Намрын шар нар ээсэн өдрүүд үргэлжилж байгаа ч шөнөдөө агаарын хэм хасах градус зааж жиндүүхэн хонож байна. Өглөөгүүр Долоон буудал, Баянхошуу тийш хөх утаа хэдийнэ суунаглах болжээ. Тун удахгүй өнөөх хөх утаа нь хар өнгөтэй болж, юу ч харагдахаа больдог цаг ирэх нь. Түүндээ ч дарга, цэрэг, том, бага, хүүхэд, хөгшидгүй хордоод эхэлнэ. Тиймээс тэр “утаат” цаг хугацаанаас амжиж уушгиа цэвэрлэж авцгаая, хүмүүс ээ.
Хүний уушгийг цэвэр агаараар нэг удаа “дүүргэсэн” байхад 30 хоног “цэнэгээ барьдаг” гэсэн яриа бий. Тэгэхээр цэвэр агаартай байх цөөхөн хэдхэн хоногийг ашиглан амралтынхаа өдрүүдээр гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдөөрөө хөдөө гарч, явган аялал хийцгээе. Уулын оргил булаацалдаж, дугуй хүрээ зурж байгаад эр, эмгүй барилдъя. Хаашаа л харсан өндөр барилгаар хүрээлсэн давчуу орчноос гарч их хүйтэн, нүд хорсгосон утаанаас урьтаж хоолой мэдэн хашгирч, уушги мэдэн амьсгалъя л даа.
Т.ГЭРЭЛМАА