Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засагт хувь биш татвар хэрэгтэй

Монголын уул уурхайн хамгийн том компани нь төрийнх. Уг нь “Рио”, “МАК”, “Энержи ресурс” гэж ирээд яривал том төслүүд хэрэгжүүлж байгаа нь бүгд хувийн компаниуд л даа. Гэхдээ Оюу толгой, Таван толгой гэсэн ланжгар хоёр ордоос гадна стратегийн бүх ордын хувьд дээрээ ганц малгайтай. Аль л сайн нөөцтэй ордууд төр гэсэн нэг том эзэнтэй гэсэн үг. Тэр нь “Эрдэнэс Монгол”. Монголын уул уурхайн хамгийн том эзэмшил төрийн компанид бий гээд байгаа нь ийм учиртай. Хувийн хэвшлийн компаниудыг жамаар нь хөгжүүлж байж л чөлөөт зах зээл хөгжинө гэдэг өнцгөөс харвал яг өнөөдрийн “Эрдэнэс Монгол” төгс загвар биш. “Эрдэнэс Монгол”-ын доор “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэж дэлхийн хэмжээнд яригдах төслүүдэд оролцоотой хоёр компани бий. Удирдлагууд нь бүгд улс төрийн томилгоогоор ажилладаг. ТУЗ нь ч ялгаагүй улс төрөөс хараат. Энэ том хоёр ордын ажил урагшлахгүй байгаа нь ганцхан ийм шалтгаантай. Жишээ нь “Рио”, “Эрдэнэс Оюу толгой” хоёр өнөөг хүртэл учраа олоогүй. “Эрдэнэс Таван толгой” гэхэд нүүрсээ зарах гэж хувийн компаниудтай өрсөлдсөөр байгаад өөрөөсөө бусдыг бараг л унагачихсан. Төрийн түшээдэд уул уурхайн салбарт төр оролцох ёстой гэсэн сэтгэлгээ бүр суучихсаныг жишээлж яривал өчнөөн баримт бий. Сүүлийн жишээ гэхэд УИХ-аас “Цагаан суварга гэдэг ордыг МАК минь дангаараа эзэмш. Төрд өгөх мөнгө байхгүй учраас хувь эзэмшихгүй, харин татвараа сайн төлөөрэй” гэсэн овоо ухаалаг шийд гараатахсан чинь УИХ-ын нэг гишүүн нь “Өө, тэгж ярихгүй. Энд чинь манай төрийн оролцоо хувь байх ёстой. Энэ муу компанид дангаараа эзэмших эрх байхгүй” гээд Цэцэд өгчихөж байгаа юм. Өөрсдөө хөрөнгө гаргаж чадахгүй хэрнээ олсон ашгаас нь авах ёстой гэсэн зах зээлийн жамаас гажсан сэтгэлгээ ганц энэ гишүүнд ч биш, өчнөөн түшээдийн элэг зүрхнээс уяатай яваа.

Байгалийн баялгаа зарж байж л ам.долларын галзуурлыг намжаана гэдгийг Монголбанкнаас эхлээд эдийн засагчид нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ үед яах аргагүй ярих учиртай асуудал бол энэ. Тодруулж хэлбэл, уул уурхай дахь төрийн хэт оролцоог багасгах гарцыг хайх цаг болчихож.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ “ТИМАСЕК” ШИГ БОЛГОЁ

Ирэх сарын эхний долоо хоногт “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад гадны ганц ч хөрөнгө оруулагч шинээр бүртгүүлээгүй ч “Блүүмбэрг”-ээс эхлээд гадна ертөнцөд мэдээллийг нь цацах сувгууд бол бий. Монголд төсөл эхлүүлээд гацчихсан цөөн хэдэн шар толгойтнууд мэдээж энд ирнэ. Монголын уул уурхай тэр чигтээ төрөөсөө хамааралтай гэсэн гутранги бодол тээн санааширч яваа тэдэнд “Манай төр уул уурхайд дээрэмчин шиг оролцохгүй” гэж хэлэх ганц индэр нь “Дисковер Монголиа”. Энэ үеэр ийм сэдвээр эвтэйхэн яриа хөөрөө өрнүүлбэл биднийг дэлхий сонсоно гэх гээд байна л даа. “Дисковер”-ийн хоёр дахь өдөр “Уул уурхайн төсөл ба төрийн оролцоо” гэсэн сэдэвтэй хуралдаан болох юм билээ. Лав л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Сайнбуян төрийн өмчийн компанийн засаглалаар илтгэл тавих сураг дуулдсан. О.Сайнбуянгийн хувьд өөрөө бизнесмэн учраас уул уурхайн төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар явуулъя гэж энд тэнд болж байгаа чуулга уулзалтын үеэр их ярьдаг. Гэхдээ засгийн хувьд тэгтлээ дэмжсэн царай үзүүлэхгүй байх шиг санагддаг. Төр, хувийн хэвшлийнхэн нэг дор цугласан энэ хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Тимасек” болгох чигийн хэлэлцүүлэг өрнүүлмээр байгаа юм. “Тимасек” бол Сингапурын төрийн өмчтэй компани. Компанийн засаглалаараа онц, хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалдаг гэдгээрээ дэлхийд танигдсан. Компанийн удирдлагыг улстөрчид биш ТУЗ-өөс нь сонгодог. ТУЗ-ийнх нь гишүүд улсдаа нэр хүндтэй бизнесмэн, эрдэмтдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж чаддаг гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд яг ийм загвараар ажиллабал уул уурхайн салбар дахь төрийн оролцоо цэгцрээд ирнэ. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. ТУЗ-өөс компанийн удирдлагыг сонгоход улс төр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Том төслүүдээ бизнесийн зарчмаар урагшлуулъя гэвэл захирлуудын томилгоонд улс төр орохгүй байх өндөр босгыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. Мэдээж тэр хууль нь дөрвөн жил болоод солигдохгүй дархлаатай байж үр дүнгээ өгнө. Ингэхийн тулд О.Сайнбуян захирал биш Засгийн газар, УИХ-ын зүгээс өндөр сонирхолтой байх учиртай. Төрийн өмчийн оролцоотой компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаад ирвэл хүссэн хүсээгүй хяналт тогтоно, төр хэт оролцох гээд байвал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн гарц ч бас бий.

ЗАСАГТ ХУВЬ БИШ ТАТВАР ХЭРЭГТЭЙ

“Тимасек” бол “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэх талаасаа байж болох хувилбар. УИХ, Засгийн газар хүсэхгүй бол ажил болоход бэрх шийдэл л дээ. Мэдээж үүнээс ч сайн хувилбар бий. Гадна, дотнын мөнгөтэй эрхмүүд цугласан “Дисковер Монголиа”-гийн үеэр манай засгийнхан “Төр уул уурхайн ордууддаа хувь эзэмшихгүйгээр татвараа аваад явъя” гэсэн мессэжийг өгвөл эргэлзсэн хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. “Цагаан суварга”-д хувь эзэмшихгүй гэсэн шийдвэр гаргаж чадсан төр энэ удаа стратегийн бүх ордод хувь эзэмшихгүй, татвараа л авъя гэчихмээр байгаа юм. Засгийн газрын “Рио”-той учраа олохгүй байгаагийн шалтгаан ч яг нарийндаа хувь эзэмшлээс үүдэлтэй. Том төсөлд төр хувь эзэмших нь тэр хэрээр эрсдэл хүлээнэ гэсэн үг. Манай төр Оюу толгойд 34 хувийн эзэмшилтэй. Эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр “Рио”-гийн бүтээн байгуулалтад мөнгө зарцуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч доллар гаргаагүй, “Рио”-гоос мөнгө зээлж байж энэ аварга төслийг эхлүүлсэн. Төрийн эзэмшиж буй 34 хувийн хэмжээнд тохирсон мөнгийг “Рио” өөрөөсөө гаргаад баяжуулах үйлдвэр барьчихсан. Одоо дахиад гүний уурхайн бүтээн байгуулалтад хэдэн тэрбум доллар зарах учиртай. Бид Оюу толгойн ордод хувь эзэмшдэг учраас өнөө хэдэн тэрбумынх нь 34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрсдөөсөө гаргах ёстой. Гэтэл бидэнд мөнгө байхгүй. Төр гэдэг бол яг нарийндаа бид. Төр мөнгө үйлдвэрлэдэг газар биш, бидний татварт өгсөн мөнгөөр амьдардаг субъект. Төрийн өнөөдөр “Рио”-д тавьсан, маргааш өөр нэг “Рио”-д тавих өрийг бид л төлнө. Тэгэхээр төр гэдэг эзэн биегүй этгээдийн тавьж буй өр бүхнийг бид төлж барагдуулна гэсэн үг. За ер нь бол нэг иймэрхүү асуудал л Оюу толгой дээр үүсчихээд байгаа. Цагаан суваргын хувь эзэмшлээс төр өгөөмөр зантайдаа биш зах зээлийн энэ айхтар хуулийг ойлгосон учраас татгалзсан юм.

ТӨР ТӨР БАС ДАХИН ТӨР

Төрийн уул уурхай дахь оролцоо энэ хүрээд зогсохгүй. Нүүрсэн дээр гэхэд 30 гаруйхан ам.доллараар зараад байхад л Хятадын хаа холын далайн боомтын үнэ болох хоёр дахин өндөр тоог жишиг үнэ гэж тавиад татвар авах жишээний. Ухаандаа талх үйлдвэрлэгч нэг талхаа 1000 төгрөгөөр зарчихаад байхад татварын газраас “Та талхаа 2000 төгрөгөөр зарах ёстой шүү дээ” гээд ахиу татвар авсантай ялгаагүй дүр зураг л даа. Төр уул уурхайд ингэж оролцож байна. За тэгээд ТЭЗҮ-ийг хянан бичиж батална, уулын ажлын төлөвлөгөөг мэдэж батална. Уг нь ТЭЗҮ батлах нь цэвэр хувийн компанийн хийх ажил. Хувийн компанийн бизнес төлөвлөгөөг баталдаг сонин жишиг манайд л бий. Энэ мэтээр жагсаавал уул уурхай дахь төрийн оролцоо өчнөөн. Төр нүүрсээ зарах гэж ядаж байгаагаа хувийн компаниудтайгаа өрсөлдөхөө ч юман чинээ тоохгүй оролцоно. Эсвэл хувийн компаниудынхаа хөлсөө урсгаж цэцэглүүлсэн бизнесийг төрийн асар том ашиг сонирхлын бүлгүүд нийлж байгаад боловсон аргаар дээрэмдэж оролцоно. Боловсон арга гэдэгт нь зохиомол хэрэг үүсгэж юм уу аль нэг хэрэгтэй холбож бизнесийг нь төрийн нэр дээр буцаан аваад дахин хуваарилалт хийх, хуулийг өөрчлөх замаар дээрэмдэх гээд түмэн зам багтана. Зарим тохиолдолд бүр энэ зорилгодоо төрийн институцийг ашиглана. Уул уурхайн бизнес рүү орж амжаагүй төрд гарсан том бизнесмэнүүд энэ салбарт дахин хуваарилалт хийгээд эхэлснийг бизнес эрхлэгч, эдийн засагчид барим тавим жишээ татан ярьцгаадаг. Тэгэхээр уул уурхайн яг ямар процесст нь төр оролцохыг энэ удаагийн “Дисковер Монголиа”-гаар тогтож яримаар байна. Зүй нь чөлөөт эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын төр нь уул уурхайн салбартаа татвар авч, хяналт тавих маягаар оролцдог юм билээ. Айхтар хяналт, ахиухан татвар хамгийн зөв гарц гэдгийг уул уурхайгаараа хөгжилд хүрсэн өчнөөн улсын түүхээс харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *