Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн асуудлыг шийдэх ганц арга нь хүүхэд харах үйлчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хүүхэд харах үйлчилгээ, бичил цэцэрлэг бий болгох асуудлыг  хуульчилж дэмжье хэмээн уриалсан.   Түрүү жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө  мөрийн хөтөлбөртөө энэ тухай тусгасан юм.  Тодруулбал, хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр хардаг болъё.  2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулъя. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоё гэдэг санаачилгыг дэвшүүлсэн. Түүний санаачилгын дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын эмэгтэй гишүүд боловсруулан өргөн барьсан гэх боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцсэнгүй. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд цэцэрлэг болгоны гадаа хэдэн хоногоор өдөр, шөнөгүй дугаарлан зогсдог үзэгдэл энэ намар давтагдсан хэвээрээ. Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ баталчихсан бол энэ жилээс эхлэн эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй зовлонд унахгүй байлаа. Тиймээс энэ цагт уг сэдвээр УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл танай  байнгын хороогоор хэлэлцэгдэх байх. Энэ төсөл юу болсон бэ?

-УИХ-ын гишүүд наад хуулийн төслийг чинь өргөн барих гэсэн боловч эргүүлэн татсан шүү дээ. Одоо Засгийн газраас өргөн барихаар зэхэж байгаа. Хэрэв Засгийн газар өргөн барьчих юм бол УИХ-аар хэлэлцээд даруй батлах бүрэн боломжтой шүү дээ.

-Яагаад Засгийн газраас өргөн бариулж байгаа юм бэ. Ингэж цаг хугацаа алдах хэрэг юунд байсан юм бол?

-Мөнгө төгрөгтэй холбоотой учраас Засгийн газраас өргөн бариулж байгаа юм. Наад хуулийн төсөл чинь эцсийн байдлаар манай байнгын хороон дээр орж ирээгүй. Хэрэв Засгийн газар яаралтай өргөн барьчих юм бол энэ намрын чуулганаар төслийг баталчих байх гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл зэргийг нэгтгэчихсэн гэсэн үг үү?

-Ер нь нэгтгэчихсэн бөөндөө л явж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилснаар гэдэг байдлаар орж ирэх болов уу. Гишүүд бол цөм дэмжиж байгаа шүү дээ. 

-Энэ хуулийг яаралтай гаргахгүй бол цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд болжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Маргааш (Өнөөдөр) манай байнгын хороо Төсвийн байнгын хороотой хамтраад нийслэлийн цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн боловсролын газрын дарга ирж мэдээлэл өгнө. Энэ үеэр цэцэрлэгтэй холбоотой бүх асуудлыг тал талаас нь ярина. Ирэх жил ямар арга хэмжээ авахыг ч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс ч УИХ-д цэцэрлэгийн талаар нэлээд гомдол, санал ирж байгаа. Үүний дагуу ярина. Нэгэнт манай улс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс цааш Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг даруй батлах шаардлагатай. Тэгсэн тохиолдолд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг асуудал эрс багасна.  

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ

-Намар бүрийн өдийд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг үзэгдэл хэвшил болчихжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Монголын төр засаг бүх хүүхдээ цэцэрлэгээр хангаж чадахгүй байна. Тиймээс энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг цаг үе нь шаардаад байна л даа. Цэцэрлэг гэдэг бол төрийн нуруун дээр байх ачаа биш. Хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч явах хэрэгтэй. Харин төр дэмжих л ёстой юм. 

-Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталчихсан бол энэ асуудлыг төвөггүй цэгцэлчих байсан байх?

-Монголчууд хэзээнээсээ хүүхдээ гэртээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлах л хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. 

-Ерөнхийлөгчийг ийм санаачилга гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Гэвч  УИХ-аар шийдэгдэхгүй юм?

-Харин тийм ээ. Уул уурхай, ашигт малтмал зэрэг их хэмжээний мөнгө харагдсан зүйл рүү  бид анхаарлаа илүү хандуулаад байх юм. Уг нь нийгэмд тулгамдаад байгаа зүйл нь цэцэрлэг учраас энэ салбарт үүссэн  хүндрэлтэй нөхцөл байдлыг даруй шийдээд яваасай гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Шинэ арга л хэрэглэхгүй бол цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ

-Яг өдийд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүдийн дараалал  их байх шиг байна. Энэ асуудлын талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүүхэд харах эрх зүйн шинэ орчныг бид яаралтай бий болгох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Ямар ч байсан намрын чуулганаар энэ асуудлыг шийдэж, асуудлыг цэгцлэхгүй бол жилийн жилд ийм байж болохгүй шүү дээ. Үнэхээр цэцэрлэг гэдэг бол эцэг, эхчүүдийн хувьд толгойны өвчин болчихоод байна. Эвслийн  бүлэг дээрээ энэ асуудлыг хөндөж тавья гэсэн бодолтой байгаа. 

-Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг төрөөс дэмжих тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Төрөөс хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэгийн ачааллыг бууруулна гэвэл хэдэн арван жил хүлээх хэрэг гарна. Тэгснээс гэртээ байдаг хүмүүс ойр тойрныхоо хүүхдүүдийг хардаг болж, түүнийг нь ажлын байр болгон баталгаажуулах нь чухал байна. Ийм л шинэ арга нэвтрүүлэхээс цааш цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хэлэлцэн батлах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байна

-Өнөөдөр цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийг баталчихсан бол ийм асуудал гарахгүй байсан байх. Та юу хэлэх вэ?

-Манай гишүүд 2012 онд ийм хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.  Хэрэв энэ чигээрээ хэлэлцэгдээд батлагдсан бол өнөөдөр цэцэрлэгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал бий болохгүй, эцэг, эхчүүд ингэж бухимдахгүй байсан юм. Гэтэл улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байгаа учраас хуулийн төслийг урагш нь явуулсангүй. 

-Та нарын өргөн барьсан төслийг яагаад буцаачихсан юм бэ?

-Ерөнхийлөгч өөрөө төсөл санаачилж өргөн барина гээд бидний боловсруулсан төслийг эргүүлэн татуулсан шүү дээ. Уг нь ард түмэнд л ашигтай хууль гарч байвал хэн санаачилсан нь хэнд хамаагүй байлтай. Чухам одоо энэ хуулийн төсөл хэзээ өргөн баригдахыг хэлж мэдэхгүй л байна. 

Монголд хашаагүй нэг ч хурга алга, харин цэцэрлэггүй хэдэн мянган хүүхэд байна

Нүүдэлчин Монголд  хурга, гөлөг, хүүхэд гурваас хурга нь илүү үрждэг гэж нэг нөхөр жиргэжээ. Энэ бараг үнэн. Тэгж их өсч байгаа хурганаас хашаагүй үлдсэн нь ганц ч үгүй. Тэгвэл  Улаанбаатар хотод жил бүр цэцэрлэггүй үлддэг хэдэн мянган хүүхэд байна. Монголчууд бид үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж үзээгүй учраас юу ч хийж мэддэггүйн тод жишээ энэ. Социализмын үед хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль Улаанбаатарт хангалттай байсан гэлцдэг. Гэхдээ тэр бол монголчуудын гавьяагаар бий болсон эд биш.  Анастасия Ивановна Филатова гэдэг орос эмэгтэйн бүтээсэн үйл хэрэг. Оросууд, ер нь европчууд үр хүүхдийнхээ төлөө юу хийхээ мэддэг, үүргээ ухамсарладаг учраас хойч ирээдүйдээ хэрэгтэй бүхнийг бүтээдэг. Юун түрүүнд үр хүүхдээ, юм бүхний эхэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулахыг эрхэм болгодог улс.  Энэ л жишгээрээ тэр орос эмэгтэй нүүдэлчин монголчуудын үр хүүхдэд хэрэгтэй гэж тэр цэцэрлэг, сургуулийг байгуулж өгчээ. 

Харин 1990 онд хувьчлал эхэлсэн.  Тухайн үед сургууль, цэцэрлэгүүдийг 100 мянгаар  худалдъя гэхэд авах хүн олддоггүй.  Цэцэрлэг гэдэг бол тэр цагт хэнд ч хэрэггүй хогонд тооцогдож байсан юм гэнэ лээ.  Хожмоо өрөөлд ч, өөрт ч, үр хүүхдүүд нь тустай зүйл гэдгийг хэн нь ч ухаараагүй. Тиймээс тэр үеэс  хойш Улаанбаатарт,  улс даяар  нэг ч цэцэрлэг нэмэгдсэнгүй. Ганц ч сургууль боссонгүй.  Тэгсэн хэрнээ монголчууд бид гуравхан хоног наадахын тулд хэдэн тэрбум төгрөгийг хичнээн ч жил урсгав.  Хэдэн цэцэрлэг барих мөнгөөр олон арван жил гараа угаав. 

Өнөө жил л гэхэд бид гурван хоног баярлаж цэнгэхийн төлөө дөрвөн тэрбум төгрөгийг үрэн таран хийлээ. Төв цэнгэлдэх хүрээлэндээ бүжиглэн, дуулахад  тал мөнгийг нь цацаж, хуванцар сандал болгон хувиргалаа. Үлдсэнийг нь “Хүй долоон худаг”-т цемент болгон дэвсэж, хүн, малын хөлд даруулав. Харин одоо цэцэрлэг хайсан эцэг, эхчүүдийн бухимдлыг барж, үүр шөнөөр дугаарлуулан даажигнаж байна. Хэрэв манай дарга нар наадмын дараа намар болно, ажил алба цуглана, адаглаад цэцэрлэгийн асуудал оволзоно гэдгийг мартаагүйсэн бол юу гэж дөрвөн тэрбумаар наадах билээ.  Харамсалтай нь тэд бүгдийг мартсан учраас дөрөв, таван цэцэрлэг барих мөнгөөр гурван хоног наадамлуулав.    Дөрвөн тэрбумаар босгох таван цэцэрлэгийн нэг нь 200 хүүхдийн багтаамжтай гээд бодвол одоо хичнээн эцэг, эхийн магнай тэнэгэр, сэтгэл уужим явах байв.  Бид ингэж л бодож тунгааж амждаггүй, хөлдүү сэтгэлтэй, иргэншиж чадаагүй хүмүүс юм. Төр засаг ч ард түмнийхээ төлөө огт  санаа зовдоггүйг эдгээр үйлдлүүд батлаад байна. 

Намар болохоор бүгд сандралдаж гүйдэг хэрнээ цэцэрлэг барих газар алга  гэж амтай болгон ярих юм. Гэтэл наана чинь хамар хашааны хоёр айлын газрыг хангалттай үнээр худалдаж авахад л хоёр цэцэрлэг босно. Орон сууцны нэг давхрын хоёр айлын байрыг  мөнгийг нь өгөөд суллахад л  хоёр, гурван цэцэрлэг гарна.  Сэтгэл байвал цэцэрлэг байгуулна гэдэг ийм амархан байна. Даанч төр засагт ийм сэтгэл алга. 

Сүүлийн үед эцэг, эхчүүд цэцэрлэгийн асуудлаар их хэл ам хийж байна. Энэ нь ч зөв. Цэцэрлэггүй хоцорч байгаа 40,50 мянган хүүхдийн ээж, аав бүр Сүхбаатарын талбайд жагсах хэрэгтэй. Миний нутгийн газар шорооноос  бурхан гуйсан ч бүү өг хэмээн дөвчигнөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн Монголыг чиглэх мөнгөний урсгалыг хааж байсныхаа оронд үр хүүхдийнхээ төлөө  шаардлага тавих илүү эрүүл үзэгдэл болно. Жинхэнэ тэмцэх ёстой, төр засгаас шаардах хэрэгтэй асуудал чинь энэ цэцэрлэг байна.  “Шорон биш цэцэрлэг барь” гэсэн лоозонтой гараад зогсвол эцэг, эхчүүд та нарыг хүн бүхэн дэмжинэ. Үр хүүхдийнхээ төлөө ийм бодитой зүйл шаардагсдыг үг дуугүй олон түмэн дэмжиж л таарна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *