Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Астра буйлдинг”-ийнханд шаардлага хүргүүлэв

-УГ КОМПАНИЙНХАН
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАВАН ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БАЙНА-

“Өдрийн сонин”-ы редак­цийн байрны яг хажууд “Аст­ра буйлдинг” гэх
офисс, орон сууцны барилгыг барьж байгаа. Энэ барилгыг эхэлс­нээр ойр орчинд нь
ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн эрх зөрчигдөөд удаж байна. Тодруулбал, “Өдрийн
сонин”-ы сэтгүүлчид байгалийн гэрэл үзэхгүй, тоос шороо, чимээ шуугиантай орчинд
ажиллаж байгаа юм. Барилгын эргэн тойронд бай­гаа компаниудын ажилтнууд ч ийм байдалд
ажиллаж байгаа билээ. Мөн тус барилгын ард талд байдаг “ХААН” банкаар үйлчлүүлэгч,
“Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонины уншигчид, автобус хүлээж байгаа иргэд,
хүүхдүүд айдас түгшүүрт автаад байна. Нэг байгууллага хууль зөрчиж барилга барьж
байгаагийн балгаар маш олон хүний эрх зөрчигдөж байгаа учраас “Өдрийн сонин”-ы ажлын
хэсэг өчигдөр “Астра буйлдинг” гэх барилгыг барьж байгаа компанийнханд шаардлага
хүргүүллээ. Ингэхдээ “Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилга хоорондын зай стандарт
хэмжээг зөрчин, хэт ойр барьж байгааг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, ажилчид эрс эсэргүүцэж
байна” гээд хууль зөрчиж байгаа барилгын ажлаа зогсоохыг шаардсан юм.

Монгол Улсын барилгын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл
төлөвлөлтөд 2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой
гэж заасан байдаг. Таваас найман давхар бол барилга хоорондын зай 21 метр, есөн
давхарт 32 метр, 12 давхарт 45 метр, 16 хүртэл бол 62 метрийн зайтай байх стандарт
мөрдөж байгаа юм. “Өдрийн сонин”-ы редакцийн барилга нь таван давхар, “Астра буйлдинг”
гэх барилга одоогоор 13 давхар баригдчихаад байгаа. Тэгэхээр стандартаар 21-ээс
62 хүртэлх метрийн зайтай байх ёстой. Гэтэл “Өдрийн сонин”-ы редакцийн байрнаас
арав хүрэхгүй метрийн зайтай байгаа нь Монгол Улсад мөрдөж буй норм, дүрмийг ноцтойгоор
зөрчиж буй юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ норм, дүрэм нь барилгын цонхтой
талуудын хоорондох зайг зааж өгсөн юм. “Өдрийн сонин”-ы редакцийн байр, “Астра буйлдинг”
гэх компанийн барьж буй барилга ч цонхтой талаараа арав хүрэхгүй метр зайтай байгаа
нь стандартын зөрчил юм. Харин цонхгүй талаараа галын нормоор зайг тогтоох стандарттай
байдгийг энд хольж, хутгах боломжгүй юм.

Монгол Улсад үйлчилж байгаа Барилгын тухай хуулийн аравдугаар зүйлд
Барилгын зураг төсөлд тавих шаардлагыг тусгасан байдаг. Уг зүйлийн 10.1.1-д “Зургийн
даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн
паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн
дагуу зохиогдсон байх ёстой” гэж заасан. Гэтэл “Астра буйлдинг” гэх барилгын компанийнхан
эхнээсээ норм, дүрмээ зөрчиж зураг төслөө гаргасан байгаа нь хуулийг уландаа гишгэж,
үл тоомсорлож буй хэрэг юм. Мөн 10.1.5-д “Усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан,
дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлаагүй” байх
ёстойг заасан. Хэрвээ уг барилга баригдвал “Өдрийн сонин”-ыхон болон хуучнаар “Ардын
эрх”-ийн байранд ажиллаж байгаа бүх хүн байгалийн гэрэл ашиглах ямар ч боломжгүй
болж байгаа юм. Тиймээс “Астра буйлдинг” гэх барилгынхан байгалийн гэрэл ашиглах
боломжийг хязгаарлаж байгаагаараа хууль зөрчиж байна.

Барилгын тухай хуулийн
есдүгээр зүйлд Барилга байгууламжид тавих шаардлагыг заасан. Уг зүйлийн 9.1.1-д
“Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,
аюулгүй байдлыг хангасан шаардлагад нийцсэн байх ёстой” гэж заасан байдаг. Гэтэл
ойролцоох барилгуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж,
аюулгүй байдалд нь заналхийлж байгаа нь хууль зөрчиж байгаа гэсэн үг. Мөн
9.1.2-т норм, дүрмийг хангасан зураг төслийн дагуу баригдсан байхыг шаардсан байгаа.
“Астра буйлдинг”-ийнхны барилгын зураг төсөл норм, дүрмээс ангид байгааг дээр онцолсон
билээ. Барилгын тухай хуулийн 9.1.4-т “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын
хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх шаардлагад нийцсэн байх ёстой” гэж заасан.
“Астра буйлдинг”-ийн зэргэлдээ байгаа барилга, байгууламж байгалийн гэрэл харахгүй,
тоос шороотой, дуу чимээн дунд байгааг дээр дурьдсан. Энэ мэтээр “Астра буйлдинг”
гэх барилгынхан зөвхөн зураг төслөөрөө Монгол Улсад мөрдөж буй норм, стандартыг
үл ойшоож, Барилгын тухай хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10.1.1, 10.1.5-т заасныг
зөрчиж байгаа юм.

Хүний эрхийн түгээмэл
тунхаглалын гуравдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр амьд явах эрхтэй”-г
тунхагласан. Энэхүү эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эрүүл аюулгүй орчинд амьдрах
нөхцөл баталгааг бүрдүүлдэг билээ. Тиймээс ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн
2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас
хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэ эрхийг хангахын тулд Барилгын тухай болон Орон
сууцны тухай хуулиудад зааснаар барилга байгууламж нь хvний ажиллаж амьдрах таатай
нөхцөлийг бvрдvvлж, хvний эрvvл мэндэд сөрөг нөлөөгvй, аюулгvй байдлыг хангасан
байх, гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг
зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх, дуу чимээ,
доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хvрээлэн
байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх зэрэг шаардлага хангасан байх учиртай. Гэтэл
“Астра буйлдинг” гэх барилгынхан хүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж, аюултай эрсдэлтэй
орчинг бүрдүүлээд байгаа. Уг барилгын таваас дээш давхар нь орон сууцны зориулалттай
гэж буй юм. Хэрвээ тийм бол оршин суугчдынхаа эрхийг ч ноцтой зөрчих байдал бий
болчихоод байгаа. Монгол Улсад мөрдөж байгаа норм, дүрмээр орон сууцны барилгын
нийт талбайн 30-аас дээш хувь нь автомашины зогсоол байх учиртай. Гэтэл барилгын
ойр хавьд автомашины зогсоол байхгүйг иргэд мэднэ.

Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газар зэрэг байгууллагууд хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлан өдөр, шөнөгүй
барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа “Астра буйлдинг” гэх барилгын ажлыг шалгаж, зогсооно
биз ээ.

 Ц.ӨРНӨХ

Хууль бусаар барьж буй барилгыг нураах эсэхийг
хот шийднэ гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд баригдаж байгаа барилгын
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ашиглагдаж байгаа дүүжин краны насжилт болон зөвшөөрлийн
талаар мэдээлэл хийсэн юм.

Он гараад нийслэлд барилгын өргүүртэй холбоотой ослоор гурван хүн,
липттэй холбоотой ослоор хоёр, крантай холбоотой ослоор гурван хүн амиа алдаад байна.  Барилгын ажлын явцад өргүүрийг дүрмийн дагуу ашиглахгүй,
мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа нь ослын шалтгаан болж байгаа юм байна.

Хүйтний улирал эхэлж байгаа болохоор барилгын ажил гүйцэтгэгч компаниуд
үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа аж. Гэвч ингэж ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй
байдлыг хангахгүй байгаа нь осол гарах тохиолдол нэмэгдэх бас шалтгаан болж байгааг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан сануулж, 
барилгын захиалагч, гүйцэтгэгч гээд аль аль тал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг
чанга мөрдөж ажиллахыг анхааруулсан юм.

“Өдрийн сонин”-ы байрны хажууд “Астра буйлдинг”
гэх байгууламжийг барьж эхлээд буй. Энэ барилга баригдаж эхэлснээр ойр орчинд нь
ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьд явах баталгаа алдагдаж эхлээд байгаа талаар
“Өдрийн сонин” өчигдрийн дугаарт мэдээлж, хууль бус барилгын ажлаа зогсоохыг шаардсан
билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэлийн хурлын үеэр тус газрын
Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатараас зарим зүйлийг
тодрууллаа.

-“Өдрийн
сонин”-ы байрны хажууд “Астра буйлдинг” гэх байгууламжийг хууль бусаар барьж байна.
Энэ талаар манай сонин өөрийн байр сууриа илэрхийлж барилгын ажлаа зогсоохыг шаардаад
байна. Та үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Та бүхэн гомдол, хүсэлт гаргаад байна шүү дээ. Гомдлоо гаргахаар
тань мэргэжлийн хяналтын байцаагч очиж шалгаж үзээд норм, дүрэм журмыг зөрчсөн эсэх
талаар албан ёсны дүгнэлт гаргана. Очиж нөхцөл байдалтай нь танилцаагүй байгаа болохоор
одоо шууд хууль зөрчсөн байна гэж хэлж болохгүй. Та нар гомдлоо даруй гаргавал очиж
шалгана.

-Хэрвээ
тус байгууламжийг хууль бусаар барьсан, дүрэм журам зөрчсөн нь тогтоогдвол нурааж,
буулгана гэсэн үг үү?

-Манай байгууллага хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Эхлээд барилга
барихын тулд газраа авдаг. Дараа нь дээр нь барилга барихаар болбол Хотын ерөнхий
төлөвлөгөөний газарт зургаа үзүүлэхээр ерөнхий архитектур нь баталчихдаг. Хажуу
талын байгууламжаасаа хэдэн метрийн зайтай байх эсэхэд нь Хотын ерөнхий төлөвлөгөөний
газар хяналт тавьдаг. Тус газрын Дэд бүтцийн хяналтын албанаас барилгын ажлаа эхлүүлэх
зөвшөөрлөө авдаг. Ингээд барилга барьж эхлэнгүүт нь бид очиж шалгалт хийдэг. Тэгэхээр
та бүхэн тухайн байгууламжийг нураалгана гэж байгаа бол тэр асуудлыг хот өөрөө хариуцна
гэсэн үг.

Яагаад гэвэл ямар ч юм ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтөөсөө л эхэлдэг
шүү дээ гэв.

 Д.САРУУЛ

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *