Испанийн Каталон мужийн Барселон хотын метронд өнгөрсөн Бямба гариг буюу зургадугаар сарын 28-нд монгол залууг зодсон этгээдийг тус хотын Цагдаагийн газраас баривчилсан байна. Танхай этгээд ОХУ-ын иргэн байсан бөгөөд найз нь метронд танхайрсан бичлэгийг нь интернетэд байрлуулснаар цагдаа нар хялбархан баривчилж чадсан аж.
Хэргийн хохирогч 25 настай монгол залуу Барселон хотод амьдардаг бөгөөд Цагдаагийн газарт гомдол гаргаад байгаа гэнэ. Хохирогч залуу эмнэлэгт үзүүлэхэд нүүр, гарандаа гэмтэл авсан нь тогтоогджээ. Танхай этгээд болон түүний хоёр найз монгол залууг зодож байгаа бичлэгээ YouTube-д тавиж, Twitter-тээ манай орос найзын зодоон гэж жиргэсэн байна. Цагдаагийн газраас интернэтийн бичлэгийг олж хараад хаягийг нь тогтоож, шуурхай баривчилж чаджээ. Харин орос залуу 18 нас хүрээгүй тул насанд хүрээгүйчүүдийн асуудал эрхэлсэн прокурорт хэрэг нь шилжсэн байна.
Барселон хотын Прокурорын газраас энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзэж, хатуу чангаар шийтгэхээ мэдэгдээд байгаа аж.