Үндэсний Их баяр наадам Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн шагайн харваан Шагайн асарт үргэлжилж байна. Шагайх харваанд Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 21, Гарамгай мэргэн 51, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн 8, Аймгийн гоц мэргэн 55 цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд нийт харваачдийн 236 нь цолтой харваач байна. Хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэнг, залуу харваач нь Хэнтий аймгийн харваач 9 настай Цогт-Өлзий нар байгаа аж.
Энэ жилийн шагайн харваанд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан, Архангай, Баянхонгор зэрэг аймгууд болон Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 50 багийн 490 гаруй харваач хуран цуглаж, цэц мэргээ сорьж байна. Мөн АНУ, Бельги, БНСУ-д амьдарч, шагай харвадаг монголчууд оролцож байгаа ажээ.
490 харваачийн 50 баг арван хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг гарна. Хэсгийн харваанаас шалгарсан 30 баг дахин зургаан хэсэгт хуваагдаж, 18 баг тунаж үлдэх юм. 18 баг дахин гурван хэсэгт хуваагдаж, хэсэг бүрээс хоёр баг нийт зургаан баг шигшээ харваанд өрсөлдөнө. Өнөөдөр эхний 30 баг тодрох бөгөөд маргааш шигшээ харваанд өрсөлдөх зургаан баг, медальтнууд тодрох юм байна.