Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд өнөөдөр 9 цагт Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр нээлтэд оролцохдоо “Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа өөрөөр хэлбэл та бүхний боловсрол онцгой анхаарах шаардлагатай. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Манай улс 1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо нэг сая метр квадрат талбай хүрсэн. Оюутан залуус та бүхэн суралцах хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний хувьд зөвлөе. Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэм дүү нартаа хүсье” гэсэн юм. Харин тус сургуулийн захирал П.Нарандалай шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэн нийт оюутнууддаа сурлагын амжилт хүслээ. Энэ өдөр шинээр оюутны ширээнд сууж буй Н.Батмаа мөнгөн хонхыг цохисноор шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Түүний дараа Их хурлын дарга З.Энхболд тус сургуулийн Токарийн дадлагын газарт зочилон оюутнуудын хийж буй ажилтай танилцсан юм.
Э.ЭНХ