Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цагаан: Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалд шаргуу бэлтгэж байна

Ойрын өдрүүдэд Монгол Улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй билээ. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд чухам хэзээ манай улсад айлчлахтай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авлаа. 

-БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын манай улсад хийх айлчлалын талаар сүүлийн үед эрчимтэй яригдах боллоо. Айлчлалын бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар тодруулж болох уу?  
-Айчлалын бэлтгэл сайн явж байгаа. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ удаагийн хоёр их хөршийн маань төрийн тэргүүнүүдийн айлчлал бол манай орнуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан түүхэн айлчлал болно гэж үзэж байна. Нийгмийн хүлээлт  ч тийм байна. Аль аль айлчлал  нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрсэн айлчлал болно гэдэгт итгэж байна. Олон баримт бичигт гарын үсэг зурна. Эдгээр айлчлалд манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, ГХЯ, Засгийн газар хоорондын комисс гээд бүх түвшинд өндөр ач холбогдол өгч, багаараа шаргуу бэлтгэж байна. Гадаад харилцааны яамдын ачаалал их байх шиг байна. Эдгээр түүхэн айлчлалд зориулж, УИХ  хүндэтгэлийн чуулган ч хийхээр яригдаж байгаа.

-Хоёр улсын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгчийн урилгаар зочилж байгаа юу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Путин Ерөнхийлөгч, Си Жинпинь дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар айлчилж байгаа. Ерөнхийлөгчийн зочид.
-Ингэхэд айлчлал яг хэзээ болох вэ? Нэг зэрэг ирэх ч юм шиг, тус тусдаа ч айлчлах юм шиг яриад байх юм?
-Төрийн дээд хэмжээний айлчлалыг хоёр тал гадаад харилцааны шугамаар харилцан тохироод нэгэн зэрэг зарладаг нь олон улсын дипломат ёс. Хэн дуртай нь аль эсвэл нэг тал нь түрүүлж зарлаад байдаггүй. Манайханд заримдаа сонссоноо юм уу бодсоноо мэдээлэлтэй хүн болох гэж хамаагүй ярьчихдаг болчимгүй тал байна.
БНХАУ-ын дарга Си Жинпинь манай улсад наймдугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сард айлчлахаар байгаа.
-Нэг зүйлийг лав­лахад, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлалын бэлтгэл ажил дээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд засгийн бүтэц бүгдээрээ эдгээр айлчлалд хамтран бэлтгэж байгаа. Байнга уулзалдаж байгаа.

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *