Categories
мэдээ нийгэм

Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зочилж, Холбооны Аюулгүй байдлын албаны /ХАБА/ Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа. Тамгын газрын дарга П.Цагаан, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав болон албаны бусад хүмүүсийг халуун дотноор угтан авлаа.

 Угтан авсан хүмүүсийн дунд ОХУ-ын ХАБА-ны Буриад Улсын Хилийн удирдах газрын дарга, хошууч генерал И.В.Бондарев, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-аас Монголын Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев, ОХУ-ын ХАБА-ны байгууллагуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Г.В.Соленков тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.

 Одонг гардуулахын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын дарга Вячеслав Владимирович Наговицын,

Эрхэм хүндэт дайчид, хилчид ээ,

Хүндэт нөхөд өө,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн зарлигийн дагуу ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс дахь ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэхээр бид энд хуран цуглаад байна.

 Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хилчид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ хүндтэй шагнал нь хилчид, ОХУ-ын зэвсэгт хүчин хоёр орны хил хамгаалах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хүндтэй гавъяаг илэрхийлж байгаа юм.

Халхын голд ялалт байгуулсны түүхэн 75 жилийн ойн босгон дээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийх албан ёсны айлчлалын өмнөхөн энэхүү одонг гардуулж байгаадаа таатай байна. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал манай хоёр орны найрамдалт харилцаа, бүх талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх нь дамжиггүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр Оросын ард түмэн нь монголчуудын төлөө, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цусаа урсгасан ард түмэн юм. Халхын голын дайн үүнийг дэлхийд харуулсан. Хиагтын хилчид энэхүү дайнд тулалдаж явсныг дуулахад сайхан санагдаж байлаа. Монголын ард түмэн үүнийг хэзээ ч мартахгүй. Ахмад дайчид та бүхэнд гүнээ талархал илэрхийлье.

Халхын голын дайнд ЗХУ-ын Эх орны дайны цуут жанжин, маршал Георгий Константинович Жуковын цэргийн удирдагчийн авъяас билэг тодорсон билээ.

Өнөөдрийн энэ тэмдэглэлт үйл явдал Хиагтад болж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Монголын XX зууны түүх энд эхэлж, Ардын хувьсгалыг эхлүүлэгчид 1921 онд энд цугларч байсан.

Монгол, Орос бол үүрдийн хөршүүд. Манай хоёр улсыг залгах торгон хил дэлхийн хамгийн амгалан тайван хил. Энэ бол бидний найрсаг харилцааны үнэт зүйлсийн нэг билээ. Монголчууд “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг шиг, “Хил амгалан бол улс амгалан”.

Сайн хөршийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн харилцаа, хилчдийн хамтын ажиллагаа хамгаас чухал юм. Бид энэ харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд дахин баяр хүргэж, улсынхаа хилийг хамгаалан, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлж буй энэ сайхан үйлсэд тань амжилт хүсэн ерөөе.

Баярлалаа” гэв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 90 дугаар тоот зарлигийг “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тус тус тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албыг Цэргийн гавъяаны одонгоор шагнасугай” хэмээн уншиж танилцуулснаар одонг гардууллаа.

Дараа нь ОХУ-ын Буриадын Засгийн газрын дарга В.В.Наговицын хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал нь зөвхөн манай хилчдийн хувьд төдийгүй хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал боллоо. Хиагтын албаны түүхэнд гадаадын улс орноос ийм хүндтэй одон гардаж авч байгаагүй билээ” хэмээн тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр хилчид, орон нутгийн удирдлага хэлсэн үгэндээ хоёр орон дайны хүнд бэрх жилүүдэд харилцан бие биедээ тусалж, түүхийн шалгарлыг даван туулсаар ирснийг дурдаж байлаа. Тухайлбал Халхын голын дайнд ЗХУ 50 гаруй мянган цэрэг илгээсэн ба үүний 16 мянга нь буриад цэргүүд байсан, мөн Дэлхийн II дайны үед Монгол 500 мянган морь болон их хэмжээний хувцас, хэрэгсэл ЗХУ-д илгээж байсныг дурсан санав. Түүнчлэн дайны дараах жилүүдэд ЗХУ нь Монголын бүтээн байгуулалт, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт асар их хувь нэмэр оруулсан, үүнийг бидний хойч үе мартах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцоллоо. Хиагтын хилчид хөрш орнуудыг хөндийрүүлэн тусгаарлах бус харин хоёр орны ард иргэдийн эв нэгдлийг улам бүр батжуулсаар ирснийг хилийн цэргийн удирдлагууд сайшаав. 

Одон гардуулах ёслолын дараа танхимд цугларсан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сэтгүүлчид уг арга хэмжээг хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой, хоёр орны хилчдийн урам зоригийг бадраасан үйл явдал болж буйг дурдаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээ хэлэлцээр байгуулах эсэх талаар асуув. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариуд нь Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 Хиагт хотыг Орос, Монголын найрамдлыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсных нь төлөө 1973 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Ингэснээр тус хот нь гадаадын төрийн дээд шагнал хүртсэн дэлхийн анхны хот болсон түүхтэй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *