Манай улсын хилийг зөрчин, мал хулгайлж,
албан үүргээ гүйцэтгэж байсан монгол хилчнийг буудан шархдуулсан ОХУ-ын
Тува Улсын хоёр иргэний хэргийг энэ сарын 7-ны өдөр тус улсын шүүхэд
хянан хэлэлцэж, ял оноосон байна.
хШүүхээс Тува Улсын иргэн Оралан Омак
Белековичид жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил ял эдлүүлэх, манай
улсын хилчнийг шархдуулсан Кенден Белек-Баирт чанга дэглэмтэй хорих
ангид 14 жил хорих ял оноожээ.
аГэмт хэрэгтэн, Тува Улсын Эрзинск
дүүргийн иргэн Оралан Омак Белекович, Кенден Белек-Баир нар нь 2012 оны
11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө хил зөрчин, манай улсын нутагт
нэвтрэн адуу хулгайлсан байна. Тэднийг буцах замд нь манай хилчид
илрүүлэн баривчлах гэсэн боловч хил зөрчигчид галт зэвсэг хэрэглэн
эсэргүүцэл үзүүлж, монгол хилчнийг шархдуулаад хил даван зугтсан аж. Уг
гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын талаас өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын
хил, Цагдаагийн албаныхан эрэн сурвалжилж, Тувагийн нутаг дэвсгэрээс
баривчилсан байна.