Categories
мэдээ эдийн-засаг

Татварын цахим төлбөрийн шинэ системийг ашиглаж эхэллээ

Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн татварын цахим төлбөрийн шинэ системийг нээлтийг хийлээ. ТЕГ-аас 2014 оны 1-р сард шинээр нэвтрүүлсэн цахим татварын тайлангийн системийг одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байна.  Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хоёрдахь хувилбарыг амжилттай туршиж, нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох боломжийг бүрдүүлсэн бөгөөд ТЕГ цаашид энэ үйлчилгээг дотоодын арилжааны бүх банкаар дамжуулан татвар төлөгчдөд хүргэхээр төлөвлөж байна. 

“Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд МТА-ны үйл ажиллагааг шинэ шатанд аваачих юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд арилжааны банкуудтай амжилттай хамтран ажиллах нь Монгол Улсын хэмжээнд манай татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжихэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж ТЕГ-ын дарга Т. Батмагнай хэллээ. 

ТЕГ болон арилжааны банк хоорондын хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Г. Ганболд “Татварын цахим төлбөрийн системийг ашиглах нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчдэд тухтай, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Голомт банкны зорилготой нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийн нэг хэсэг” гэлээ.  

Тус системийн нээлт Шинэчлэлийн Засгийн газрын ЭЗЭН 100 ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг бөгөөд нээлтэнд Сангийн сайд Ч.Улаан, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл нар оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *