Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдлээ

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Нийслэлийн 4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ

Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт “0.00” дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил үүнд хамаарна.

– Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

– Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам

– МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт 

– Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл.

Олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8,6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор тогтлоо.

 ОХУ-тай байгуулах “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд, Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон, Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Энэ хөтөлбөрөөр Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн тодорхой, ойлгомжтой, төлөвлөгөөг тодорхойлно. Үүнээс гадна улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах,  хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр тусгана.

Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Шанхай хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тавдугаар сарын 23-ны өдөр Санкт-Петербург хотноо Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ хөтөлбөр байгуулах санал тавьж, Оросын тал нааштай хүлээн авсан юм.

Монгол Улс, ОХУ хооронд 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж, 2009 онд Стратегийн түншлэл тогтоосон билээ.

 Австри улстай эрүүл мэндийн хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Гэвч Санхүүгийн хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ сард дуусгавар болж байгаа тул дээрх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгоход хугацаа шахагдаж, бэрхшээл үүсчээ. Иймд нийт 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ажлыг түргэтгэхийн тулд Засгийн газар болон төслийн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах талаар чиглэл авахаар Эрүүл мэндийн яам Засгийн газрын хуралдаанд асуудал оруулжээ.

Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь” зэрэг таван төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Австри улсын “Вамед инженеринг” компанийг сонгон ажиллуулж, Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.

2010, 2013 онуудад хуралдсан Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протокол, протоколыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх төслүүдийг Австрийн “Вамед инжинеринг” компаниар гүйцэтгүүлэх саналыг судлахыг ЭМЯ-нд даалгасан байдаг. Түүнчлэн БНАУ-ын Юникредит банкнаас тус улсын “Вамед инжинеринг” компанид экспортын зээл олгохоор шийдвэрлэсэн албан мэдэгдэл ирүүлээд байгаа юм.

Товчхон:

– 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана.

– Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа болон урт хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж бодлогын газрын дарга Д.Болдбаатар нарыг чөлөөлж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баасанжав нарыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо. Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг нь Засгийн газар томилж, чөлөөлдөг юм.

– Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнгийн тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуралдааны дүнг сайшааж, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангахаар холбогдох яам, байгууллагуудад үүрэг өгч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголын хэсгийн дарга Н.Батбаярт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг даалгалаа.

– Дуудлага худалдаагаар худалдах төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Худалдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг харгалзан холбогдох хууль тогтоомж, журмын дагуу төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт даалгалаа.

– 2014 оныг Гаалийн ерөнхий газрынхан “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж байсан тул сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ. Ийм зохион байгуулалтын үр дүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байхад гаалийн орлого 70.8 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өсчээ. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дараалал цөөрсөн, мэдээлэл ил тод болсон, гаальчид хариуцлагатай болсон гэж ГЕГ-ынхан дүгнэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *