Categories
мэдээ цаг-үе

Цуцлагдсан 106 лицензийн сонгон шалгаруулалт дээрэм болж магадгүй нь

Ам.доллар 1900 болоход тун ойрхон байна. Өчигдөр үдийн гурван цагт  “Найман шарга” дээр очиход  нэг ам.долларыг 1874 төгрөгөөр зарж байна лээ. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулвал л долларын ханшийг хазаарлаж чадна гэхээс өөр үг шинжээчдэд алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж, зогсчихоод байгаа уул уурхайн салбараа хөдөлгөж байж долларын галзуурал намжина гэдгийг төв банкныхан ил шулуун хэлчихсэн. Яг энэ үед гадны хөрөнгө оруулалттай холбоотой нэг том ажил эхлэх гэж байна. Энэ ажил шийдлээ олбол уул уурхайн салбарт таг зогсчихоод байгаа нэлээд хэдэн төсөл хэрэгжиж эхлэх юм. Засгийн хувьд шийдвэрээ гаргачихсан. Одоо яам, АМГ-ынхан зохион байгуулалтынх нь ажлыг хийж байгаа. Зохион байгуулалтан дээр нь хэлэх үг, нэмэрлэх санаа бас байна. 

106 лицензийн асуудал гэхээр уншигчид андахгүй. Гадна, дотны бизнес эрхлэгчдийн ном журмынх нь дагуу авсан лицензийг төрөөс булааж авсан нь гадаадын хөрөнгө оруулалт татрах бас нэг шалтгаан болсон гэж эдийн засагчид онцолдог. Төр нь өгсөн лицензээ буцааж авсан нь Монголд мөнгөө хийх гэж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэснийг шинжээчид үгүйсгэдэггүй.  АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийг авлигын хэрэгт буруутгах үед шүүхээс ийм шийдвэр гаргасан юм. Төрийн нэг албан хаагчийн авлигын хэргээс болж өчнөөн бизнес эрхлэгчийн лицензийг хураасан гэсэн үг. Засгийн газар лиценз авч багагүй хөрөнгийг хайгуулын зардал болгож газарт булсан хөрөнгө оруулагчдын зовлонг  ойлгож, “Хураалгасан лицензээ сонгон шалгаруулалтаар авч болно, та нарт илүү боломж олгоно” гэж амлаад тусгай журам гаргаад буй. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам гэсэн урт нэртэй.  

Засгийн газраас гаргасан журамд “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно…” гэсэн заалт бий. Гэтэл АМГ-ынхан компаниудад хүргүүлсэн мэдэгдэлдээ “Геологи, хайгуулын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно” гэж явуулжээ. Засгийн газраас гаргасан журмын бусад зардал гэсэн үгийг АМГ компаниудад хүргүүлсэн мэдэгдэлдээ хасчээ. Хайгуулаас бусад зардлыг нь тооцохгүй гэсэн үг. Компаниудын хувьд  тус газарт хайгуулын болон бусад зардлаа баримтаар баталгаажуулаад өгч байгаа юм билээ. 

Өөр нэг асуудал нь лицензийн тоо. Засгийн газраас гаргасан журамд хүртэл 106 гэж заачихсан лицензийн тоо одоо 62 болчихсон явж байгаа гэнэ. АМГ эхлээд 88 хүртэл нь танажээ. Ингэж танасан нь бол учиртай юм байна. Урт нэртэй хуулиар давхацсан, төлбөрөө төлөөгүй цуцлагдсан гэх мэт зайлшгүй шалтгаан байгаа аж. Дараа нь давхцалтай гэж хассаар байгаад 72 болгожээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид АМГ-ынхны даалгаснаар хайгуулын зардлаа баримтаар баталгаажуулаад очтол ахиад арван компанийг жагсаалтаас хассаныг мэджээ. 106 лиценз танагдсаар байгаад 62  болсон гэсэн үг. Лиценз аваад хайгуул энэ тэрд мөнгөө зарчихсан компаниуд яагаад нэр нь хасагдсанаа асуухад  “Улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж, үнэ цэнийг нь дээшлүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авч байгаа юм” гэсэн хариу сонсчээ. Яамны удирдах хүмүүсээс энэ талаар тодруулахад “Тэгж багасгаж танасан шийдвэр гараагүй” гэсэн хариу хэлж. Засгийн газрын гаргасан журам доод  шатандаа нэг иймэрхүү дүр төрхтэйгөөр хэрэгжиж, лицензээ хураалгасан  компаниудыг гайхашруулж байна. Зарим лиценз эзэмшигчид “АМГ-ынхан зарим хүмүүст 88 лицензийн жагсаалтыг харуулаад эднээс алийг нь сонирхож байна гэж асуугаад эхэлсэн талаар ч чих дэлсэх боллоо. Зарим лицензийг тендерт оролцуулахгүй жагсаалтаас хасчихаад дараа нь хувааж авах гэсэн юм болов уу. Төрийн байгууллага ийм маягаар дахин хуваарилалт хийх гэж байгаа юм биш биз. Хэрвээ ингэвэл хууль номын дагуу авсан лицензийг маань дээрэмдэж байгаагаас ялгаагүй”  хэмээн  ярьж байна. 

Дээрх баримтуудаас харахад нэг талаас лицензийн тоог аль болох  багасгаж, нөгөө талаас компаниудын гаргасан зардлыг танах ажлыг доод шатны байгууллагаас хийгээд эхэлчихэж. Гэтэл Засгаас гаргасан журамд тендерийн шалгаруулалтын шалгууруудын бараг 70 хувь нь мөнгөтэй холбоотой гэж байгаа. Лицензээ хураалгасан компаниудыг шахаж байгаад мөнгө бага зарсан гэсэн тоо гаргачихвал тендерт оролцох дараагийн хүмүүст лиценз авах боломж гараад ирнэ гэсэн үг. Лицензээ хураалгасан компанийн хувьд босго үнийн 30 хувийг төлөхгүй гэсэн ганцхан давуу эрхтэй юм билээ. Хайгуулын ажилд зарсан хөрөнгийг нь таначихвал засгаас олгосон энэ эрх ч давуу  биш болно гэсэн үг. 

Ажлын хэсэг зардлын үнээ баталгаажуулчихвал босго үнэ тодорхой болох юм. Энэ ажлын дараа сонгон шалгаруулалтын комисс гарч сонгон шалгаруулалт хийх юм байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газраас хоёр хүн байгаа юм билээ. Тэд компаниудад бас нэг тулгалт хийгээд эхэлчихэж. “Танайх лицензээ шилжүүлж авсан юм байна, эрх шилжүүлсэн 30 хувийн татвар төлсөн үү” гэж асууж байгаа гэнэ. Уг нь сонгон шалгаруулалтын зөвхөн  босго үнэ тогтоох ажлыг л  хариуцаж буй ажлын хэсэг татварын асуудал яриад байх учиргүй л дээ. Энэ бол дараагийн хэрэг. Татварын асуудал ярилаа гэхэд л хоёр яамны төлөөллийн компаниудаас шаардаж буй 30 хувийн асуудал хууль бус аж. Лиценз шилжүүлэхтэй холбоотой татварын асуудлыг  Ашигт малтмалын хуулиар шийддэг юм байна. Ашигт малтмалын хуулиар бол лицензээ шилжүүлсэн тохиолдолд арван хувийн татвар төлдөг байна. Тодруулж хэлбэл  “Мэдээллээ худалдаад татвар төлснөө нотолбол шилжүүлнэ” гэсэн агуулгатай заалт байдаг аж.  Мэдээлэл худалдана гэдэг нь эрх шилжүүлэх биш, худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж хуульчид тайлбарладаг. Ийм гэрээ хийсэн тохиолдолд арван хувийн татвар авах ёстой. Ингэсээр ч иржээ. Саяхан авлигын хэргээр шоронд орсон татварын Гансүх гэхэд л яг ийм маягаар 30 хувийн татвар авна гэж компаниудыг дарамтлан авлига авч байсныг тухайн үед цацагдсан мэдээллүүдээс харж болно. 

Яг одоогоор АМГ-ын хувьд 106 лицензийг өмнө нь эзэмшиж байсан компаниудад Засгийн газраас олгосон давуу талыг ийм маягаар бүдгэрүүлээд эхэлчихэж. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дунд монголчуудаас гадна Америк, Австри, Люксембург, Канад, Сингапур, Хятад зэрэг хэд хэдэн улсын хөрөнгө оруулагчид байгаа юм билээ. Хөрөнгө оруулагчдын хувьд алтны 39, зэсийн 10, газрын ховор элементийн хоёр, нүүрсний 23, хайлуур жоншны 11 гээд чиглэл бүрээр жагсаавал 22 төрлийн ашигт малтмал дээр тусгай зөвшөөрөл авчээ. Жагсаалтад багтсан Нарийн сухайтын нүүрсний орд дээр гэхэд хайгуулын зардалд 197.2 сая төгрөг зарцуулсан аж. Энэ ордын нүүрсний нөөц нь гэхэд л 1.5 сая тонн. “Босстон интернэшнл” компани Хэнтий аймгийн Дархан суманд лиценз  авчээ. Тэдний хайгуул хийсэн ордын жоншны нөөцийн хувьд хүдэр 133.7 мянган тонн, металлаар 80.7 мянган тонн юм байна. “MMRI” компанийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр алтны 115.4 кг нөөц байгааг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бүртгэж авчээ. Одоогоор 106 лицензээс нөөц нь батлагдсан газрууд гэвэл ердөө энэ. Бусад нь хайгуулын шатандаа явж байгаа.  Тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг буюу 50 орчмыг нь Өмнөговь, Дорноговь аймагт олгожээ. 106 тусгай зөвшөөрлийн лицензийн 14  нь  зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийнх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж тав байгаа аж. Үлдсэн нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн авсан тусгай зөвшөөрөл байна.  

Ц.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *