Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай тоглоно.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж буй. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авах юм.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэ өдөр болсон Гуам, Макаогийн тоглолт 0:0-ийн харьцаагаар өндөрлөжээ. Ингэснээр манай баг хэсгээ гурван оноотой тэргүүлж байгаа бол Гуам, Макао нэг оноотой удаалж байна.