Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад энэ сарын 21-22-нд айлчиллаа.

Түүний айлчлалтай холбогдуулан өчигдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан. Уг чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэллээ. Мөн хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон  УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зочид төлөөлөгчид оролцов.

БНХАУ-ын дарга Си Жиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд УИХ-ын гишүүд болон зочид босч хүндэтгэл үзүүлж байлаа.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ.

Өнөө жил Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн түүхэн ой тохиож байгаа. Ойн хүрээнд “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийв. Энэхүү нээлтийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оролцлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан байв. 

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан өөр нэг арга хэмжээ бол бэсрэг наадам байлаа. Манай улсад төрийн айлчлал  хийж буй хүндэт зочдод зориулсан бэсрэг наадам “Чингэсийн хүрээ” жуулчны баазад болсон юм. 

Бэсрэг наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань, албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. “Алдар” нийгэмлэгийн залуу бөхчүүдийн оролцсон үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн халтар аман хүзүүдлээ.

Бэсрэг наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гардуулан өгсөн юм.

Наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа эрхэм зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загвар болон уран нугаралтын үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Фөн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авч байгаа нь содон харагдав.

Ирсэн зочдынхоо гарыг цайлгадаг монгол уламжлалаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли-Юань нарт цоохор зүсмийн хос морь бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Жиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.

Наадмын дараа хүндэт зочид эх орондоо буцахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорьсон юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *