БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны яаманд өнөөдөр Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хооронд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо. Үүнд:
“Монгол алт” ХХК нь Харбины Олон улсын Эрчим хүчний компанитай Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, Нарийн сухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа.
Мөн Тавантолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК, “Дун Юань” ХХК, Shandoy Ageshen Group” хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээнд мөн гарын үсэг зурав.
Үүнээс гадна хэд хэдэн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Үүнд “Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичигт,
“Монгол Арж капитал” компани, хятадын “Чайна коммуникейшн констракшн” компани хооронд байгуулах санамж бичигт,
“Хүрмэн Энержи” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт,
“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт,
“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурах ёслол боллоо.