Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” Бага олимп 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Эхний өдөр жүдо бөхийн барилдааны анхны медалийн эзэд тодорсон бол өчигдөр 20 цагт чөлөөт бөх, үндэсний сурын харвааны шилдгүүд тодорчээ. Үндэсний сур харваа эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдсан байна.
Эрэгтэй сур харвааны алтан медалийг тус аймгийн Дуут сумын харваач Ж.Баянмөнх, мөнгөн медалийг Мөнххайрхан сумын харваач А.Пүрэвсүх, хүрэл медалийг Жаргалант сум Цамбагарав багийн харваач Л.Батчулуун тус тус хүртжээ. Эмэгтэй сур харвааны алтан медалийн эзнээр Б.Номинчимэг (Цамбагарав баг), мөнгөн медалийн эзнээр Б.Уранчимэг (Буянт баг), хүрэл медалийн эзнээр н.Бурмаа (Булган сум) тус тус тодорсон байна.
Эдгээр тамирчдын шагналыг Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Ховд аймгийн Засаг даргын орлогч, Бага Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Чинбат, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн гүйцэтгэх захирал Х.Батболд, дэд тэргүүн н.Жигдбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн нар шагнал шагналыг гардуулан өгчээ.