Монголын өсвөрийн бейсболын баг “KIA Tigers” клубийн урилгаар БНСУ-д нөхөрсөг тоглолтод оролцож, тэргүүн байрт шалгарлаа. “KIA Tigers” клубийн нөхөрсөг анхны тоглолт 2012 онд манай улсад зохион байгуулагдахад тус улсаас 100 гаруй өсвөрийн тамирчид хүрэлцэн ирж, оролцож байжээ. Харин хоёр дахь удаагийн тэмцээнд Монголын 20 тамирчин, гурван багийн хамт оролцож, өндөр амжилтыг үзүүллээ.
Энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Гуанжү хотод болсон “KIA Tigers” хоёр дахь удаагийн тэмцээнд Монголын өсвөрийн “Киа Тайгерс” баг тус улсын дөрвөн багтаж тоглож, дөрвөн ялалт авснаар тус тэмцээний аваргаар шалгарлаа.
20 сурагч, гурван багшийн хамт явсан Монголын “Киа Тайгерс” баг энэ сарын 11-нд Гёонги аймгийн Янжү хотын, 12-нд Жоннамын Канжин, 13-нд Гуанжу хотын баг болон 14-нд Сөүлийн багтай сүүлийн тоглолтоо хийж, ялалт байгуулжээ. Тэр дундаа тэмцээний зохион байгуулагч Гуанжү хотын багтай өнгөрөгч лхагва гаригт (08.13) тоглосон бөгөөд 14:13-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Тэмцээнийг зохион байгуулагч багийн хувьд манай тамирчдаас 2-3 насаар ах байсан ч зочин баг ялалт байгуулж, бейсболын спортоор чамгүй тоглож байгаагаа харуулаад авчээ. Мөн үзэгчдийн зүгээс ч ах нартайгаа тоглож, ялалт байгуулж байгаа Монголын тамирчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн байна.
Монголын багийн 12 настай Долгорсүрэнгийн Тэмүүлэнг тус улсын http://sports.chosun.com сайт онцолжээ. Монголын тамирчдын ур чадварыг сайшааж, Тэмүүлэн шиг олон тамирчид байгааг дурдсан байна.
Долгорсүрэнгийн Тэмүүлэн
Өсвөрийн тамрчин Долгорсүрэнгийн Тэмүүлэн: “Энд тоглох сайхан байна. Солонгос хүүхдүүдтэй тоглож, тэмцээнд оролцоно гэж бодож байгаагүй ээ. Үнэхээр зүүд л юм шиг байна. Цаашид улам хичээж, бейсболын маш сайн тамирчин болохыг хүсэж байна.” гэсэн байна. Мөн түүний тоглолтын үеэр өмссөн малгай ч солонгосчуудыг сонирхлыг татжээ.
Мөн Монголын багийн дасгалжуулагч: “Бейсболын бөмбөг, малгайнаас эхлээд бидэнд тусалж байгаа та бүхэнд талархаж байна. Бейсболын спортоор хичээллэнэ гэдэг бол манай хүүхдүүдийн хувьд зүүд мэт л байсан. Өнөөдөр хүүхдүүд маань улам их итгэлтэй болж, бейсболын спортод маш их дуртай болж байна. Мөн тэдний аав, ээж ч маш ихээр дэмжиж байна. Цаашид бид улам хичээх болно.” гэж тус сайтад ярьжээ.
Монголын өсвөрийн сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнд өндөр амжилтыг гаргаж байгаа энэ үед бейсболын тамирчид ч бидэнд сайхан мэдээг хүргэж, монголд багийн спорт хөгжих боломжтойг дахин нотоллоо.
Сонирхуулахад, “KIA Tigers” клуб 2012 оноос Улаанбаатар хотноо нөхөрсөг тоглолтыг хийж эхэлсэн бөгөөд манай өсвөрийн тамирчид тус улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж байсан байна.