Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ынхныг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна гэв

Төрийн тусгай хамгаалалттай газраас мэдэгдэл гаргалаа. Энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлж тус газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэв болон албаны хүмүүс оролцлоо. Тэдний өгүүлснээр “Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, түүнд оролцож байгаа хүч хэрэгсэл, арга тактик нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл өнгөрсөн сарын 31-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэгт хамаарагддаг Ерөнхий сайдыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үеийн нөхцөл байдлыг АТГ-ын ажилтнууд бичлэгээр баримтжуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулж мэдэгдэл гаргаж байна” гэсэн юм. Мэдэгдэлд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д “Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.

Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэжээ. 

Хурлын дараа Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэвээс цөөн зүйл тодруулав.

-АТГ-ын ямар албан тушаалтнуудын нэр зааж, энэ хариуцлага тооцох хүсэлт тавих гэж байна вэ?

-Чухам ямар албан тушаалтанд ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаад, бурууг нь тогтоох байх.

-Ерөнхий сайдыг хууль бус ажиллагаа хийсэн ч та бүхэн хамгаалах үүрэгтэй гэсэн үг үү?

-Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй байгаа. Манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *