Статистикийн үндэсний хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн төлөв байдлын талаар өгсөн мэдээллээр бол өмнөх оны мөн үеийг бодвол уул уурхай, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, молибдений баяжмал 47 хувийн агуулгад шижлүүлсэнээр төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жонш, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2,7-53,9 хувь нэмэгдсэн. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбар буюу амтат ус, ундаа, шингэн сүү, бууз, банш, сүлжмэл эдлэл, цэвэр ус, гурил, гоймон, зайрмаг, вакуум цонх, хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2,6 хувиас 2,5 дахин өссөн гэсэн таатай мэдээлэл байна.
Харин төмөр замын тээврээр 11129,4 мянган тонн ачаа, давхарлдсан тоогоор 1999,8 мянган зорчигч тэээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 807,0 мянган тонн буюу 6,8 хувь, зорчигчдын тоо 252,4 мянган буюу 11,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэхдээ төмөр замын тээврийн салбарын орлого 233,5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 6,4 тэрбум буюу 2,7 хувиар буурсан байгаа аж.
Агаарын тээврийн тухайд ачаа тээвэрлэлт болон зорчигчдын тоо мөн л буурсан үзүүлэлттэй байна. Учир нь 1959,1 тонн ачаа, давхардсан тоогоор 395,2 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 374,9 тонн буюу 16,1 хувь, зорчигчдын тоо 44,3 мянган хүн буюу 10,1 хувиар буурсан байгаа юм. Агаарын тээврийн салбарын орлогын хувьд 126,5 тэрбум болж, өмнөх оныхоос 1,3 тэрбум төгрөг буюу 1,0 хувиар буурчээ.
Т.Гэрэлмаа