг барьж хорих, дуугарсныг айлган сүрдүүлэх байдал үүсгэж байгаа. Тэр нь нийгэмд айдас болон эргэн бууж байна. Ийм нөхцөлд сөрөг хүчний дуу хоолойг гаргана гэдэг мэдээж хүнд. АН-ыг өмнө нь сөрөг хүчин байхад Ардын нам бүх боломжийг нь олгодог байсан. Улс орны эдийн засаг, нийгэмтэй холбоотой асуудлууд дээр байнга зөвлөлддөг байсныг санаж байгаа байх. Тэр бүү хэл манай намаас сонгогдсон Ерөнхий сайдыг барьж идэх нь холгүй тал талаас нь чөлөөтэй дайрч, доромжилдог байсан юм. Ингэлээ гээд аль болох авах гээхийн ухаанаар хандаж ирсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа ч аль болох нөөц боломжоо дайчлан улс төрийн эр зориг гарган, Их хурал дахь бүлгийн гишүүд чөлөөтэй үгээ хэлж, тэмцэж байгаа нэгнээ тойрон хүрээлдэг байх ёстой. Манай намын нэг дутагдал нь асуудалд холбогдсон гишүүдээ хамгаалж чадаагүй явсаар ирсэн. Тэгснээр дараа дараагийн дуугарах хүний тоо цөөрч байна. Бид дуугарлаа гэхэд биднийг хамгаалах нам байна уу үгүй гэдэг асуудал бий.

Шоронд орсон хүмүүсээ нам нь хамгаалж чадахгүй байгаа байдал харагдах юм. Харин Шинэчлэлийн хороо үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хэд хувааж үзмээр санагддаг. Намын нэрээр албан тушаал авчихаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд намын итгэлийг хөсөрдүүлэн шийтгэл хүлээж байгаа тохиолдол байгаа байх. Нөгөөх нь үнэхээр намынхаа төлөө ажиллаад хандив мөнгө авснаа намын үйл ажиллагаанд зарцуулж улс төрийн үйл ажиллагаа явуулан алдсан хүмүүс бий. Тэгвэл өөр нэг хэсэг нь цэвэр гүтгэгдэж, хэлмэгдэж байгаа хүмүүс бий тул ялгаж үзэх хэрэгтэй. Авлига аваад хэрэгт холбогдсон бол намын удирдлагууд өмгөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин хэлмэгдэж, гүтгүүлж эрх ашиг нь хохирч байгаа намын гишүүд болон манай намыг дэмждэг бизнес эрхлэгчдийг нам хамгаалах ёстой. Хамгаалж чадахгүй бол цаана нь гишүүдийн итгэл үнэмшлийн асуудал сөхөгдөнө.

Я.МӨНГӨН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *