Categories
мэдээ нийгэм

Ховдынхон Буянт голынхоо хөвөөнд хуртай сайхан нааджээ

Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 06, 07-нд болжээ. Ирэх 25-27-ны өдрүүдэд Галданбошигт хааны мэндэлсний 370 жил, баруун бүсийн даншиг наадам болох тул өнөө жилийн наадмаа төсөв багатай, цомхон зохион байгуулсан гэнэ. Аймгийн төв цэнгэлдэхийн их засварын ажил дуусаагүй байсан тул их бага Буянт голын дундах талбайд наадмаа хийжээ.
Энэ жилийн наадмаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, Мянгад сумын харьяат, Улсын харцага Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Бальдиржамцын Тайван түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Зэрэг сумын харьяат, аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан байна. 

Шинэ төрсөн начин цолтонгууд аймгийн удирдлагуудын хамт

Шинэ төрсөн харцага цолтонгууд

Шинэ төрсөн аймгийн заан Б.Бат-Өлзий

Энэ жилийн түрүү бөх, аймгийн арслан Б.Тайван

Мөн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ганбаатарын Энхбилэг, Булган сумын харьяат, сумын заан н.Анхжаргал нар аймгийн харцага цол авсан аж.
Аймгийн начин цолыг Алтай сумын харьяат, сумын заан Г.Хишигбат, Эрдэнэбүрэн сумын харьяат, сумын заан Ц.Заяатүшиг, Үенч сумын харьяат, сумын заан н.Уртнасан, Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Х.Алтангэрэл нар тус тус хүртжээ.
Морины уралдаанд их насанд Манхан сумын уяач н.Отгонбаатарын хүрэн түрүүлж, Буянт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач н.Жамсрангийн бор аман хүзүүджээ.  Соёолонгийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Ж.Түвшин-Амарын саарал соёолон өнгөлж, Мөст сумын уяач Д.Энхболдын сарт аман хүзүүнд давхисан байна.  


Харин шүдлэн насны түрүүнд В Л.Эрдэнэбаатарын бор, аман хүзүүнд Дөргөн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хүрэн халзан, 3-т Буянт сумын уяач Д.Мягмарцоожийн цавьдар, 4-т Дөргөн сумын уяач Т.Жаргалсайханы хул, айргийн 5-д Манхан сумын уяач н.Өсөхбаярын цолмон цоохор тус тус давхижээ. 


Дааганы уралдаанд Жаргалант сумын уяач Н.Батцагааны монгол хээр даага түрүүлж түрүү магнайгаа цоллуулсан бол аман хүзүүнд Дуут сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Цэрэнготовын уясан М.Батнасангийн хүрэн, 3-т Жаргалант сумын уяач Жаргалант луу ХХК-ийн захирал Б.Ганзоригийн од хээр, 4-т Мянгад сумын аймгийн алдарт уяач Ч.Алтанхишигийн хээр, 5-д Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн цавьдар даага орж наадамчин түмнийг баясгасан гэнэ. 

Мөн наадмаар жороо морины уралдаан болж, аймгийн алдарт уяач Д.Бээжингийн уясан Д.Далхжавын булган хээр өнгөлжээ. Булган хээрийн араас Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Гантулгын даншиг хул орсон бол айргийн 5-д жороогоороо алдартай Булган нутгийн уяач Б.Энхбат, Б.Баасанжав, Б.Ууганбаяр нарын жороо морьд уралдсан гэнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *