Улаанбаатар хотноо зохиогдож буй жүдо бөхийн Чингис Хаан гран при тэмцээн тун сонирхолтой өрнөж байна. Өчигдөр тэмцээн нээлтээ хийж 60, 66, 48, 52, 57 кг жингийн медалтнууд тодорсон юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 27 орны баг тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Жүдо бөхийн томоохон сорилго тэмцээнүүдийн нэгт тооцогдох Чингис Хаан гран прид эхний өдрийн байдлаар хоёр алтан медалтай Монгол Улсын баг тамирчид тэргүүлж байна.
Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдинй 48 кг-ийн жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө илт давуу ялж эх орондоо анхны алтан медалийг авч ирлээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-иин жинд ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медалийн эзэн болоод байна. Ингэснээр манай улс тэмцээний эхний өдөр 2 алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүн байрь бичигдлээ.