Categories
мэдээ улс-төр

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД, КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ж.БЭЙРД НАРЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Канадын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй анхны айлчлал юм. Сайд нар халуун дулаан, ажил хэрэгч хэлэлцээ хийж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр улсын хооронд тогтсон ойр дотно, өргөжин тэлж буй “Өргөө хүрээтэй түншлэл”-ийн харилцааг дахин нотлов.

Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурийг агуулсан тогтвортой, эрчимтэй харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улс, Канад Улс хөгжүүлэхээр зорьж ирснийг Сайд нар цохон тэмдэглэв. Түүнчлэн, энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэх шийдвэрт хүрснээ онцлов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улс нь Монгол Улсын чухал Гуравдагч хөрш, Хойд Америк дахь дотно түнш болохыг дахин нотлов. Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар хоёр талын харилцаанд урт хугацааны ач холбогдол өгч буйг нотлоод Канадын Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр саяхан гаргасныг тэмдэглэв.  

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа Монгол Улсын төрийн алба, түүний дотор байгалийн баялгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ.

Хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, шүүхийн шинэчлэл болон цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон салбарт хөгжиж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа Сайд нар илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэвээр болохыг Сайд нар онцлов. Канад Улс нь Монголын тэргүүлэх хөрөнгө оруулагч орнуудын нэг бөгөөд үүний тусгал болж Канадын Засгийн газар “Дэлхийн зах зээл” үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх чиглэлийн орон хэмээн тодорхойлсон. Гадаад харилцааны сайд нар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээ сэргэснийг сайшаагаад гэрээг эцэслэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно гэдэгт санал нэг байв. 

Олон улсын тавцанд, Монгол, Канад нь олон улсын нилээдгүй байгууллагын гишүүд юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэгт  Монгол Улс гишүүнээр амжилттай элсэх хүчин чармайлтыг Канад Улс тууштай, шийдвэртэй дэмжиж ирсэн. Умард Атлантын Гэрээний Байгууллага болон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд ч Монгол, Канад хоёр түнш орнууд юм. Сайд Ж.Бэйрд Канад Улсаас энх тайван, аюулгүй байдлын зорилгоор Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгтээ түлхүү анхаарч, Канадын Цэргийн сургуулилалт, хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар үргэлжлүүлэн үзүүлэхээ дахин тэмдэглэв.

Хоёр орны иргэд хоорондын харилцааг дэмжих нь харилцаа урт хугацаанд өргөжин хөгжихөд чухал ач холбогдолтой болохыг Сайд нар онцлов.

Боловсролын салбар манай хоёр орны хувьд чухал ач холбогдолтойг дахин нотолж, боловсролын байгууллагууд хооронд тогтсон бүтээлч хамтын ажиллагааг талууд онцлон тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Түүнчлэн сайд Л.Болд Канад Улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Сайд нар өнгөрсөн жил тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшинд болон хууль тогтоох байгууллагын түвшинд харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагаа бэхжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *