Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Элчин сайд Ван Шяолун: Айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон гэрээ хэлцлүүдийг баталгаажуулна

БНХАУ-ын дарга Си Жиньпин тун удахгүй манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолунтай ярилцлаа.  

-Си Жиньпин даргын айлчлалын тов албан ёсоор гарсан уу. Айлчлал ямар хугацаатай үргэлжлэх вэ? 

-Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй. Урьдчилсан байдлаар энэ сарын 21-22-нд айлчилна гэж яригдаж байна. Хоёр тал анхны түвшинд зөвшилцөж байгаа.

-БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлан ирэх гэж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын талаас өндөр ач холбогдол өгч байна. Хятадын тал энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Си Жиньпин даргын айлчлалаар Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад 11 жилийн дараа дахин айлчилж буй чухал ач холбогдолтой үйл явдал. Хоёр улсын харилцааны онцгой чухал жилийн хамгийн оргил үе болж байна. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрсөн. Эхний үед ах дүүгийн найрсаг харилцаа бол хоёр талын харилцааны гол үндэс байсан. Харин XXI зуунд нийтлэг хөгжлийн ашиг нь хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх гол хөдөлгүүр болсон. Манай  хоёр улс хөгжиж, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол ард түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал хүчин зүйл юм. Монгол Улс уул уурхай, эрчим хүчний баялаг нөөцтэй орон. Хятадын асар том зах зээл, хангалттай хөрөнгө мөнгө, тэргүүлэх техник технологи Монголд хэрэгтэй. Хоёр улс бол газраар хиллэдэг ойрхон хөрш бөгөөд зам тээвэр, ложистик хийхэд тун давуу талтай. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түншлэл, хөрөнгө оруулалтын улс юм. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар Хятад улс Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид хамтын ажиллагаагаа бүрэн ашиглаж чадах юм бол дээр дурдсан хоёр тоог богинохон хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой.

-Та энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Миний хувьд үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараахь ажлуудыг хийх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, хоёр талын хооронд нэгэнт тохирсон уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх зарчмыг чанга баримтлах ёстой. Хоёрдугаарт, бүх талаасаа хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдүүлж, том дэвшил гаргах хэрэгтэй. Хятадын зүгээс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд санхүү, бодлого, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж,  ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагаанд эрх зүй, бодлого, нийгмийн өнцгөөс дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч байна. Гуравдугаарт, хэд хэдэн зөв төслийг сонгож нэн түрүүнд бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Аль болох богино  хугацаанд эдийн засгийн ашгийг гаргаж, Монголын ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, шинэ төмөр зам хамтран барьж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өөрийн үнэ өртгийг бууруулна. Монголын эрчим хүчний нүүрсийг хамгийн зохистой хэлбэрээр ашиглах газын төслийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслөөс юун түрүүнд Улаанбаатарт нүүрсний хий нийлүүлэх болно. Мөн Улаанбаатарын иргэдийн амьдралыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. 

-Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, манай хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн арга хэмжээг тохиолдуулан Си Жиньпин дарга манай улсад айлчилна. Тэрбээр баярын арга хэмжээнд оролцохоор хязгаарлагдахгүй байх. Айлчлалын гол зорилго юу вэ?

-Түүхэн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2014 оныг найрсаг солилцооны жил болгон зарласан. Тиймээс манай хоёр улсын хувьд түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил болж байна. Си Жиньпин даргын айлчлалын үеэр Хятадын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулна.

Айлчлалын зорилгыг ярилцахад юуны өмнө энэ удаагийн айлчлал ямар байдалд болох гэдгийг, өөрөөр хэлэх юм бол хоёр улсын харилцааны одоогийн байдал болон сайхан боломжийг онцолмоор байна. Одоо Хятад, Монголын харилцаа сайн хөгжиж байгаа. Хоёр улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол болж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн. Хоёр улсын харилцааны хөгжлийг төлөвлөхөд аль аль талдаа саадгүй хэлхээ холбоотой байсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хоёр орны төрийн тэргүүн олон улсын тавцанд хоёр ч удаа уулзсан. Мөн энэ оны тавдугаар сард Шанхай хотод болсон СИКА-гийн төрийн тэргүүн нарын хурлын үеэр Си Жиньпин дарга түүний хуучин танил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тусгайлан өглөөний цай барьсан. Тэд тун элэгсэг дотноор хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар нэлээд удаан ярилцсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад амжилттай айлчилсан. Энэ онд хоёр орны Гадаад хэргийн сайд харилцан айлчиллаа.

Харин Си Жиньпин даргын айлчлалын зорилго бол хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажил­лагааг хөгжүүлэхэд бүрэн чиглэсэн. 

-Энэ удаагийн айлчлалын үеэр ямар ямар гэрээ хэлэлцээрүүдийг батлахаар төлөвлөсөн бэ?

-2011 онд Монгол Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлахдаа Стратегийн түншлэлийн урт, дунд хугацааны хөтөлбөрийг баталснаар хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилготой. Си Жиньпин дарга айлчлахдаа хоёр улсын хамтын ажиллагааны салбарт тодорхой баримт бичгүүдийг баталгаажуулна. Жишээлбэл, соёл боловсролын салбар, газрын төсөл, дэд бүтэц барих, зам тээврийн төслүүд бий. Айлчлалын үр дүнд банк санхүүгийн салбарт тодорхой ахиц гарна гэдэгт найдаж байна. 

-Си Жиньпин даргын айлчлалд Монголын талаас шаргуу бэлдэж байгаа. Ноён Элчин сайд таны хувьд айлчлалд хэрхэн бэлдэж байна вэ?

-Хоёр талын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд айлчлалын бэлтгэл ажил амжилттай болж байна. Одоогоор 80 гаруй хувьтай байгаа. Монголын талаас Си Жиньпин даргын айлчлалын хүрээнд аюулгүй байдлыг бүрэн хангахаар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад талархаж байна. 

-“Bank of China” буюу Хятадын банк Монголд салбараа нээхээр Засгийн газарт хүсэлт гаргасантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл тархсан. Тухайлбал, энэ банк Монголд орж ирвэл арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүснэ гэж байсан л даа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Санхүүгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын үндсэн үүрэг юм. Үнэхээр Хятад  Монголын хамтын ажиллагаа бүрэн сайжирвал Монголын эдийн засаг тэр хэрээр дээшилнэ гэж үзэж байна. Хоёр тал хамтран ажиллаж своб гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгаа. Валют солилцох гэрээг хүртэл шинэчлээд шинэ гэрээ байгуулах болно. Монголбанктай хамтарч байгуулах энэ гэрээ Монголын микро эдийн засагт төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн санхүүгийн салбарт хамтран ажиллах юм. 

БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. 

Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм.

-Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар та ямар бодолтой байна вэ?

-Эртнээс улбаатай Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөөр ирсэн. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн бүтэц бие биеэ нөхөх шинжтэй бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт хурдацтай хөгжиж байгаа. Харин дэлхийн эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр Хятад, Монголын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үед буурсан. Энэ оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт 2.8 тэрбум ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын байдалтай харьцуулахад 10 хувь нэмэгдэж, сэргэх хандлага харагдаж байгаа. 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл Хятадаас Монголд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2.5 тэрбум болсон. Өнгөрсөн арваад жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын улс байсаар ирсэн. Ялангуяа хоёр тал уул уурхай, дэд бүтцийн салбарт хэд хэдэн томоохон төслүүдийг ярилцаж хэрэгжүүлж байгаа. Тус төслүүдийг хэрэгжүүлэх нь Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлж, чанарын өөрчлөлт гаргаж болно.

Хоёр улсын иргэдийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо идэвхтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд Хятадад зочилсон Монголын иргэд давхардсан тоогоор нэг сая давсан. Үүнээс гадна соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг салбарт хоёр талын солилцоо маш нягт байдаг. Энэ оны Хятад, Монголын найрсаг солилцооны жилд бүх салбарын солилцоо нэн идэвхтэй явагдаж байна. Найрсаг солилцооны бүх арга хэмжээ дэс дарааллаар хийгдэж байгаа бөгөөд Хятадын зуу гаруй төлөөлөгч Монголд айлчилсан. Үүнд Монголын нийгэм таатай уур амьсгалтай байгаа.

Олон улс, бүс нутгийн тавцанд хоёр улс нягт уялдаж, хамтран ажиллаж байна. Монголын талыг олон улс болон бүс нутгийн үйл явдалд идэвхтэй оролцож энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйлст хувь нэмрээ оруулахаар зүтгэж ирснийг Хятадын тал сайшааж дэмжиж байдаг. НҮБ, ШХАБ, АСЕМ, СИКА, АСЕАН болон бусад олон талт хамтын ажиллагаанд хоёр тал саадгүй уялдаа холбоо, сайхан хамтын ажиллагааг хадгалсаар ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын Улаанбаатар хэлэлцээг дэмжиж байгаа байр суурийг Хятадын тал хамгийн түрүүнд илэрхийлсэн. Хятадын талын дэвшүүлсэн торгоны зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг санаачилгыг дэмжиж, нааштай хариу өгсөн Монголын талд талархаж байна.

Хоёр улсын харилцааны хөгжилд дараахь том боломжууд гарсан.  Нэгдүгээрт, Монгол Хятадын хөгжил нь хоёр талын харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна. Хятад улс “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхээр зүтгэж байгаа. “Хятадын мөрөөдөл” зөвхөн Хятад улсын өөрсдийн мөрөөдөл биш юм. Цаад гол утга санаа нь дэлхийн бүх орнуудтай хамт мөрөөдлийг нь хэрэгжүүлэх, сайхан амьдралыг бүтээх зорилготой. Монголын мөрөөдлийг хөрш орнууд нь хамтдаа биелүүлэх түнш улс байх ёстой. Хятадын хөгжилд энх тайвны хойд зүгийн орчин хэрэгтэй болохоор Монголтой хамтран ажиллах нь чухал. Хятадын хувьд хөгжихийн тулд заавал Монголтой харилцаагаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хурдацтай хөгжиж байгаа. Улсаа хөгжүүлж, ард түмнийг сайхан амьдруулах юм бол юуны өмнө гадаад хамтын ажиллагааг явуулах нь  юу юунаас илүү. Монголын гадаад хамтын ажиллагааны хамгийн чухал түншлэл бол Хятад улс гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх байх.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцах бодлого улам тодорхой, идэвхтэй болсон. Хоёр талын харилцаа бол өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэгч чиглэлийн нэг гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монголын хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд Хятадын тал “Элэгсэг дотно, шударга үнэнч, ашигтай, хүлээцтэй” гэдэг бодлого дэвшүүлж хэрэгжүүлж байгаа. Си Жиньпин дарга Монголын удирдлагуудтай уулзаж ярилцахад Хятад улс, Монголын талтай харилцан ашигтай, хамт хожих зарчмаар хамтран ажиллахад бэлэн байна. Бид ихийг авч, танд багыг гаргахгүй. Тодорхой төслүүд дээр Монголын талд илүү ашиг өгч болно гэдгээ илэрхийлж байгаа. Монголын Засгийн газар хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч хоёр талын хамтын ажиллагаанд, ялангуяа томоохон төслүүдэд нээлттэй, идэвхтэй, бүтээлч байдлаар хандаж байгаад Хятадын зүгээс талархдаг.

Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд хоёр талын санаачилгаар хоёр улсын харилцаанд том ахиц дэвшил гарсан. Манай хоёр орны харилцаа  түүхэнд хамгийн сайхан үед хөгжиж байгаа. Хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаанд бат бэх суурь тавигдсан. Талуудын харилцааг хөгжүүлэх талаар хоёр төр засаг улс төрийн түвшинд нэлээд өндөр тохиролцоонд хүрсэн. Хоёр талын хамтын ажиллагааг дэмжих олон нийтийн үзэл санааны орчин бий болсон. Хятад, Монголын харилцаа цэцэглэж жимслэх үе ойртож байна.

Дээр дурдсанаас дүг­нэхэд Си Жиньпин даргын айлчлалын зорилго нь хоёр талын харилцааны сайхан боломжийг бүрэн ашиглаж, найрамдлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж байгаа юм. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажил­лагааг шинэ шатанд гаргана. 

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *