Гурвын давааны үргэлжлэлд аймгийн арслан Дарханбат улсын харцага Мөнгөнцоожоор, аймгийн арслан Мөнгөн улсын гарьд Баянмөнхийн Гантогтохоор тус тус гурав давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын заан Сайнбаяр Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Дагва-Очироор гурав даван тун хурдтай туг тойрч харагдлаа. Аймгийн арслан Тайван улсын өсөх идэр начин Лхагвасүрэнгээр, улсын харцага Найдангийн Түвшинбаяр хөөж элдсээр аймгийн арслан Отгонбаатараар гурав даван туг тойрлоо. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Лха-Очир гурав давсан бол цэргийн арслан Амартүвшин Амартүвшин харцагаар, улсын начин Ганхүү аймгийн арслан Батмөнхөөр, Энхбат начин улсын өсөх идэр начин Жамъянпүрэвийг амлан барилдаж давсан юм. Улсын начин Шүхэртийн Уламбаяр улсын начин Завханы Баянтэсийн Нямсүрэнг амласан юм. Аймгийн хурц арслан Батчулуун улсын өсөх идэр начин Отгонбаяраар гурав давлаа. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Болдбаатарыг ноднин жил харцага цолны босго давсан Оюунболд амлан шахааны барьцнаас мушгин давлаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Чимэддорж улсын арслан Н.Бүрэнбаатараар, аймгийн арслан Батжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын өсөх идэр начин Цогтжаргалаар гурав давж начны даваанд ойртлоо. Итгэлт Орших группын бөх улсын харцага Ө.Даваабаатар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Оргилыг амлан барилдаж давсан юм. Улсын харцага Арслангийн Бямбажав аймгийн арслан Ганжадыг мөн амлажээ. Харцага Ганжадын араар нь тэвэрч шидсэн нь тохой нь түрүүлж газардаж харагдлаа. Гэсэн ч хөлийн цэц засуулын шийдвэрээр залуу харцага даваа авсан юм. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй шахааны барьцнаас шахаж мордон аймгийн арслан Отгонбаатараар гурав давлаа.
Аймгийн арслангууд гурвын даваанаас эхлэн өөрсдийн багш болон улсын цолтой бөхчүүдийн аманд гарч гар амар гурав давж байгаа юм. Гарьд магнай кинон дээр “Далайцэрээн чи олон хүмүүсийг харж байна уу. Энэ бүх хүмүүс наадам үзэх гэж ирсэн” гэдэг билээ. Угтаа наадамд худлаа барилдаж болохгүй гэдгийг сануулсан үг байсан билээ. Хорьж ч болдоггүй яаж ч болдоггүй начин цолоо гэж.