Categories
мэдээ цаг-үе

А.Доржсүрэн: Ойн инженерийн гараар амьд байгаль, ертөнц бий болдог

Монгол орныг ойжуулах, цэвэр усны эх, байгаль хамгаалах үйлсэд насаараа зүтгэж яваа ойн инженер А.Доржсүрэнтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс Төв аймгийн Ой, ангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан гэдгээр нь мэдэхээс гадна Хан Хэнтийн Дархан цаазат газрыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь магтан ярьцгаадаг.

Таны аав ойн цагдаа, та ойжуулагч, бас хүү тань ойн байцаагч. Ингэхээр танайх гурван үеийн ойжуулагчид болж таарах нь байна шүү?

-Би 1952 онд төрсөн юм. Намайг төрдөг жил аав минь Угтаал сумын ойн ан хамгаалагчаар очсон гэдэг. Ингэж л ойн хамгаалагчийн гэрт төрж, өсч хүмүүжсэн дээ.

Аравдугаар ангиа төгсөөд хуваарь авах боллоо. Би тухайн үед аавынхаа мэргэжлийг өвлөж, ойн хүн болъё гэж бодоогүй. Багшийн дээдэд зургийн ангид юм уу, их сургуулийн физикийн ангид орно гэсэн бодолтой байв. Конкурст орсон ч миний бодож байсан хуваарь байдаггүй. Тэгтэл хүмүүс “Ойн инженер гэсэн хуваарь байна. Танай аав чинь ойн инженер. Чи удам дамжсан ойн хүн болох хэрэгтэй. Энийг ав” гээд өнөө хуваарийг тулгачихсан. Тэгээд яахав тэр хуваарийг нь аваад гараад ирлээ. Ах дүүс, танил, эргэн тойрныхон маань “Чи ойн инженер болоод аавынхаа дарга болох нь дээ. Сайхан мэргэжил сонгож” гэж ярьцгаана. Ингэж ярих нь сүүлдээ надад таатай санагдаад, тэгээд л Хөдөө аж ахуйн их сургуулийн Ойн аж ахуйн инженерийн ангид орчихсон юм байхгүй юу. Таван жил болоод төгсөөд ирэхэд Төв аймагт ойн аж ахуй байгуулагдаад нэг жил болж байлаа.

Та ойн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна гэсэн үг үү?

-Яг дөчин жилийн нүүр үзэж байна.

Ойн хамгаалагчийн хүүхэд байсан болохоор таны бага нас байгальтай ойр байсан нь мэдээж?

-Ойн модонд явна, Угтаал, Жаргалантын ойд. Төвдөө өвөлжчихөөд хавар нь хөдөө гараад явчихна. Аав маань бараг гэртээ үзэгдэхгүй, ойгоо хамгаалаад явчихна. Ой хамгаалах ажлын жинхэнэ амт шимтийг хүүхэд насандаа нэг их мэдрээгүй санагдана. Харин мэргэжилтэн болж ирээд л амтыг нь мэдэрсэн дээ. Ойн аж ахуйн инженер гэдэг чинь ойтой холбоотой бүхий л ажлыг хийдэг мэргэжил.

Ойтой холбоотой мэргэжил гэхээр сонирхолтой санагдана. Мэргэжилтэйгээ холбоотой сонин сайхан дурсамжаасаа сонирхуулахгүй юу?

-Ойн ажил гэдэг чинь их онцлогтой. Энэ дэлхий дээр ургаж байгаа олон мянган ургамал дотроос хамгийн өндөр ургадаг, хамгийн урт настай тийм ургамал болох модтой манай ойчид чинь ноцолддог юм байхгүй юу. Тэр том ургамлыг ургуулдаг, арчилдаг, хамгаалдаг, зөв зохистой ашиглуулдаг ажил эрхэлдэг хүмүүс шүү дээ. Ой гэдэг чинь энэ дэлхийн ургамал, амьтны ус, агаарыг зохицуулж байдаг чухал зүйл.

Хүмүүс мод тарьдаг. Хотоо тохижуулна гээд энд тэнд мод тарьж байна. Арван мод тарьсныг нь арван мод тарилаа гэнэ. Зуун мод, мянган мод тарьсныг нь ч мод тарилаа л гэж үзнэ. Хэдийг ч тарьсан мод тарилаа гэж ярина. Гэтэл манай ойчид тэгдэггүй. Ойн инженерүүд тарьсан модоо ширхгээр ярьдаггүй. Хэдэн арван мянга, хэдэн саяар нь ярина. Нэгж нь га. Зөвхөн манай аж ахуй гэхэд таван мянга гаруй га талбайд ойжуулалт хийсэн байдаг. Жилд зуун га, зарим жилд гурав, дөрвөн зуун га-д мод тарина.

Хүмүүсийн ойгоос унагаж байгаа мод, та бүхний тарьж байгаа мод хоёрын харьцаа хэр байдаг юм бэ. Нөхөж чаддаг болов уу?

-Ашиглалтын харьцаанаас нь үзвэл хамаагүй алдагдалтай.

Дээр үед зохистой хэмжээнд нь барьдаг байв уу?

-Үгүй. Барьж чадахгүй. Мод ашиглаж ирсэн цагаас хойш ой нөхөн төлжүүлэх ажил, ашиглах ажлаасаа үзүүлэлтээрээ хамаагүй дор явж ирсэн.

Арван мод унагахад нөхөөд арвыг тарьж гүйцдэггүй гэж үү?

-Яаж тэгэх юм. Жилд чинь ойгоос хэдэн арван мянган га-гаар нь мод бэлтгэж байна. Гэтэл тарьж байгаа нь маш бага. Ашиглаж байгаа модны аравны нэгд нь ч хүрэхгүй хэмжээний мод нөхөж тарина.

Байгаль хамгаалах ажил яагаад бий болсон юм бэ гэхээр байгальд бүх юм өрсөлдөөнд байдаг. Нэг нь нэгийгээ дийлж, идэж устгаад явдаг. Үүний үр дүнд өрсөлдөөнд шалгарал явагддаг. Хамгийн сайнууд нь үлдэнэ. Амьтдын, ургамлын хамгийн сайн нь үлдээд байгаль сайжраад явдаг. Ингэхээр байгаль чинь устахгүй улам сайжраад яваад байдаг байхгүй юу. Гэтэл хүний нийгмийнхэн байгалиас хамгийн сайныг нь шилж авдаг. Хүн моддоос хамгийн сайныг сонгож унагадаг. Хүний нийгэмтэй байгаль, зэрлэг байгаль хоёрын хооронд ийм том ялгаа байдаг юм. Үүнээс л үүдэж байгаль хамгаалах ажил эхэлж байгаа юм.

-1970-аад оны үед Туул голын эхэн бүхэлдээ нүцгэрч, ус нь татарч байсан гэдэг?

-Туулын хөвөөнөөс нь эхлүүлээд мод унагадаг байлаа. Унагасан модоо шууд л гол руу урсгаж тээвэрлэнэ. Өөр татаж, тээвэрлэх арга байгаагүй байх. Туул голоос үйлдвэрүүд модны хэрэгцээгээ хангана. Ингэж байсан учраас Туулын эх Босгын гүүрнээс цаашаагаа үсээ хусуулсан хүн шиг л болсон юм. Тавиад жилийн турш Туул голоос мод бэлтгэсэн гэсэн үг л дээ. Туул гол дээр Улаанбаатар хотын түлшний модны трест гэсэн том байгууллага байж байгаад 1980 онд үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй.

Туул голтой адилхан Хэнтийн нуруунд чинь Онон голын дагуу Хэнтийн гурав, дөрвөн модны үйлдвэр, Ерөө, Хэрлэн, Сэлэнгэ, Түнхэл, Зүүнхараагийн асар том модны үйлдвэрүүд байдаг байлаа. Ийм олон үйлдвэр 50, 60 жилийн турш хөрөө ажиллуулаад ирэхээр Хэнтий нуруу чинь доройтолд орсон. Тэр их үйлдвэрийн олон машин техник шуугиад байхаар амьтад нь дүрвэсэн. Ингээд сүүлд нь Хэнтий нуруу чинь тал талаасаа сийчүүлсээр байгаад багассан юм.

Та яг энэ үед Хан Хэнтийн байгалийг хамгаалах тухай хэдэн жил судалгаа хийсний үр дүнд Хан Хэнтийн Дархан цаазат газрыг байгуулсан гэдэг билүү?

-1980-аад оны сүүлч шүү дээ. Хэнтийн Дархан цаазат газар гэгчийг байгуулж, үлдээд буй жаахан газрыг нь хамгаалах хэрэгтэй гэсэн бодол надад төрсөн юм. Үлдэж байгаа онгон дагшин байгалийг хэвээр нь үлдээж, эндээс мод бэлтгэхээ больё оо гэдгийг уриалж хөдөлгөөн зохион байгуулсан байхгүй юу. Ойн эрдэмтэдтэй хамтарч Хэнтий нуруунд судалгаа хийсэн. Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ээлжит хурал дээр Хэнтийн Дархан цаазат газар байгуулах тухай уриалгаа гардуулж өгөөд 1990 онд Ой, ангийн аж ахуйн даргынхаа ажлыг өгсөн. Ингээд Монголын байгаль орчныг хамгаалах холбоо ТББ-д шилжиж ажиллаад гурван жилийн турш Хан Хэнтийн Дархан цаазат газар байгуулах ажилтай ноцолдоод 1.2 сая га газрын хилийн цэсийг гаргасан юм. Маш нарийн, хүнд хэцүү ажил байсан шүү. Нэг жилийн дараа буюу 1991 оны гуравдугаар сард “Хан Хэнтийн Дархан цаазат газар байгуулах асуудал” сэдэвт онол практикийн бага хурал боллоо, Төв аймагт. Олон эрдэмтэд оролцсон юм. Ан амьтан, өвс ургамал, түүхийн гээд бүхий л чиглэлийн эрдэмтэд. Ингээд дархан цаазат газар байгуулах үндэслэлээ боловсруулсныг аймгийн Ардын Депутатуудын хурал дэмжин Улсын бага хурал, Байгаль орчны хяналтын улсын хороонд өргөн барьсан. Ингээд дараа жилийнх нь буюу 1992 оны хавар нь 11 дүгээр тогтоолоор Хан Хэнтийн Дархан цаазтай газрыг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хил заагийг нь албан ёсоор тогтоосон доо. Туул, Онон, Хэрлэн, Ерөө, Минж, Захар, Шороот гээд олон том голуудын эхийг Хэнтийн хөвч хамгаалдаг юм. Тэнд чинь 1.2 сая гаруй га газартай том ой байна шүү дээ, одоо.

Нүцгэрчихсэн ойд мод тарьчихаад хожим нь тэндээ очоод өөрийн гараар бүтээсэн байгалиа харахад хэмжээлшгүй их баяр бахдалыг мэдэрдэг байх шүү?

-Би чинь таримал ой гэдэг юмыг чинь үзээгүй л их сургуулиа төгсч байлаа. Гэхдээ мод яаж ургуулахаа мэдэх мэргэжилтэн болчихсон байсан. Тэр үед юу гэж мөрөөдсөн бэ гэхээр “Өөрийнхөө тарьсан мододтой таримал ой дундуур алхахсан” гэж хүссэн. Ойжуулах төлөвлөгөө өгдөг үе чинь миний үед эхэлсэн байхгүй юу. Төлөвлөгөөгөө биелүүлэх гээд ууланд мод суулгаж, тарих гэж ноцолдож байхдаа “Энэ хэзээ ургах бол доо” гэж бодогдоно.

Одоо бол би жинхэнэ таримал ой дундуур явах нь бүү хэл зугаалж байгаа шүү дээ. Тариад таван жилийн дараа, арван жилийн дараа, арван таван жилийн дараа очиход улам л өндөр, саглагар болсоор байдаг. Надаас өндөр болчихно. Дор нь туулай хяраад, гөрөөс дэргэд нь харагдаад, мөчир дээр нь шувууд жиргээд л. Хээрийн амьтад үүрлэчихсэн. Миний тарьсан ой амьтдын гэр орон нь болсныг хараад маш гоё сэтгэгдэл төрнө. Маш гоё. Тэрэн шиг гоё зүйл байх уу.

Мэргэжлээрээ их бахархдаг юм. Би Монголын ойн инженер хүн. Монгол инженер хүний гараар энд амьд байгаль, амьд ертөнц бий болж байна гэж их бахархдаг. Хүнд үзүүлэх юмтайдаа баярладаг.

Гэхдээ нэг хүндрэл байдаг юм. Ойчдын ажил хүнд үзэгддэггүй. Ойн байгууллагын ажлыг хүн мэддэггүй юм. Яагаад гэвэл хүнээс алс, 50, 60, 200, 800 км-ийн цаана хөвч, ой дотор мод тарина. Тэрийг явж үздэг хүн гэж үгүй. Бас мод чинь хавар нь суулгаад намар нь гардаг ногоо биш шүү дээ. Миний тарьсан мод 300, 400 жил ургана шүү дээ. Хүмүүс “Энэ ойжуулалт гэж нэг юм хийдэг юм гэнэ лээ. Улсын хөрөнгийг үрээд. Юу хийж байгааг нь яаж мэдэх юм бэ” л гэдэг. Гудамжинд суулгаад үхүүлчихдэг суулгацтай л адил сэтгээд хот тохижуулахын ажилтай зүйрлээд байдаг. Тэгж ярьсан хүмүүс таримал ойд очоод шагширдаг юм.

Ардын хянан шалгах хороо манай аймгийн ойжуулах ажлыг нэг удаа шалгах болов оо. Нэг, хоёр настай тарьцтай ой чинь их муу байдаг байхгүй юу. Яагаад гэвэл тарьсан мод эхнийхээ жилд ургадаггүй. Өндрийн өсөлтгүй хэрнээ үхдэггүй юм. Мод үржүүлгийн газарт арчилгаанд байсан тарьц ойн хөрсөнд, огт өөр орчинд ирэхээрээ сульдаанд ордог. Тэгтэл Ардын хянан шалгах хорооныхон бага настай тарьцуудыг харчихаад “Модод муу ургасан байна. Улсын их хөрөнгө үрэгдэж байна” гэж билээ. Би ингэж л Ардын хянан шалгах хороогоор орж бангадуулж, сүйдлүүлэх шахсан. Дараа нь тэр гоочлоод байсан ой сайхан ургасан ш дээ (инээв).

Таныг нэлээд хэдэн жилийн өмнөТөв ой ангэсэн компаниа байгуулсныг мэдэх юм?

-Миний амьдралын түүх чинь Төв аймгийн ойн байгууллагын түүхтэй холбоотой яваа юм чинь Ой, ангийн аж ахуйн үйл ажиллагааг авч явъя, ажлыг нь үргэлжлүүлье. Ой байгаа цагт мэргэжлийн ажил байх ёстой гээд “Төв ой ан” компаниа байгуулсан юм. Байгуулагдаад 14 жил болж байна. Хэдий хувийн компани ч гэлээ аймгийн хэмжээний томоохон ажлуудыг нуруун дээрээ үүрч хийдэг байлаа.

Хүү тань ой зүйчээр хаана ажиллаж байгаа вэ?

-Аав минь 36 жил ойн хамгаалагч хийсэн хүн. Би энэ мэргэжлээр 40 жил ажиллаж байна. Ууган хүү Батзориг маань арваа төгсөөд их сургуулийг ой зүйчээр дүүргэсэн. Нэг хэсэг ойн нөөц тогтоодог ажил хийж байгаад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажилд ороод арваад жил болж байна. Ингэхээр манай гэр бүл Монголын ойжуулалтын салбарт ерээд жил ажиллаж байна гэж хэлж болох байх. Ийм сайхан түүхтэй айл бараг л байхгүй болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *