Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.
“Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр”-ийг баталлаа. 2006-2008 онд “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр” хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник тоног төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай Улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.
Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенциболон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.
Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.
“Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”, “Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө”, “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. “Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс”-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжинэ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Н Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.
“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.
Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
One reply on “Оюутны 70 мянгыг авах эсэх нь голч дүнгээс шалтгаална”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru