Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирсэнгүй

2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна.

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Миний бие хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах, олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох, “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг хэлэлцэж батлах, төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгож 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулж, төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бондын эх үүсвэрүүдтэй уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгосон. Хаврын чуулганаар 106 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10  бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 4 хүчингүй болгох тухай, 4  гэрээ соёрхон батлах тухай хууль, 27  Улсын Их Хурлын тогтоол байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоолуудыг баталлаа. Түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг 2 хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудыг баталлаа.

Хаврын чуулганы хугацаанд “Хяналтын тухай”, “Газрын тосны тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон “Чиглэл өгөх тухай” зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслүүд эргэж буцаж цаг хугацаа ихээхэн алдлаа. Энэ нь Засгийн газраас өргөн баригдсан зарим хууль, тогтоол дутуу дулимаг боловсрогдсон төдийгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай холбоотой байна. Нөгөө талаар хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг 3 удаа 15 хоног, МАН-ын бүлэг 9 удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн бүлэг 4 удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан нь зарим хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэдгийг тэмдэглэж байна.

УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцийг энэ оны эцэст 8 хувьд байлгаж, улмаар 2015-2016 онд 7 хувьд хүргэн дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ оны 5 дугаар сарын байдлаар инфляци 13.7 хувьтайгаас харахад энэ зорилт биелэх боломж бага байна. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.

Урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буюу 728.2 сая ам.доллараар буурч, 580.5 сая ам.долларын алдагдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон байна. Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, нийлүүлэлтийг хязгаарлах шаардлага тулгарч байна.

Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж үүнийг ойлгож, богино хугацаанд тулгамдаж байгаа эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллана гэдэгт итгэж байна. Гэхдээ бага, дунд орлоготой иргэдийн ажлын байр, бодит орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэл болон үндэсний компаниудын тогтвортой хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг анхаарч ажиллах нь зүйтэй.

Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурхи Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн  тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна. Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-д оруулж батлуулах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ жагсаалтыг УИХ-д оруулж ирсэнгүй. 

Судлагаанаас үзэхэд Хөгжлийн банк ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулсан байгаа. Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь 1.0 тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.

Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд УИХ-ын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлахад анхаарах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино.

  Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *