“Энүүхэнд байгаа Солонгос руу нисч очоод Азийн наадам шууд дамжуулчих нэг ч телевиз алга. Арчаагүй юм” гэж амтай болгон нь ярьж, бичиж байна. Нэрэлхэж нэрээ идээд яах билээ. Үнэндээ Монголд өөрийнхөө зардлаар Азийн наадмыг сурталчлах нэг ч телевиз цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засгаар тэгтлээ биеэ дааж чадаагүй. Эрх баригчид, улстөрчид тэднийг бодлогоор сөхрүүлж, эдийн засгийн чадамжгүй болгочихсон нь бодит үнэн. Сонгууль болгоноор ашиглаж хаясаар байгаад тамирдуулж, сөхрүүлсэн нь ч эмгэнэлт үнэн.
Төрөөс хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ямар ч дэмжлэг өгдөггүй. Тус болдоггүй байж бодлогоороо хорлохыг яана. Гаргаж байгаа хууль бүр нь хэвлэл, мэдээллийн эсрэг. Дээр нь дүрэм, журмаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж боодог. Харилцаа, холбооны газрынхны мөрдөж байгаа хэдэн зуугаар тоологдох дүрэм, журам хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг чиглэсэн заалттай. Реклам, сурталчилгаа гаргах цагийг нь хүртэл яг, таг заагаад өгчихсөн. Нэг секунд хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг чинь хураана гэж айлгадаг болоод удаж байна. Ерөөсөө эрх баригчид өөрийн гэсэн сайттай, twitter-т жиргэдгээрээ олон нийтэд өөрсдийгөө сурталчилчихаж байна гэж боддог. Тийм ч учраас олон нийтийн хүсэн хүлээсэн мэдээллийг нь түгээх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хэрэггүй гэж ойлгодог. Тэр хэрээрээ хэвлэл мэдээллийг хаасан, хориглосон зүйл заалтыг хууль болгондоо шингээхийг зорьдог нь нууц биш. Сүүлийн жишээ гэхэд “Хаалтын гэрээ” гэх зохиомол зүйлийг зориуд гарган ирж, шуугиан болгох оролдлого хийлээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд төлбөр төлж хийж байгаа ажлаа тайлагнадаг байсныгаа “Хаалтын гэрээ” гэж зориудаар мушгин шуугисан. Түүнээс хэдэн сэтгүүлч шударгадаа ч “Хаалтын гэрээ” гэх хоосон зүйлийг илчилчихсэн юм биш. Төлбөр төлж хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэхгүйн тулд эрх баригчдын зориудаар гаргаж ирсэн хэл ам юм шүү дээ.
Одоо хэвлэл, мэдээллийн байгууллага бүрийг устгах хууль батлахаар дуншиж байгаа нь Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэсэн гоё нэртэй ч батлагдаад, хэрэгжээд эхлэхээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг саармагжуулж, аажмаар устгах зорилготой. Яагаад гэвэл энэ хууль батлагдвал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр реклам, сурталчилгаа явуулахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг, сэтгүүлчдийг удирдлагын дарамтаас чөлөөлнө гэх нэрийдлээр байгууллагыг тарааж, бусниулна. Редакцийг хөрөнгө оруулагчаас нь салгана. Төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг гаргахыг хориглоно. Ингэж хорьж, хаасны үр дүнд бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн адил татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн арван хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалгаа барихаас аргагүйд хүрнэ. УИХ-ын гишүүд ийм л хууль батлуулах гэж араа шүдээ хурцалж, инээдээ барьж ядаад байгаа. Эрх баригчдын ийм хорон бодлого, явуургүй ажлын үр дүнд Инчонд очоод Азийн наадмыг шууд дамжуулах эрх авчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл үлдсэнгүй. Үүнийг л та бүхэн харж, монголчуудынхаа гал гаргасан тоглолтыг харж чадахгүй харамсч сууна. Хувийн телевизүүд нь тамирдчихсан, спортын наадам сурвалжлах боломжгүй юм гэхэд олон нийтийн статустай МҮОНРТ нь хаана байна гэж асуух хүн олон бий. МҮОНРТ-ийн удирдлагуудад спортын наадам сурвалжлах хүсэл, сонирхол байхгүй. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй, түвэгтэй учраас хэзээ ч ийм ажил хийхгүй. Инчон хотноо болж буй Азийн XVII наадмыг шууд дамжуулах эрхийг худалдаж авах талаар хамтран ажиллах гэсэн хувийн телевизүүдийн хүсэлтийг МҮОНРТ-ийнхэн тоожч хараагүй гэнэ лээ. Яагаад гэвэл МҮОНРТ монополь учраас бусадтай өрсөлдөх, хамтрахшаардлага байхгүй. Улсын төсвөөс жилд 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг МҮОНРТ эрх баригчдыг дагаж, тэднийгээ магтан дуулахаас үзэгчдийн хүссэн мэдээллийг түгээхгүй. Эрх баригчид ч өөрийнхөө МҮОНРТ-ээр магтуулаад сууж байх сонирхолтой учраас хувийн телевизүүдийг дайсан мэтээр хардаг болсон.
Бидний төлсөн татвараас жил бүр 10 тэрбумыг авдаг, сар бүр нийслэлийн айл бүрээс 1500 төгрөгийн шимтгэл хураадаг төрийн монополь байгууллагатай хувийн телевизүүд өрсөлдөнө гэдэг заан, ялааны үлгэртэй адил. Төрийн ийм монополийг задлаагүй цагт Монголд телевиз хөгжихгүй. Ард түмэн ч хүссэн мэдээллээ, хүлээсэн нэвтрүүлгээ үзэж чадахгүй.
Хэрвээ ард түмэнд мэдээлэл өгье гэвэл, үзье гэснийг нь үзүүлье гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг элдвээр боох, боорлох хууль дүрмээ эрс цөөрүүлмээрбайна. Жамаараа хөгжих боломжийг нь олгочих хэрэгтэй байна. “2 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй” гэсэн. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл манай сонинд ярилцлага өгөхдөө “Ер нь ямар ч дэмжлэг үзүүлэхгүй атлаа төрийн ачааг үүрэлцэж байгаа хэсгээ хааж боомилох явдал их байна. Харилцаа холбооны зохицуулах хороо телевизүүдийн рекламны цагт хязгаар тавьж байгаа нь ч буруу. Их байна, төвөгтэй байна гэж үзвэл үзэгч тэр сувгийг сольж л орхино. Зах зээл нь, үзэгчид нь зохицуулах асуудалд төр, засаг оролцоод илүү зардал гаргаад л байгаа хэрэг шүү дээ, энэ нь” гэж ярьсан. Энэ нь ч үнэн.
Одоогоор Монголын хувийн телевизүүдээс зөвхөн ETV хагас эрхтэйгээр зарим нэг тоглолтыг үзүүлж байгаа. Эрх баригчдын дарамт шахалтад тамирдаж, туйлдсан телевизүүд яагаад БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн XVII их наадмыг Монголын үзэгчдэд үзүүлж чадахгүй байна вэ. Энэ тухай сурвалжиллаа.
О.Магнай: МҮОНРТ-Д ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БАЙХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Уржигдар орой гэхэд манай эрэгтэй сагсчид Солонгосын шигшээ багтай хийсэн тоглолтыг Монголын нэг ч телевиз үзүүлж чадсангүй. Харин Twitter-т @хасар10хаягтай охин үзэгчдийн суудлаас гар утсаараа бичлэг хийж интернэтэд орох боломжтой хүмүүст манай эрэгтэй сагсчдын гал гаргасан тоглолтыг үзүүлж чадлаа. Олон хүн түүнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Тэр охин утасныхаа батарейг үе үе сольж байсныг эс тооцвол үнэхээр сайн дамжуулж чадсан. Түүнийг утасныхаа батарейг цэнэглэх зуурт үзэгчид “Юу болж өнгөрсөн бол” гэж түгшин хүлээж байв. Монголд үйл ажиллагаа явуулж буй 142 телевиз гар утсаар шууд дамжуулан үзүүлж сууж байгаа ганц охиноос үнэхээр муу байна уу.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай дараах хариултыг өглөө.
-Үзэгчид сар бүр МҮОНРТ-д 1500 төгрөгийн хураамж төлдөг. Гэтэл хүссэн мэдээллийг нь өгөхгүй байна. Азийн наадмыг гэхэд л дамжуулж чадсангүй. Үзэгчид хураамжаа төлөхгүй байх уриалга гаргасан байна. Би ч МҮОНРТ-д төлбөр төлөхгүй байх уриалгыг дэмжиж байгаа.
–Төрийн монополь эрхтэй энэ байгууллагатай өрсөлд гэж байгаа нь хувийн телевизүүдийг туйлдуулж байгаа юм биш үү. Азийн наадам үзэх эрх худалдаж авах мөнгө байхгүй гэдэг хариултыг ихэнх телевиз өгч байна.
-Хэвлэл, мэдээллийн салбарт монополь байгаа, хэрэглэгчдийг хохироож байгаа асуудалд анхаарлаа хандуулна. УИХ-ын нэр бүхий гишүүд ч МҮОНРТ-ийг хувьчлах хуулийн төсөл ярьж байгаа. Тиймээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгнө гэв.
“ӨНДӨР ҮНЭЭР ДАМЖУУЛАХ ЭРХ АВДАГ ШҮҮ ДЭЭ”
Монголын телевизүүдийн холбооноос ийм хариултыг өглөө. “Олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг дамжуулах эрхийг маш өндөр үнээр авах шаардлагатай болдог. Мөнгийг нь яаж ийж төлөөд эрхээ авлаа гэхэд эргээд ашиг олох магадлал байхгүй. Шууд дамжуулалт дундуураа реклам цацахыг хүртэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмээр зохицуулчихдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэнд төрийн ямар ч дэмжлэг байхгүй. Зөвхөн рекламаар санхүүжиж, нэвтрүүлгээ бэлтгэж, сэтгүүлчдээ цалинжуулж байгаа. Реклам, сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг их хийж байж л санхүүгийн эрх чөлөөтэй болох боломжтой. Санхүүгийн эрх чөлөөтэй байж шууд дамжуулах эрх зэргийг худалдаж авч үзэгчдийн хүссэн нэвтрүүлгийг бэлтгэх боломжтой.
Гэтэл өндөр үнээр эрх аваад алдагдалтай ажиллах боломжтой телевиз бараг алга. Албан ёсны эрхийг нь худалдаж аваад дамжуулах, хувь хүн бичлэг хийгээд интернэтээр цацах хоёр өөр асуудал. Хэрвээ бид мөнгөгүй гээд хулгайгаар дамжуулах бол телевизээ хаалгах болно” гэж Монголын телевизүүдийн холбооныхон учирлалаа.
“МАНАЙД АЛДАГДАЛТАЙ БОЛОВЧ АЗИЙН НААДМЫГ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА”
“ETV” телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзулаас зарим зүйлийг тодрууллаа.
–Солонгосын Инчон хотод болж буй Азийн XVII наадмыг Монголд ганц танай телевиз л дамжуулж байгаа. Энэ эрхийг ямар журмаар олж авсан бэ?
-Манайтелевиз Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо буюу Asia-Pacific Broadcasting Union /ABU/-д хандан “Инчон-2014” наадмыг дамжуулах албан ёсны эрхийг авсан. Наадам эхлэхээс сарын өмнө ABU-аас Монголын пүүл холбоо буюу бусад телевизүүдэд санал ирсэн гэсэн үг. Монголын телевизүүдийн холбоо болон Монголын пүүл холбоонд нэгдсэн телевизүүд дээрх хүсэлтийг авч хэлэлцээд хүлээж аваагүй. Ингээд маргааш наадам эхэлнэ гэж байхад манай телевизэд ABU өөрсдөө хүсэлт тавьж “Танай улсаас 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид “Инчон-2014″ наадамд оролцох юм байна. Та бүхэн өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ, жүдо, чөлөөт бөхийн ДАШТ-ийг дамжуулж байсан туршлагатай. Тиймээс энэ том арга хэмжээг та бүхэн дамжуулна уу” гэсэн санал ирүүлсэн.
–Бусад телевизүүд яагаад саналаас татгалзсан юм бол?
-Анх манай телевизүүдэд хандахад дамжуулах эрхийг 200 мянган ам.доллар гэсэн үнийн санал тавьсан. Монголын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед 200 мянган ам.доллар гэдэг маш их мөнгө. Тиймээс телевизүүдээс ярилцаад дээрх саналыг зөвшөөрөөгүй. Үүнийг Монголын пүүл холбоо зохицуулж болох байсан. Өмнө нь 2012 оны зуны олимпийг Монголын найман телевиз дамжуулж байсан. Тухайн үед олимпийн эрхийг мөн л ABU-аас өгч пүүлийн системээр зохицуулсан. Найман телевиз сугалаа сугалаад спортын төрлүүдээ хуваагаад аль болох үзэгчдэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн. Тэр үед гэрээнд заасан мөнгийг ч хуваагаад төлсөн. Энэ зарчмаар ажиллаж болох л байсан. Тэрнээс бид аль нэг телевизийн урдуур ороод Азийн наадмын эрхийг авчихсан юм биш.
–Танайх Засгийн газраас тусламж хүссэн гэсэн. Үнэн үү?
-Тийм ээ. Цаг тулсан байсан учраас яалт ч үгүй Засгийн газарт хандсан. Гэвч бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй.
–Монголын пүүл холбоонд хичнээн телевиз нэгдсэн юм бэ?
-Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр ахлуулсан долоон телевиз бий. ETV, NTV, UBS, 25TV, TV5, Боловсрол зэрэг телевиз гишүүн гэж явдаг.
–Тэгэхээр танай телевиз бусад телевизүүдийн нэгдээд ч төлж чадахгүй байгаа мөнгийг дангаараа гаргасан гэсэн үг үү?
-Манайх шиг зөвхөн рекламныхаа орлогоор 80 гаруй ажилчдаа цалинжуулж, бас өөр олон тэмцээн, наадмын контентынхоо мөнгийг төлдөг арилжааны телевиз 200 мянган ам.долларыг яагаад ч төлж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гол нь бид Азийн энэ том наадмыг монголчууд маань нэг ч гэсэн телевизээр үзээсэй гэсэн үүднээс сэтгэл гаргасан. Бид энд алдагдалтай ажиллана уу л гэхээс биш нэг төгрөгийн ч ашиг олохгүй.
Гэхдээ ABU-аас тодорхой хэмжээний хөнгөлөлт санал болгосон. Эргэн төлөх хугацааг ч гурван сарын дотор төлж болно хэмээн гэрээнд заасан. Манай телевизийн зүгээс “Бид энэ наадмыг Монголын үзэгчдэдээ хүргэх хүсэлтэй байна. Ямар ч хамаагүй хөнгөлөлт үзээлээч” гэсэн захидлыг цахим шуудангаар өдөр шөнөгүй бичиж явуулсны үр дүнд бидэнд нааштай хариу ирсэн хэрэг. Хэдий хөнгөлөлт үзүүлж байгаа ч бид алдагдал хүлээх нь ойлгомжтой байгаа.
–Ямар хөнгөлөлт үзүүлсэн бэ?
-Үнийн дүнгээс 30 хувийг хөнгөлсөн. Ганцхан өдрийн өмнө мэдэгдсэн учраас бид бусад ивээн тэтгэгч байгууллагуудад хамтарч ажиллах хүсэлт ч тавьж амжаагүй. Монголын үндэсний томоохон компаниудад хүсэлт тавиад ажилласан бол манай ачаанаас бага ч гэсэн хөнгөлөгдөх байсан. Даанч бидэнд цаг дэндүү давчуу байсан.
–Гэтэл наадмыг дамжуулж байгаа ганц телевиз нь Монголын тамирчдын тэр дундаа сагсан бөмбөгийн гал бутарсан тоглолтуудыг шууд гаргахгүй юм гэсэн бухимдал үзэгчдийн дунд байна. Тоглолт бүрийг дамжуулж болдоггүй юм уу?
-Үзэгчид шүүмжлэх нь аргагүй. Мэдээж Азийн наадмыг дамжуулж байгаа юм чинь бүх тоглолтыг л харуулна гэж хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ бид үнэхээр боломжийнхоо хэрээр л аль болох монголчууддаа наадмыг бүрэн дамжуулах гэж хичээж байна. Яагаад ийм асуудал гараад байна гэхээр “Инчон-2014” наадамд 40 гаруй улс оролцож байгаа хэдий ч 35 телевизээр шууд дамжуулах эрхтэйгээр ажиллаж байна. Ингэхдээ цаанаас нь энэ зургаан сувгаас сонголтоо хий гээд заачихсан. Бид тэр зургаан өгөгдлөөс л сонгох эрхтэй. Олон улсын олимпийн хороо, Азийн олимпийн хороо ч шударга байхыг бодолцсон ийм зарчимтай.Тэгэхээр бид өглөө майл хаягаа хүлээгээд хуваарийн дагуу сонголтгүй оногдсон спортын төрлүүдийн тэмцээнийг дамжуулж байна гэсэн үг. Өглөө 09 цагаас морь, буудлага, бадминтон гээд үндсэн сонголтоо гаргана. За бокс ороод ирнэ. Гэтэл хоёр дэвжээн дээр зэрэг тэмцээн явагдаад байдаг.Нөгөө талд нь манай тамирчид тулалдаж байна гээд эндээс шууд дэвжээгээ сольчих эрх бидэнд байхгүй. Зарим төрлүүд хэсгийн тоглолтыг дамжуулахаар таарсан байхад зарим төрлийн финалыг дамжуулах өгөгдөл гарсан байх жишээтэй. Тиймээс бид эндээс монголчуудын оролцож байгаа спортын төрлийн финалын тоглолтыг дамжуулах өгөгдөл ороод ирэх юм бол “Манай тамирчид финалд шалгараад ороод ирээсэй” гээд залбираад сууж байна.
–Тэгэхээр нэг тоглолтыг бүрэн дамжуулах ямар ч боломж байхгүй юу?
-Тийм. Хэрвээ энэ тоглолтод Монголын тамирчин ороод ирлээ гэх юм бол бид хүсэлт тавьдаггүй биш тавьдаг. Гэтэл “За тийм бол мөнгөө төл” гэдэг. Зөвхөн нэг тоглолтыг, эсвэл нэг барилдааныг монголчууддаа харуулахыг хүсвэл тэр болгонд 2000 ам.доллар төлөх болдог. Бүх юм мөнгөөр зохицуулагдаж байна. Монголын эрэгтэй багийн найман тоглолтыг дамжуулъя гэхэд 16 мянган ам.доллар болох жишээний. Тэгэхээр чинь энэ телевизийнчадах чадахгүй юм бас байна.
–Ялангуяа сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тоглолтыг нэлээд хугацааны дараа давтан гаргаж харагдсан. Иймэрхүү боломж мөн л мөнгөөр үнэлэгдэж байгаа гэж үү?
-Тэгэлгүй яахав. Монголын үзэгчдэд FULL HD-гээр албан ёсны эрхтэйгээр, оюуны өмчтэйгөөр үзээлэх өөр ямар арга зам байна гэж бид байнга л хайж байна. Хамгийн боломжтой хувилбар юу байна гэхээр давталтаар авч болно гэдэг. Давталтаа гурван цагийн дараа түлхэж байх жишээтэй. Давталтыг бас л тодорхой хэмжээний мөнгөөр авч байна. Аль болох л бид тамирчдынхаа өдөр болгон үзүүлж буй сайхан амжилтуудыг монголчууддаа давтаад ч болов үзүүлэхийг хүсч байна.
–Гэхдээ Twitter-т @хасар10хаягтай охин үзэгчдийн суудлаас гар утсаараа дамжуулаад Монголын сагсан бөмбөгийн тоглолтыг үзүүлчихэж болж байхад бүхэл бүтэн телевиз яагаад чаддаггүй юм бэ?
-Бид үнэхээр тэр охинд баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна. Тэр охины тусламжтайгаар монголчууд манай эрэгтэй багийн тоглолтыг цаг алдалгүй хүлээж авч чадлаа шүү дээ. Бид ч бас тэр охины бичлэгийг үзсэн. Өнөөдөр ялалт, ялагдлын мэдээг авахад хялбар болчихож. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Дээрх зовлонгоос гадна манай телевиз интернэтээр явж байгаа бичлэгийг аваад тавьчихаж болно. Гэтэл манай телевиз өөрөө тоон системд шилжсэн цөөхөн телевизийн нэг. Дээрээс нь FULL HD телевиз учраас үзэгчдээ ч тэр өөрсдийгөө ч доромжилж интернэтийн бичлэг тавилтай биш. Интернэтийн бичлэг, телевизийн бичлэг техникийн үзүүлэлтийн хувьд хоорондоо асар том ялгаатай. Антеннаар зүгээр л дүрсээ хүлээж аваад үзүүлчихдэггүй. Телевизээр тоглолтыг хүргэхдээдуу дүрснээс эхлээд мэргэжлийн баг хамт олон мэргэжлийн талаас нь тайлбарлаж хүргэнэ гэдэг асар ялгаатай. Би ч гэсэн twitter-т ороод хүмүүсийн санал сэтгэгдлийг хараад бага ч гэсэн тайлбарлачих юмсан гэж үзэж байна. Ялангуяа Монгол Солонгосын хоорондох сагсан бөмбөгийн тоглолтоос болж бөөн л юм боллоо. Цахим ертөнцөд хүмүүс “Телевиз өөрөө интернэтээс шахагдаж байна” гэж хэлж байна. Гэвч одоохондоо Монголын телевизүүд аль ч гадны оронд очоод дотооддоо тэмцээн дамжуулдаг шигээ талбайн дөрвөн талд нь камераа байрлуулаад Монгол руугаа хиймэл дагуулаар шууд дамжуулах болоогүй байгаа. Тэмцээн эхлээд үзэгчдээс дайралт ирэх үед манай уран бүтээлчид шантарч “больё” гэсэнсанал хүртэл гаргасан. Манай 30 орчим уран бүтээлч энэ наадмыг үзэгчдэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Тайлбарлагч, нэвтрүүлэгчид маань хүртэл “Дураараа дэвжээ ч сольж болохгүй, хэцүү юм” гэж байсан. Гэсэн ч бид зүтгэж байна. Үүнд бас нэг шалтгаан бий.
–Ямар?
-Учир нь интернэтээр наадмыг хүлээж авч байгаа хэсэг бүлэг хүмүүс л байна. Гэтэл гэр хороололд нэг өвөө эсвэл нэг гэр бүл интернэтэд орох боломжгүй учраас манай телевизээр давтаад ч болов хүргэхийг хүлээж байгаа шүү дээ. Ялагдсан гэдэг мэдээг интернэт рүү ороод харах боломжгүй хүмүүст хожимдоод ч болов тоглолтыг нь үзэх чухал. Манай телевиз орон даяар сувгаа цацаж байна. Мянга, мянган үзэгч бидний дамжуулалтыг хүлээж байнашүү дээ. Харин интернэтээр хүлээж авч байгаа хүмүүсийн хувьд тэгж шүүмжлэх бас нэг асуудал юм. Анхнаасаа л Монголын пүүлийн холбоог толгойлдог МҮОНРТ ямар нэг зөв зохицуулалт хийсэн бол үзэгчдэд ч зөвхөн манайх гэлтгүй бусад сувгаар үзэх боломж бүрэн байсан. Түүнчлэн хувийн телевиз гэхээсээ илүүтэйгээр МҮОНРТ нь илүү санаа тавих ёстой байхгүй юу.
–Ер нь МҮОНРТ сэтгэлгүй ажиллалаа гэх гээд байна уу?
-Яг үнэндээ МҮОНРТ үндэсний хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэж хэлмээр байна. Хүмүүст ч сэтгэлгүй байгаа нь харагдаж байгаа. Өвлийн олимп ч тэр өмнө нь олон наадмаас харагдсан. Бид нар бол цэвэр өрсөлдөөний дунд үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллага. Заавал цэвэр алдагдал, ачаа өөрсдөө үүрч байж тэмцээн дамжуулах шаардлага ч байхгүй. Гэвч спортын энэ том наадмыг үзэгчдэдээ хүргэчих юмсан сэтгэл байгаа.Ер нь олон улсын жишиг байдаг. Дуртай телевиз нь, хөрөнгө мөнгөтэй нь томоохон наадам бүрийг очоод дамжуулаад байх боломж байдаггүй. Тэгвэл замбараагүй байдал үүснэ шүү дээ. Тэр дундаа Олон улсын олимпийн хороонд аливаа улсын үндэсний телевизийн оролцоо, эрх үүрэг илүү байдаг. Төрөөс санхүүждэг гэдэг утгаараа төсөв мөнгө нь хүрдэг, үгүйг мэдэхгүй л дээ. Үнэхээр хөрөнгө мөнгө нь байгаад болдог бол бүгд л дайраад орно. Спортын энэ олон төрлөөр Монголын 250 гаруй тамирчид өдөр болгон гайхамшигтай амжилт үзүүлж байна. Тэгэхэд үүнийг дамжуулах боломж бололцоо МҮОНТРТ-д байсан.
“ҮНЭ НЬ ӨНДӨР БАЙСАН УЧРААС ДАМЖУУЛЖ ЧАДААГҮЙ”
Мөн энэ талаар “ТV5″ телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаагаас тодруулга авлаа.
–Гадаадад болж буй сүүлийн үеийн бүхий л тэмцээнийг танай телевиз дамжуулсан. Энэ удаа Азийн наадмыг яагаад дамжуулсангүй вэ?
-ABU-аас гишүүн телевизүүдэд тодорхой үнийн санал явуулдаг. Телевизүүд үнийн саналыг хүлээн зөвшөөрвөл гэрээ байгуулдаг. Тэр үнийн санал нь нууцын зэрэглэлтэй. Манай улс энэ холбоонд элссэнээс хойш ялангуяа сүүлийн жилүүдэд өндөр үнэ явуулах болсон. Тиймээс телевизүүдийн холбооноос хурал хийгээд тухайн саналыг зөвшөөрөөгүй. Манай телевиз ч дээрх саналыг зөвшөөрөөгүй.
–Гэхдээ өмнө үүнээс том гэгдэх наадмуудыг танайх дамжуулж байсан шүү дээ. Зарим хүмүүсийн яриагаар танайх хэт ганцаарчилсан тоглолт хийсэн учраас хатуу сануулгатай байгаа гэх?
-Тийм юм байхгүй. Манай телевиз, МҮОНРТ ABU-д үндсэн эрх үүрэгтэй. Манай телевиз өвлийн олимпийн наадмаас эхлээд олон томоохон тэмцээнийг бүрэн эрхт гишүүн гэдгээрээ гэрээ кантракт байгуулаад үзэгчдэдээ хүргэсэн. Энэ удаа бол үнэхээр өндөр үнэ явуулсан. Хоёрдугаарт давчуу хугацаанд алдагдал хүлээнэ. Мөн эдийн засгийн хүнд хэцүү байгаа үед цаашид ABU-аас гаргасан ийм өндөр саналыг манай телевизүүд хүлээж аваад баймааргүй байна. Гадагш нь их хэмжээний мөнгөний урсгал бий болгоод баймааргүй байна. Өнөөдөр зарим хөрөнгө мөнгөтэй компаниудаас болж спортын наадмуудыг Европ, Оросын авдаггүй өндөр үнээр манайх спортын наадмын эрх авах гээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр бүх телевизүүд 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод хамаг хүчээ нөөж, анхаарлаа хандуулж байна. Мэдээж Азийн наадмыг манайх дамжуулж чадахгүй байгаа ч өөр бусад телевиз дамжуулж байгаа нь баярлууштай хэрэг.
Ц.ӨРНӨХ
Д.ДАВААСҮРЭН