Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг гэрээ нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам болох бөгөөд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Энэхүү ажлын хүрээнд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоход шаардагдах “Оюу толгой” ХХК-ийн толгой компанийн дэмжлэг зэрэг бусад холбогдох асуудлуудыг зохицуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар оролцов. Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Монгол ардын үгэнд “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн байдаг. Үүнийг Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг мега төсөлд хэрэгжүүлэх хэрэгтэй юм” гэлээ.
Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу толгойн хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон Оюу толгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” гэж мэдэгдлээ.
Энэ үеэр Тавантолгойн цахилгаан станцын төслийн захирал М.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.
М.Энхсайхан: НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ ШААРДЛАГАТАЙ
-Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд БНХАУ-аас эрчим хүчээ авна гэдэг байсан. Гэрээнд гарын үсэг зурснаар дотоодоосоо эрчим хүчээ авах боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу. Тавантолгойн цахилгаан станцын хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Тавантолгойн цахилгаан станц гадны хөрөнгө оруулалтыг татахаар хичээж ажиллаж байгаа. Гэхдээ станц баригдсанаар асуудал шийдэгдчих юм биш. Станцаас гарч буй цахилгааныг авдаг томоохон хэрэглэгч байх ёстой. Тэр хэрэглэгч нь гарцаагүй Оюутолгой компани. Бидний хамтын ажиллагаа зөвхөн станц байгуулах хэмжээний харилцаа биш юм аа. Харин Монголд өмнийн эрчим хүчний систем баригдах тухай яригдаж байна. Ямартай ч бидний ярьдаг төслөөс шат ахисан хэмжээний стратегийн асуудлыг аажмаар шийдэх чухал ач холбогдолтой. Одоогоор Монголд зүүн, баруун, төв, Алтай, Улиастайн эрчим хүчний системтэй. Бид өмнөд хэсэгтээ бүтээн байгуулалт, хөгжлийн тухай яриад байдаг. Гэтэл тэнд эрчим хүчний систем байдаггүй. Зургаан мегаваттын Даланзадгадын станц байдаг. Тавантолгой дээр 18 мегаваттын хувийн компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан станц бий. Тиймээс тэрүүхэн тэндээ ажил явдаг байлаа. Харин 450 мегаваттын том станц барих гэж байгаа нь зөвхөн станц барих бус сүлжээ үүсгэх анхны алхмыг тавих ёстой. Үүнийг бид Оюутолгойтой хамтарч шийдэхгүй бол болохгүй. Ялангуяа Оюутолгой Хятадаас шугам татаад цахилгаан авч байгаа үед цахилгаан нийлүүлэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Энэ бүхний харилцааг зохицуулсан гэрээ боллоо.
-Оюутолгойн тодорхой үүрэг нь юу байх бол?
-Энэ нь холыг харсан стратеги учраас цаашид хамтран ажиллана гэсэн бие биенийхээ сэтгэлийг илэрхийлсэн зүйл. Оюутолгой шинэ барих цахилгаан станцаас эрчим хүчээ авна гэдэг мессэжийг гадаад ертөнцөд байгаа хөрөнгө оруулагчдад хүргэж байгаа юм. Хөрөнгө оруулагчид цахилгаан станцад хөрөнгө оруулахдаа итгэлтэй байх ёстой. Энэ мэтчилэн олон асуудлууд тулгардаг. Тиймээс энэ түлхүүр нь боллоо.
-Уг станцын эрчим хүчний өртөг нь БНХАУ-аас авч байгаа эрчим хүчээс үнийн хувьд харьцангуй бага байх юм уу?
-Үүнийг шууд хэлчих боломжгүй. Учир нь Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр дөрвөн хөрөнгө оруулагч үлдсэн. Эдгээрт тавигдах шаардлага нь аль болох хямд үнийг өгсөн хөрөнгө оруулагчийг сонгоно. Яагаад гэхээр цахилгаан эрчим хүч хямд байснаар орон нутгийн иргэд, бусад компанид боломж болох юм. Хятадаас хямд эрчим хүчийг өгнө гэж хэлэхэд арай эрт байна.
-Төсөлд оролцсон 18 компаниас дөрвөн компани үлдсэн гэлээ. Эдгээр компаниудын зүгээс манайд ямар шаардлага тавьж байгаа бол?
-Японы Марубени, Кансай гээд атомын цахилгаан станцын төрөлд тэргүүлж байгаа тус улсын компани үлдсэн. Мөн БНСУ, Францын хамтарсан консерциум, Дэгү компани үлдээд байна. Эдгээр компаниудад техникийн даалгаврыг нь өнгөрөгч оны аравдугаар сард өгч явуулсан. Энэ сардаа багтааж арилжааны даалгавраа өгнө.
Хөрөнгө оруулалт, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, ус худалдан авах, нүүрс худалдан авах, үнс зайлуулах, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ гээд 10-20 гэрээний асуудал байна. Энэ бүх гэрээнүүд дээр ажиллана гэдэг нь өөрөө маш их цаг авсан чимхлүүр ажил байдаг. Гэхдээ бид энэ ажлын ард гарчихсан. Одоо тохирсон зүйлсээ цаасан дээр буулгах ажил явагдаж байгаа. Дууссаных нь дараа хөрөнгө оруулагчдадаа хүргэнэ. Үүний үндсэн дээр техникийн даалгавартай танилцан ямар ямар гэрээний үндсэн дээр ажиллахаа мэдсэн, Оюутолгой авах юм байна гэдгийг өнөөдрийн (өчигдөр) гэрээгээр ойлгочихсон тул хөрөнгө оруулах тал дээр бид өөрсдийн аль тохирохыг сонгох юм.
-Энэ том төсөл дээр ажиллах боловсон хүчнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Тавантолгойн цахилгаан станцад чанарын өндөр шаардлага тавигдаж байгаа. АСМИ буюу Америкийн механик инженерийн холбооны стандартыг тавьж байна. Учир нь бид тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд өөрсдөө шалгалтаа авах шаардлагагүй. Америкийн тэр байгууллага өөрсдөө шалгалт хийгээд манай стандартад хүрч байна уу гэдгийг сайтар шалган тамгаа дардаг. Түүнчлэн байгаль хамгааллын шаардлага маш өндөр байгаа. Монголын стандартын шаардлагаас дээш гарсан хэмжээний станц барих санаатай байна. Гэхдээ мөнгө босгоно гэдэг тийм ч амар ажил биш. Алхам алхмаар тэвчээртэй ажиллах ёстой юм байна гэдгийг хэлмээр байна.
-Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор ийм ашиг монголчуудад ирнэ гээд хэлээд өгөөч?
-Мөнгө босгоно гэдэг нь маш хэцүү гэдгийг байнга анхааруулах хэрэгтэй. Уг төсөлд нэг тэрбум ам.доллар шаардагдах юм. Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орчихсон байлаа гэхэд бид бэлэн байгаа нүүрсээ цахилгаан эрчим хүч болгочихдог байх хэрэгтэй. Оюутолгой болон орон нутгийг эрчим хүчээр бүрэн хангачихна. Бусад уул уурхайн компаниуд дотоодоосоо эрчим хүч авах боломж нээгдэнэ. Амжилттай болж чадвал дараа дараагийн цахилгаан станц баригдах боломж нэмэгдэнэ. Цахилгаанаа экспортолно. Их олон том зүйлийн суурь тавигдаж байна. Түүнчлэн ДНБ 3-5 хувь нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Том төслүүдийг шил гэж үздэг. Ганцхан жижиг зүйлээс болоод хагарах аюултай. Тиймээс нэгийг ч хагалж болохгүй тул бүх зүйлтэй ажиллах ёстой. Бүх асуудлыг ижил түвшинд авч үзэхгүй бол жижиг асуудал шилийг хагалж мэднэ.
М.Сономпил: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧУХАЛ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилээс зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутолгойгоос өөр ямар газрууд эрчим хүчээр хангагдах вэ?
-Эрчим хүчний 70 гаруй хувийг Оюутолгой компани хэрэглэнэ. Түүнээс гадна Таван толгой, Цагаан суварга гэх мэт томоохон уул уурхайн компаниудыг эрчим хүчээр хангана. Мөн өмнийн говийн аймгуудыг хангана. Энэ нь төвийн эрчим хүчний системтэй холбогдох чухал ач холбогдолтой гэрээ юм. Өнөөдөр үнийн дүн гэж ярихаас илүү томоохон хэрэглэгчийн хувьд эрчим хүчний эх үүсвэрийг худалдаж авна гэдэг чинь том баталгаа. Төсөл өөрөө бол сонгон шалгаруулалтын дараа үнийн дүн тодорхой болно. Өнөөдөр төсөл хэрэгжиж эхэлснээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан, байгаль орчны үнэлгээг хийж дуусгасан мөн бусад холбогдох бичиг баримтуудыг дуусгасан. Станц маань босоод эрчим хүч нь хаашаа зарагдах юм бэ, хэн хэрэглэх вэ гэдэг асуудал нь тодорхой болж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хувьд Оюутолгой томоохон хэрэглэгч.
-“Тавантолгой цахилгаан станц төсөл” хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Өнөөдрийн байдлаар төслийн нэгж байгуулагдаад жил зургаан сар болж байна. Холбогдох бүх бичиг баримтаа боловсруулж дууссан. Өнөөдөр хамгийн сүүлийн шат болох сонгон шалгаруулах, санхүүжүүлэх шатандаа очиж байна. Оноос өмнө сонгон шалгаруулалт дуусаад ирэх хавар Тавантолгой цахилгаан станцын ажил эхэлнэ.
-Эрчим хүчний яамнаас үнийн ямар бодлого баримтлах бол?
-УИХ-ын тогтоолын хүрээнд ч, 100 хоногийн хүрээнд ч үнийг чөлөөл гэдэг шийдвэр гарсан. Үнийг хараахан чөлөөлөх бодолгүй байгаа. Бодолгүй байгаа гэдэг нь үнийг чөлөөлөхөөс өмнө хэмнэж ажиллах шаардлагатай. Нэг дор 20,30 хувиар нэмэхгүй.
-Өмнөд бүсийг эрчим хүчийг хангах станцын хүчин чадал нь ямар вэ?
-Эхний үе шат нь 450 мвт. Цаашдаа 600 мвт болж өсөх юм. 450 мвт нь дөрөвдүгээр цахилгаан станцын хэмжээний томоохон цахилгаан станц гэж ойлгож болно.
Э.ЭНХ